Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өгөх гэдэг дээд сайхан

Ямар ч тохиолдолд, нөхцөл байдлын боломжгүйгээс ч бодитыг бий болгох, чадах, зүтгэн эрмэлзэх чадвартангууд байдаг. Бүх зүйл өөрийн нь эсрэг дэлхэн нүүрлэж байвч, арга сүвэгчлэх, сөрөх ивээс эрэлхийлэх дайчин шаргуу зан чанар ийм хүмүүст заяагдмал өгөгдсөн байдаг. Гутрах хийгээд бууж өгөх нь огт үгүй. Ийм хүмүүс эрч хүчтэйн дээр тодорхой эр зоригтоо тулгуурладаг. Ийм чанар эрчүүдээс илүү эмэгтэй хүнд цулаар өгөгдсөн байх шиг анзаарагддаг. Лувсандашийн Нинжжамц ийм чанар төлөвийн хүнээр ойлгогддог. Нинжээ бол онцгой дайчин шаргуу чанартай. Эршүүд гүжирмэг. “Хийхээс өөр яах билээ. Зүтгэхээс өөр яах билээ” гэсэн бядлаг дуу хоолойгоор нэг дуугарсан бол зорьсон ажил, хийх гэсэн тэмүүллээсээ буцдаггүй онцгой чанартай. Ийн зүтгэн шулуудах замд нь юу ч тохиолдсон бай давж гарах зориг тэвчээр зэрэгцдэг. Нинжээгийн давшилтат он цагийн эхэнд, түүний чөлөөт хэвлэлийн зах зээл дээр ажиллаж асан цаг хугацаа нэрлэгдэнэ. Хэвлэн эрхэлж байсан сонинууд нь тодорхой эрэллэг, эрэн сурвалжлахуйн дайчин индрүүд байсныг чөлөөт хэвлэлийнхэн, ер нь хэвлэл мэдээллийнхэн мэдээж сайн мэднэ. Ерөөс Нинжжамц бол эрэн сурвалжлах, мөшгөн эрж, далдыг олж, бурууг шүүмжлэх мөн чанартай эмэгтэй шиг бодогддог. Шударга зарчимч. Бурууд харин ч баахан гаажтай цохилт өгөх нь бах шид дүүрэн байх шиг үзэгддэг. Эргэж хургасан, гэдэргээ салсхийх нь түүнд огтоос зохихгүйн дээр угаас оюун бодолд нь байдаггүй юм шиг билээ. Энэ бол зөвийн залуур дээр гарч л чадвал үнэн бүтээгчийн шинж чанар гэж ойлгодог. Хулчийх, аюухыг тэвчдэггүй шиг анзаарагддаг. Өсөх наснаас тэмцэл, шалгарал гэж юу болохыг хувь тавилан түүнд балчираас нь ойлгуулсан шиг санагддаг. Нэг үгээр хэлбэл, тэр машид хатаагдсан, хатамжлагдсан эмэгтэй гэвэл хилс үл болох биз. Нэгэн үе Нинжээ бид хоёр нэг нь Засгийн газрын, нөгөөх нь Парламентын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг толгойлж байв. С.Баярын Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, хатагтай Нинжээ тухайн үед Оюу толгойн гэрээг батлах улс төрийн их үйл явц дунд харьяалагдсан субьектийнхээ эрх ашгийг тун даваадуулан л шахуу түрж, сурталчилж байсан. Бас батлуулсан. Д.Дэмбэрэлийн парламент ч өөрийн хэм хэмжээ, эрх ашгийг Засагт ногдуулан урагшлуулах нь зүйн хэрэг байсныг хэвлэл мэдээллээр дамжуулан биелүүлж байлаа. Ийн Нинжээ бид, хэвлэл сонин, төр засгийн ажилд дөрөө хоймсолон зүтгэж байсан он жилүүдийг эргэн тольдоход сайхан. Сүүлийн он жилүүдэд бид Үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллацгаав. Л.Нинжжамц энэ байгууллагыг хэний ч өмнө нүүр бардам удирдсан байх аа. Он цаг өөрөө илэрхийлчих юм даа. Юу бүтээж хийж явсныг хүмүүс ч эргэн илүү гүнээр ойлгож мэдэрдэг бололтой, цагийн саалтаар. Төрөлжсөн сувгууд бий болгосон, хөрөнгө оруулалт татсан, хураамжийг эмхэлж үр ашигтай болгосон, өр ширийг дарсан, олон улсын контентууд нэвтрүүлсэн, технологийн шинэчлэлийг хийж HD болгосон, за ер юу эсийг хийсэн гэхэв. Олон ажил хийсэн. Үүнийг хийх ёстой л гэж тэр зүтгэсэн. Цаашид ч хийх зүйлүүд байсан. Үнэндээ МҮОНРТ телевиз энэ эмэгтэйн өнгөн дээр нүүр засаж, биеэ өнгөлж, шинэ “амьдралд” орсныг олон түмэн мэдэж байгаа байлгүй дээ. Өдөр болгон үр ашигтай зүйл хийж байсан даа. Цахимын нүүр хуудас гэж сайхан санамж байх юм. Л.Нинжжамцын 2017-2021 оны хүртэлх он жилүүдийг тэнд өдөр өдрөөр дурайтал илэрхийлсэн харагдах. Бахтай. Хийж бүтээж, сайн өв үлдээнэ гэдэг бол удирдагч менежерийн түгээмэл үүрэг, сайн нэр төр. Л.Нинжжамц МҮОНРТ-д Ерөнхий захирлаар ажилласан он жилүүдийн үйл ажиллагааны өв энэ байгууллагын цаашдын хөгжил, ажилчдад ихээхэн хэрэгтэй гэж санана. МҮОНРТ-ийн 50 жилийн ойг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр тэр ёслол төгөлдөр удирдан тэмдэглэсэн. Монголын радиогийн 85 жилийн ойг үлэмж утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэний гэрч нь MNB-гийнхэн өөрсдөө. Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны удирдлагууд, арван хэдэн орны телевиз радиогийн ерөнхий захирлууд ирээд, ямархан цараатайгаар үндэсний радиа телевизийнхээ ойг тэмдэглэж, сурталчилж байв. Дөмөгхөн ажиллаж байсан юм шүү, Нинжээ. Хүртээмжтэй, эн далайцтай байхуйн илэрхийлэл энэ мөн.

