Categories
мэдээ нийгэм

Үерт автсан 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлээд байна

Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд зэрэг нийт 36 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн үер буух үеэр хоёр хүн урссан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг автомашин, нэг завьтайгаар 150 км зам туулан очиж, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нарын цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *