Categories
мэдээ нийгэм цаг-үе

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Түлэгдлийн эмнэлэг 10 жилийн дараа үйл ажиллагаагаа эхлүүллээ DNN.mn

Түлэгдлийн төвийн хуучин барилгыг акталж шинэ эмнэлэг барих ажлыг эхлүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрсний эцэст хаалгаа нээлээ.

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг арваннэгдүгээр хороололд байрлах шинэ байрандаа нүүн орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхлээд дөрөв хонож байгаа билээ. Бид Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлгийн үйл ажиллагааг сурвалжиллаа.

Биднийг очих үед шинэ эмнэлэг ашиглалтад ороод удаагүй байгаа учраас хөл хөдөлгөөн бага байв. Коридориудад эмч нарын өрөөний тохижилтоос үлдсэн ширээ, сандал зэргийг угсарч буй хүмүүс харагдана.

ГССҮТ-ийн Түлэгдэлтийн эмнэлэг хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн “Түлэгдлийн төв нь бүх төрлийн багаж төхөөрөмж, хүчилтөрөгчийн бие даасан үйлдвэртэйгээр ажиллаж эхлээд байна. Насанд хүрэгчдийн 30, хүүхдийн 30, эрчимт эмчилгээний 10 ортой. Түлэгдэлт, хөлдөлт, осголтод яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэхээр 10 жилийн дараа шинэ байрандаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна.

Жилд дундаж тоогоор 2900-3000 орчим хүн түлэгдэж, гэмтэж ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжаар үйлчлүүлсний 60-70 хувь нь хэвтэн эмчлүүлдэг. Энд бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болсон. Хэвтүүлэн эмчлэх 70 ортой, мэс заслын хоёр блоктой, хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ, хагалгааны дараах бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн. ГССҮТ-ийн харьяа тасаг болон ажиллаж байх үед үйл ажиллагаа доголдож байгаагүй ч зарим тохиолдолд түлэгдлийн дараах сэргээн засах эмчилгээ бага зэрэг хоцрогдож байсан талтай. Одоогоор 70 орондоо тохирсон хүний нөөц бүрэн хангалттай ажиллаж байна. Манай түлэнхийн төв харьяалал харгалзахгүй Монгол Улсын хэмжээнд үйлчилдэг, 24 цагийн үйл ажиллагаатай, яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ иргэдэд 24 цагаар хүрч байна. Барилгын хувьд гурван блок төлөвлөгдсөн байсан ч одоогийн байдлаар хоёр блоктой үлдсэн. Тодруулбал, С блокт морг болон авто гаражийн барилга төлөвлөгдсөн байсан боловч өнөөдөр хоёр блоктой, нэг нь үйл ажиллагаагаа эхлүүлэн явж байна. Хоёр дахь блок 2023 ондоо багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч авто зогсоол буюу гараж байхгүй, гадна талд гараж баригдаж эхэлсэн. С блокийн барилга бүтнээрээ байхгүй болсон” гэв.

Нийт түлэгдлийн тохиолдлын 70-80 хувийг 1-4 насны хүүхэд эзэлдэг байна. Бага насны хүүхэд түлэгдэх олон шалтгаан бий. Нэгдүгээрт, бага насны хүүхэд өөрөө өөрийгөө аюул ослоос сэргийлж, хамгаалах чадваргүй байхад нь эцэг эхчүүд хараа хяналтгүй орхисноор түлэгдэх гол шалтгаан болдог байна. Мөн гэр хороололд уламжлалт гал зуух хэрэглэдэг, халуун ус, тогоогоо газар тавьж хэрэглэдэг гэх мэт ахуйн буруу зохион байгуулалтаас болж хүүхдүүд усанд унаж, гар хуруугаа дүрж, плитканд гараа наах зэрэг олон төрлөөр түлэгдэж гэмтдэг аж. Ихэнхдээ гэр орондоо, эцэг эхтэйгээ хамт байхдаа ахуйн хүрээнд түлэгддэг бол их хэмжээний аваар осол, үйлдвэрийн түлэгдэлт бага хувийг эзэлдэг байна.

Биднийг очих үеэр Түлэгдлийн төв эмнэлэгт 30 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байв. Бид хоёр давхар дахь хүүхдийн эмчилгээний тасагт явж ороход хүүхдийнхээ шархыг боолгож буй эцэг эхүүд харагдана. Тэдгээрийн нэг бага насны хүүхдээ сахиж буй аав Т.Ган-Эрдэнэ “Би хоёр дахь хүүхдээ түлэгдлийн эрсдэлд оруулж долоон жилийн дараа Түлэгдлийн эмнэлэгт хандаад байна. Одоо хүүхдээ боолтод оруулах гээд сууж байна. Шинэ эмнэлгийн байр, өрөө саруулхан, багтаамж, орчин сайтай, цэвэрхэн байгаа нь бидэнд сайхан л байна. Хуучин бол ор дэрний хэрэглэл, хөнжил авчрах хэрэгтэй гэдэг байсан бол одоо тэр үе шиг байхаа больсон байна. Өмнөх ГССҮТ-ийн түлэнхийн тасагтай харьцуулахад эрс, 100 хувь ондоо. Байр нь жижиг, орчин нөхцөл тааруу, үйлчлүүлж буй иргэд олонтой хэцүү байсан. Хэвтэн эмчлүүлэх оргүйгээс болоод эмнэлгийн коридорт хүүхдүүдтэйгээ асран хамгаалагч нь хэвтдэг байсан шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө нэг дороо байдаг байсан бол энд нүүж ирээд зай талбай том, орчин нөхцөл сайтай байна” хэмээв.