Сайн үг нэхэж, шан харамж боддоггүй чанар Нинжээд байдаг. Зүгээр л, үйлдлээрээ, хийснээрээ өөрийгөө илэрхийлэх бодолтой. Тэндээсээ л урам таашаал авчих санаа сэтгэлийн тэнхээтэй. Удирдлагадаа байгаа хүмүүстээ асар өндөр шаардлагатай. Халгамаар харагддаг. Ажлын үр дүн нэхэж байгаа, удирдлагаар хангаж шахаж байгаа энэ тэрийг нь харахаар. Гэхдээ тийн мундраагаад л амжилт гаргадаг юм билээ л. Өөртөө хатуу ханддагийн хэрээр, хүмүүст мөн шаардлагыг тавьдаг. Бас итгэл олж, ажиллаж чадсаныг нь урамшуулан тэтгэхээ мартдаггүй нь ч анзаарагдсан даа.

Зэрэг зэрэг ажил амжуулж, гүйцэтгэлийн хурд, сэтгэх чадварыг энэ бүсгүй чинад эзэмшсэн юм билээ. Үзэгдэж харагдахгүй амжуулж, ажлын үр дүн яриад суух нь аяндаа хүндэтгэл төрүүлдэг. Сорилт болон тулгарч байгаа ажлыг хаанаас эхлэх, яаж эхлэх, хэнтэй уулзахаа үнэхээр сайн тооцоолдог. Сэтгүүлч хүний л чадвар.

Нийгмийн амьдралыг гүн гүнзгий ойлгодог. Цаг төрийн өнгийг бүрнээ уншина. Эрсдэлийн болон давагдашгүй аливаа бэрхийг урьдчилан харах, түүнд бэлтгэн давж гарах чадвар бүрэн эзэмшсэн. Аль нэг яам ч юмуу, тодорхой салбар хариуцуулаад зүтгүүлэхэд Нинжээ тун дориун аваад явчихна л гэж бодох итгэл үнэмшлийг тэр хамтран ажилласан Үндэсний зөвлөлийн гишүүддээ, удирдах дээд байгууллагадаа ойлгуулсан л хүн дээ. Өдгөө тэрбээр Парламентын сурталчилгаа, судалгааны шинэ албанд зүтгээд эхэлж. Г.Занданшатар дарга энэ олон шинж чанарыг нь мэддэг болоод итгэл хүлээлгэж. Нинжээ дөмөгхөн аваад явчих байх аа. Ажил хийж сурсан, туршлага хэтийдсэн, амьдрал болоод нийгмээ өвч ойлгосон, боловсрол мэдлэг ч ханасан ийм идэр хүүхнүүдийг оносон ажилд нь томилж, сайн ажиллуулах нь төр нийгмийн эрх ашиг мөнөөс мөн. Өгөөмөр сэтгэл, өрөвдөн хайрлах ухаан, байгаагаа илүүчлэх гэсэн нэг тийм монгол филисофи Нинжээд байдаг. Нийгмийн эмзэг хэсэгт, ядар доройд туслаад байдаг бас нэг сайхан чанараа тэр гээхгүй хүн шиг билээ. Өгөх гэдэг дээд сайхан. Өөрийгөө чимж яваа үйлдэл. Нинжээгийнхээ шинэ ажилд амжилт дэвшүүлье, Үндэсний телевизийн 54 жилийн ойн мэндийг хүргэе. Амжилт бүтээл, шинэ эрэл, шинэ санаа, бусад олон сайн чанараа нийгэм болоод бусдадаа илүү цараатай өгнө гэдэгт чинь огтхон ч эргэлзэхгүй байна. Нинжээг олон бичих биз, энэ удаа ингээд азная.

Сэтгүүлч Баастын ЗОЛБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *