Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн Өлгий суманд халдваргүйжүүлэлт хийж байна

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгээс Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-ны өдөр тохиолдсон үерийн гамшгийн хор уршгийг хэрхэн хурдан хугацаанд арилгах талаар зөвлөмж гарган тус аймгийн удирдлагуудад хүргүүлжээ. Зөвлөмжид:

  • Үерийн гамшигт өртсөн нутаг дэвсгэрийг халдваргүйжүүлэх ажлыг долоон хоногийн хугацаанд багтаан шуурхай зохион байгуулж дуусгах
  • Халдваргүйжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг байнга хянаж, удирдлага зохицуулалтаар хангах, өдөр бүр хийсэн ажлын тайланг тогтмол гаргуулж, тулгамдсан асуудлуудыг тухай бүр шийдэж ажиллах
  • Үерийн гамшгийн голомтоос нүүн шилжиж шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар шуурхай хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Өлгий сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтныг нэрвэгдэгсдийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхээр байнга ард иргэдийн дэргэд ажиллуулах
  • Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шуурхай, бодит байдлаар түгээн олгох, гарын үсэг зуруулж баталгаажуулах, фотожуулах, баримтжуулах
  • Өлгий сумын үерийн эрсдэлийн зэрэглэл өндөр тул цаашдаа орон нутгийн хөгжлийн бодлогын хөтөлбөрт үерийн далан суваг барих, зураг төсөв бүтээн байгуулах зардлын тооцоог тусгаж, үерийн далан барих ард иргэдийг аюулгүй бүсэд амьдрах боломжийг бүрдүүлэх
  • Ард иргэдийн сэтгэл хямралыг засах, тайвшруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ, тогтворжуулах талаар төрийн болон мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын зүгээс хийж байгаа ажлын талаар ард иргэдэд тогтмол мэдээлэл өгөх
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үнэн бодит мэдээллийг ард иргэдэд түгээж сургах
  • Ард иргэдийн байшин, хашаа барьсан материал /блок/-ын стандартыг шинэчлэн тогтоож, цаашид энэхүү барилгын материалын хэврэг, эмзэг байдлыг бууруулах, чанарыг сайжруулах
  • Ард иргэдийн аюулгүй амьдрах мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах
  • Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, шуурхай хариу арга хэмжээний үр дүнгийн талаар өдөр бүр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгдэж байх гэсэн чиглэл өгчээ.
  • Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цувааг хоёр хоногийн өмнө илгээгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *