Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өгий нуурын загасыг хэдэн солонгос дуусгаж байна

-ХӨДӨӨ ОРОН НУТАГ
ЭЗЭНГҮЙДЭЖ, ГАДААДЫН ИРГЭД ХУУЛЬ ЗӨРЧИН  ЮУ
ДУРТАЙГАА ХИЙДЭГ БОЛЖЭЭ-

Устаж үгүй болох дээрээ тулаад байсан Өгий нуурын загас сүүлийн хэдэн
жилийн дотор тоо толгой нь нэмэгдэх болсон гэнэ.  Өгийнуур сумын иргэд нуурынхаа загасыг тор тавиад
тонн тонноор нь бариад хятадуудад өгдөг байсныг Амьтны тухай хуулийн 10.1.7-д ахуйн
хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг хориглоно гэсэн заалт хэрэгжиж эхэлснээс
хойш таслан зогсоож чаджээ. Өгий нуурын загасыг аялагчид болон загасчлах сонирхолтой
цөөн хэдэн хүмүүс дэгээ шидэж барьж байгаа гэнэ. Гэтэл сүүлийн үед солонгосчууд
нууранд тор тавьж  Өгий нуурын загасыг үй
олноор нь барих болсон байна. Долоо хоног бүр ирээд тор тавьж нуурын загасыг хууль
зөрчин бариад явдаг байна. “Ланд круйзер-80”, “Лексус-470” маркийн автомашин хөлөглөсөн
зургаан солонгосын хууль зөрчсөн үйлдлийн талаар нутгийн иргэд мэддэг болжээ. Бүр
хууль зөрчин загас барьж байгаа солонгосчуудыг андахгүй таньдаг болсон байна. Энэ
талаар Өгий нуур сумын иргэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр
сонин дээр нэр гарвал сумын цагдаагаас эхлээд дарамтлах хүн олон байгаа хэмээн нэрээ
хэлэхээс татгалзсан юм.  

 

САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ТОР ТАВИХАД ӨГИЙ НУУР ШИРХЭГ Ч ЗАГАСГҮЙ БОЛНО
ГЭВ

-Өгий
нуурын загасыг хэдэн солонгос тороор бариад дуусаж байна гэж сонслоо. Танд сонсож
дуулсан зүйл байна уу?

-Манай сумын хүн болгон л Өгий нуурын загасыг хэдэн солонгосчууд
бариад дуусаж байгааг мэддэг. солонгосчууд долоо хоног болгон манай энд ирээд загас
бариад явдаг.  Үүнийг мэдэхгүй хүн байхгүй
шүү дээ. Манай Өгий нуурын загасыг хотын солонгос хоолны газар болгон авч хоол хийдэг
гэсэн. Гэхдээ бүр шинэ загас гээд өндөр үнэтэй хоол бодог гэсэн. Тэр үнэтэй хоолыг
нь хотынхон худалдаж аваад л иддэг гэж байсан. Солонгосчууд Өгий нууранд ирээд тор
тавиад олон загас бариад явдаг.

Уг нь тэдний хууль зөрчиж байгааг сумын байгаль
орчины байцаагч мэдэж байгаа. Тэр хүн Өгий нууранд аялахаар, загас барихаар хүн
болгоныг сайтар шалгаж явдаг хүн. Ирсэн хүн болгон муухай ааштай хүн байна гэж хэлээд
явдаг. Гэтэл манай сумын байгаль орчны байцаагч нөгөө хэдэн солонгосчуудад хөл алдаж
гүйгээд байдаг болчихсон. Тэднийг тор тавиад загас барьж байгааг огт анзаарахгүй
яваад өгдөг. Бүр нөгөө хэдэн Солонгосчуудын 
тарьсан хогыг өөрөө цэвэрлэж байгаа харагддаг.

-Солонгосчууд
загас бариад байхад сумын цагдаа огт мэдээгүй сууж байх юм уу?