Үүний дараа гурван давхарт гарч, тэнд хэвтэн эмчлүүлж буй иргэн С.Гантөмөртэй цөөн хором ярилцлаа. “Би өнгөрсөн пүрэв гаригт энд ирсэн. Үйлчилгээ сайтай, эмч ажилчид үнэхээр түргэн шуурхай үйлчилж байна. ГССҮТ-д очиж үйлчлүүлж үзээгүй ч хүнд орчин нөхцөлтэй, үйлчлүүлэгчид багтдаггүй хэцүү байдаг тухай олон сонсож байсан. Энд орчин нөхцөл сайн, орны хувьд ч хүрэлцээтэй байна” гэв.

ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг ийн ярьж байв. “Түлэгдлийн төв эмнэлгийн шинэ байрандаа ороод миний хувьд маш их баяртай байгаа. Учир нь би 2008 оны аравдугаар сард Түлэнхийн төв дээр ирж Түлэнхийн тасгийн эмч болсон юм. Тэр үед хуучин барилга ашиглалтад тохирохгүй, болохгүй гэж биднийг шинэ байртай болгоно гээд нүүлгэсэн. Түүнээс хойш арав гаруй жил болчихоод байгаа шүү дээ. Хуучин Түлэнхийн төв дээр ажиллаж байсан хүний хувьд ашиглалтад орсонд талархаж байна. Учир нь бид арван хэдэн жил энд тэнд байлаа шүү дээ. Тэр үед хэцүү байсан ч эмч болъё гэж зориод ирсэн учраас тухайн нөхцөл байдалдаа тааруулаад ажиллаж байсан. Хамгийн гол нь манай тасаг их эвсэг, найрсаг хамт олон учраас зүдэргээтэй хэцүү зүйл байгаагүй. Байшин барилгын л асуудал хэтэрхий их удсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хэзээ нүүж орох юм бол доо л гэж боддог байлаа. Эмч бид нар баялгийг хоёрдогчоор бүтээдэг хүмүүс учраас эмнэлгийн барилга гээд хөөцөлдөөд явах ямар ч боломжгүй.

Үйлчлүүлэгчид багтаж шингэхээр болж байгаа учраас санаа амар байгаа юм. Бид түлэнхийн яаралтай тусламж, яалт ч үгүй хэвтэх хүмүүсийг авч байсан болохоос биш 2-3 хоног хэвтүүлж эмчлүүлж гарахаар хүмүүсээ авч чадахгүй байлаа. Мөн түлэнхийн дараах сорвижилттой хүүхдүүдийг сүүлийн хоёр, гурван жил авч чадсангүй. Одоо бол хангалттай, сэтгэл амар үйлчилгээгээ бүрэн явуулах боломжтой болсон. Одоогийн байдлаар эмнэлэгт үйлчлүүлж буй 30 хүн байна.

Ер нь эхний долоо хоногт эрсдэл гарах магадлалтай. Эхний ээлжинд бид байрандаа 10 хоног тогтворжиж, үйл ажиллагаа хэвийн болсны дараагаар хүмүүсээ авч эхлэх юм. Юм савныхаа хэмжээгээр гэгчээр ямар ч сав байна дүүрч байдаг, түүнээс өмнө бид бүх үйл ажиллагаагаа цэгцрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт өвчтөнүүдээ энд нүүлгэж ирсэн. Хагалгааныхаа өрөөнүүдэд цэвэрлэгээ, үйлчилгээг хийсэн. Хагалгаа орох боломжтой шинжилгээ гарсан учраас өнөөдрөөс хагалгаа хийж эхэлсэн. Сэхээний хоёр, тасгийн хоёр өвчтөн нийлээд дөрвөн хагалгааг хийлээ. Ямар ч байсан долоон хоног энэ чигээрээ ажиллаад, жигдрээд эхлэхээр дараа дараагийн үйл ажиллагаагаа хийнэ. Ер нь хагалгааны багаж, төхөөрөмж, ор дэвсгэр гээд бүхий л зүйлс цоо шинээр ирсэн. Хуучин зүйл юу ч байхгүй. Нэг асуудал гэвэл Б блок маань ашиглалтад ороогүй байна, дараа жилээс ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Тэр болтол 70 хувьтайгаар он гартал хүмүүсийг чирэгдүүлэхгүй тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдэл ч үнэхээр сайн байгаа. Сайхан дулаахан, зайтай байна гэж ам сайтай байгаа. Өмнө нь нэг өрөөнд л зургаагаас дээш хүн байлгадаг байсан бол одоо тийм биш. Дөрвөөс хэтэрдэггүй, заримдаа хоёр хүнтэй ч өрөө байна. Савны маань хэмжээ томорчихсон учраас хаашаа л бол хаашаа хөрвөх боломжтой байгаа. Ажилчдын хувьд ч сэтгэл хангалуун сайхан байна. Бид түлэгдэлт, хөлдөлт, осголт эмчлэхээс гадна түлэгдэлтийн дараах үлдэц буюу сорвижилтын хагалгааг хийж чадахгүй байсан бол энд ирснээр хагалгаануудаа бүрэн хийх боломжтой болсон” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *