Categories
мэдээ нийгэм

​Үерийн улмаас зарим нутагт гамшиг нүүрлээд байна


Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлан үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, усархаг, аадар борооны улмаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гамшиг нүүрлээд байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр нийслэл хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна. Алба хаагчид 29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллав.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна. Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт тус бүр нэг нэг хүн нас барсан харамсалтай хэрэг болжээ. Нэг хүн нь жалганд хэвтэж байгаад амиа алдсан бол нөгөө нь зорчиж яваад эндсэн байна. Сүхбаатар аймагт өчигдөр мөн үер бууснаас зам их хэмжээгээр эвдэрсэн аж. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон сэрэмжлүүлж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15, 16-нд дараалан аадар бороо орсноос 270 гаруй айл өрх орон гэргүй болсон. Энэ тоо нэмэгдсээр байгаа. Иргэдийг сургууль, цэцэрлэгийн байранд түр байрлуулж, хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 80 гаруй өрхийн 170 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 2016 онд Өлгий суманд үер бууж байхад хохирлын хэмжээ 2.2 тэрбум болсон. Харин энэ удаагийн үерийн хохирол 4-5 дахин өсч, 10 тэрбумаар яригдаж байна гэж албаныхан мэдээллээ. Мөн газар зүйн хувьд хотгор газар байрладаг нь үерт автах эрсдэлийг бий болгодог аж. Одоогоор сэргээн босгох болон эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчин болон онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон 600 гаруй хүн 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм. Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж, ажлаа эхлүүлжээ.

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 17-нд хүчтэй адар бороо орсноос 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж усанд автсан. Шавартайн гүүр усанд автсан. Гүүрийн тулгуур нурсан. Сэргээн босгох ажлыг хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, Төв аймгийн Онцгой комисс, Төв АЗЗА компани Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн босгох, лагийг цэвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр усархаг бороо орсноос эрчим хүч доголдож, иргэд аж ахуйн нэгжид ч хохирол учруулжээ. 22 км төмөр зам үерийн усанд автжээ. Дөрвөн хэсэг газрын авто зам их хэмжээний шороогоор дүүрсэн. Замыг засварлах ажлыг эхлүүлээд байна гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *