Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 222 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээрээс зам тээврийн ослын 154 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоо бүртгэгдэж, найман хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг Сансар-32 худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар, сери тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Г-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хорооллын замд T.Corolla автомашины жолооч М нь явган зорчигч дөрвөн настай, Э-г мөргөж гэмтээсэн бол Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу, Сансарын замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Ц нь явган зорчигч долоон настай, Б-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
О.ӨНӨР