Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр 30450 гаруй иргэн саналаа өгөх гэж гол мөрөн гатална гэсэн тооцоо гаргасан байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газарт аж төрж буй эдгээр иргэд голын ус гаталж, сонгуульд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцгаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүлжээ.
Аймгуудын Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангахаар 18 завь, долоон бярваз, нэг сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллаж эхэлжээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, маргааш үргэлжлэн их хэмжээтэй орох, зарим үед ширүүн аадар орох төлөвтэй байгаа юм. Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдсэнийг ч санууллаа.
О.АРИУНЦЭЦЭГ