-Сумын цагдаад хэд хэдэн хүн очиж хэлсэн гэж байна лээ. Бид шалгаж
байгаа гэж өөдөөс нь хэлдэг гэсэн.  Өгий нуурын
ус өдрөөс өдөрт багасч байгаа. Загас нь ч гэсэн цөөрсөн. Цөөн хэдэн загасыг солонгосчууд
бариад дуусаж байна. Хэрэв хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол Өгий нуур ширхэг
ч загасгүй болох аюул нүүрлээд байна. Хэрэв хууль хэрэгжихгүй байсан юм бол нутгын
иргэд тэр загасыг нь солонгос хоолны газруудад зарж мөнгө олмоор байна. Солонгосчууд
манай Өгий нуурыг өөрсдийнхөө загасыг барьж байгаа юм шиг л эрх дураараа аашилж
байна. Сар хүрэхгүй хугацаанд тор тавихад Өгий нуур ширхэг ч загасгүй болно гэв.

Өгий нууранд солонгосчууд загас бариад байгаа хууль бус ангийн талаар
Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчины гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгч нараас
тодруулахад “Хөдөө орон нутагт гарч байгаа хууль бус ангийн гэмт хэргийг нутгийн
иргэд цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгөх ёстой. Сумын анхан шатны газрууд
шалгах ёстой. Байгаль орчны байцаагч, сумын хэсгийн төлөөлөгчид. Тэгээд шат шатаараа
дээшээ явсаар манайд ирдэг юм” гэв. Хууль хяналтынхан энэ мэт  ямар ч мэдээлэлгүй сууж байна.

 

ЭЗЭНГҮЙДСЭН ХӨДӨӨ НУТАГТ ГАДНЫ ОРНЫ ИРГЭД ЭРХ ДУРААРАА ААШИЛЖ БАЙНА

Сүүлийн үед гадаадын иргэд манай улсад аялал жуулчлалын чиглэлээр
ирээд хууль бусаар ан хийх гэх мэтээр олон бусармаг үйлдэл гаргах болсон гэнэ. Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар Гадаадын иргэдэд хууль бус ан хийлгэх,
баавгай агнах, гөрөөс, буга, хулан, хавтгай, цоохор ирвэсийг өндөр үнээр агнуулдаг
. Мөн охид, бүсгүйчүүдэд зуучилж өгдөг компани, хувь хүмүүс бий болоод байгаа талаар
мэдээлэл иржээ. Үүний дагуу хэргийн араас шалгаж эхлээд байгаа аж. Гадаадын иргэд
манай оронд  аялахаар ирэхдээ хууль журмыг
уландаа гишгэж юу дуртайгаа хийдэг болсон. Хотоос гарангуутаа л хогоо замбараагүй
хаяж тэр ч бүү хэл ил гал түлээд түүнийгээ унтраалгүй явсан тохиолдол ч хэд хэдэн
удаа гарчээ. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагаас
үүдэн гадны орны иргэд манай улсад өөрийнхөө эх оронд байгаагаас илүүтэй  эрх чөлөөтэй байдаг болсон. Тэд усны эх бохирдуулж,
дуртай ан амьтнаа агнаж, байгалийн баялгийг хүртэл өөрсдийнхөө дураар судалж шинжилж
байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар сүүлийн үед урд хөршийн иргэд алтны
судалгаа хийгээд явдаг болсон талаар ч мэдээлэл ирэв. Өгий нуурнаас загас бариад
явдаг БНСУ-ын иргэд Улаанбаатарын Солонгос хоолны газруудад загас нийлүүлдэг шинэ
бизнесийг эхлүүлжээ. Тэд хуулийг уландаа гишгэж байгааг зогсоох хүн Монголд алга
байна. Анхан шатны байгууллага ажлаа хийхгүй байгаагийн гор энэ мэтээр илэрч байна.
Солонгосчууд энэ долоо хоногийн бямба гаригт загас ирж барина гэж хэлээд явсан гэнэ.

Э.БААТАР   

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *