Ашигт малтмалын газар /АМГ/-т өнгөрсөн сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Цахим олголтод аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн талаар АМГ-аас мэдээлэл хийлээ.
АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа “Энэ хугацаанд 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх эрх авсан байна. Өнөөдрийн байдлаар 90 өргөдлийн дугаар олгосноос 71 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. 13 цахим дугаар авсан байгууллага цагтаа өргөдлөө өгөөгүй, зургаан аж ахуй нэгж нэгж солбилцлоо буруу оруулсан тул өргөдлийг хүлээн авч бүртгээгүй. Ингээд 47 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул аймгийн Засаг даргын санал авахаар шилжүүлээд байна. Мөн Аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн удаа дараагийн санал хүсэлтийг үндэслэн, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн өнжөөд 30 дугаар олгодог байсныг 120 болгохоор зохицуулсан. Ингэсээр долоо хоног бүрийн даваа гаригт 120 дугаар олгож, ажлын бусад дөрөв хоногт өргөдөл хүлээн авч, хянан үздэг болох юм. Өөрчлөлттэй уялдан өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт орохгүй. Хоёр долоо хоногт системд нэвтрэх эрх 500 мянган төгрөг, хоёр сар бол хоёр сая төгрөг хэвээр байна” гэж мэдээллээ.
Мөн аймаг, сум, планшетийн кодыг сонгож оруулахад хүндрэлтэй байна, цаг алдаж байна гэсэн хүсэлтийг харгалзан кодыг шууд шивж оруулдаг болгосон байна. Цахимаар өргөдлийн дугаар олгох системийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс ситем хөгжүүлэх шатнаас эхлэн Кибер аюулгүй байдлын газраар хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг мөн тус газрын удирдлагууд онцоллоо.