Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” оны шилдэг сониноор шалгарлаа

Монголын өдөр тутмын үндэсний төв хэвлэл “Өдрийн сонин” 2018 оны “Шилдэг сонин”-оор шалгарлаа. Өмнө нь манай сонин 2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015 оны шилдэг сонин, 2016 оны шилдэгийн шилдэг хэвлэл мэдээллийн багууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан юм. Сэтгүүл зүйн оны шилдгийг шалгаруулах “Ган үзэг 2018” наадам өчигдөр Crocus event hall-д боллоо. Наадмыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “2018 он сэтгүүл зүйн салбарт өгөөжтэй жил байлаа. 1000 сэтгүүлчийн байрны газрын асуудлыг Хотын захирагчийн зүгээс шийдэж өгсөн. Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон. Харилцан туршлага судлах олон боломж нэмэгдсэн сайхан жил байлаа. МСНЭ-ийн ХVII хурлаас сонгогдон гарсан залуу удирдлагууд маань хичээж, чармайн олон зүйл амжуулахын төлөө ажиллаж байна. Ирэх он бидний нэвтрүүлсэн ажлыг гүйцээсэн, ажил хэрэг болгосон амжилт бүтээлийн дээд болсон сайхан он болох болтугай. Өчигдөр хуралдсан МСНЭ-ийн удирдлагууд 2019 оныг “Сэтгүүл зүйн гадаад харилцаа”-ны жил болгож байгаа. Ирэх онд Media tour төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд сэтгүүлчид 20 гаруй гадаадын орноор туршлага солилцон аялна. Ингээд албан ёсоор та бүхэндээ баярын мэнд хүргэж “Ган үзэг-2018″ ёслол хүндэтгэлийн ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдье” гэсэн юм. Сэтгүүл зүйн салбарын шилдгийг шалгаруулах наадмын санг монголчуудын бэлгэшээж ирсэн есийн тоотой холбогдуулан 99 сая төгрөгөөр гэж тогтоожээ. Шилдэг сэтгүүлч хоёр сая, шилдэг байгууллагыг таван сая, шилдэг редакторыг гурван сая төгрөгөөр тус тус шагнасан юм. Ёслолыг нээн Sweety emotion хамтлаг продюсор Чинбаагийн хамт “Сэтгүүлчдийн дуу” шинэ бүтээлээ хүргэв. Үүний дараа Увертура хамтлаг ая дууны дээжээ өргөсөн юм. Манай сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Э.Энхболд сонины шилдэг сэтгүүлчээр тодорсон юм. Тэрбээр “Сэтгэгдэл маш сайхан байна. Энэхүү тайзан дээр гараад шагнал хүртэнэ гэж бодож явсангүй. Сэтгүүлч гэх эрхэм нэрийг өндөрт өргөж, мэргэжилдээ эзэн болж, шударга үнэний талд зогсч, иргэдийг зөв мэдээллээр хангах чиглэлдээ ажиллах юмсан гэж хувь хүн болоод сэтгүүлчийн хувьд бодож явдаг байсан. Өнөөдөр би Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбадрах сум руу МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очирын “Миний цуглуулсан хорвоо” гэх номын жин тээх, тэмээн жингийн цуваанд орж, залуу яруу найрагч, сэтгүүлчдийн хамтаар есөн тэмээнд 18 авдар, 1800 номыг Улаанбаатар сум руу хүргэж өгсөн. Энэ жин соёлын үрийг тарьсан томоохон арга хэмжээ болсон болов уу гэж ойлгож байгаа. Ах минь тэнгэрээс дүүгээ ивээсэн юм болов уу гэж бодож байна. Намайг өдий зэрэгтэй явахад тусалсан “Өдрийн сонин”-ы үе үеийн сэтгүүлчид, удирдлага, багийн хамт олондоо маш их баярлаж байна. “Өдрийн сонин”-д итгэж захиалдаг мянга мянган уншигчиддаа, Э.Энхболд гэх сэтгүүлчид итгэж бичсэн ярилцлага, сурвалжлага, нийтлэл, мэдээг нь уншдаг та бүхэндээ баярлалаа” хэмээв.

Ийнхүү сэтгүүл зүйн салбарын шилдгийг тодруулах “Ган үзэг-2018” наадам ёслол төгөлдөр болон өндөрлөлөө.

Шилдгүүдийг нэрлэж байна.

Сонины шилдэг сэтгүүлч: Өдрийн сонины сэтгүүлч Э.Энхболд

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч: Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

Радиогийн шилдэг сэтгүүлч: Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Н.Амарсанаа

Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

Шилдэг судлаач: TV9 телевизийн захирал Баасансүрэн

Мэдээллийн сайтын шилдэг редактор: Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

Сэтгүүлийн шилдэг редактор: Mongolian mining journal сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

Сонины шилдэг редактор: Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

Радиогийн шилдэг редактор: МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

Телевизийн шилдэг редактор: SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

Шилдэг менежер: Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

Орон нутгийн шилдэг сонин: Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

Орон нутгийн шилдэг радио: Говь-Алтай аймгийн Алтай радио

Орон нутгийн шилдэг сайт: Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

Орон нутгийн шилдэг телевиз Дорноговь аймгийн DSB телевиз

Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч С.Сумъяа

Мэдээлийн сайтын шилдэг бүтээл: News.mn сайт Г.Баттүшиг

Сэтгүүлийн шилдэг бүтээл: Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл: Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл: Үндэсний тойм сэтгүүл

Шилдэг радио: Р3 100.9

Шилдэг сонин: Өдрийн сонин

Шилдэг телевиз: МҮОНТ тус тус тодорлоо.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг МҮОНТ-ийн сэтгүүлч Ч.Ёолк хүртлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *