Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Туул, Алтай нурууны Сагсай, Булган мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна. Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой , Хэнтэй нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-25 см давсан байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Яруу, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Таац, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Онон, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав.