Хавар намартаа жилд хоёр удаа болдог номын баяр 21 дэх жилдээ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Номын худалдааг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд урьд урьдын жилүүдээс хөл хөдөлгөөн ихтэй байна. Сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа номын зохиогчидтой энэ л өдөр уулзан гарын үсэг, тамгатай номыг нь авах ховорхон боломж тохиож байна.
Энэ удаагийн яармагт хамгийн эрэлттэй байгаа номнууд нь хуучин номнууд байна. Эрж сураад олддоггүй хуучны ховор номнуудыг хүмүүс хайж сураглаж байгаад олж авч байгаа нь содон харагдаж байлаа. “Өдрийн сонин”-ы уран бүтээлчид уламжлал ёсоор энэ хаврын номын баярт оролцож байна.
Манай сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн амьтдын тухай сонирхолтой хүүрнэсэн “Барын зулзага бамбар” өгүүллэгийн ном, Төрийн шагналт Б.Цэнддоогийн шилдэг нийтлэлүүдийн ном, СГЗ Жамъяан гуайн “Сөрж сөхөрч туулсан хорвоо”, Болор цомын эзэн Норовын Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл” ярилцлага, аян замын тэмдэглэлийн ном болон нээлтээ хийгээд удаагүй байгаа “Сэтгэлгээний шилэн хананд” яруу найргийн номууд нь үзэсгэлэнд оролцож байна.
Мөн Очирбатын Дашбалбар яруу найрагчийн 60 насны ойд зориулан хүүхдүүдийнх нь эмхэтгэн гаргасан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” шинэхэн ном, ярилцлагын хатан хаан хэмээн нэрлэгддэг сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” дурсамж, тэмдэглэлийн ном, Ж.Гангаагийн “Цагаан гэгээ” нийтлэлийн ном, сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэлийн шүлгийн түүвэр, залуу сэтгүүлч Э.Энхболд, Д. Гансаруул, О.Өнөрцэцэг нарын яруу найраг, өгүүллэгийн номуудыг “Өдрийн сонин” асраар зочлон худалдан аваарай.
О.ӨНӨР