Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүн “Өдрийн сонин”-ы байрны цонхыг хааж “Астра интернэйшнл” компанийн “Астра бьюлдинг” үйлчилгээ , орон сууцны барилга баригдаад таван сар гаруй хугацаа өнгөрлөө. Уг барилга баригдаж эхэлсэн цагаас тус сонины сэтгүүлчдийн Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн. “Өдрийн сонин”-ы зүгээс шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, хууль журмын дагуу асуудлыг тавьж иржээ.
“Астра бьюлдинг”-ийн тэрхүү барилга манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн эсэхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгаж байгаа аж. Хэн бүхэнд илэрхий байгаа хамгийн ноцтой зөрчил нь “Астра бьюлдинг”-ийн барилга “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метр зайд баригдаж байгаа явдал юм. Энэ нь барилга хоорондын зайг зөрчсөн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоогоод байгаа.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд барилга хоорондын зайг дахин хэмжиж байгаа аж. Уг хэмжилтийн дүнг дахин нягталсны дүнд “Астра бьюлдинг”-ийн барилгыг буулгах ажлыг албан ёсоор эхлүүлнэ.
Иймд эрх нь ноцтойгоор зөрчигдөөд байгаа “Өдрийн сонин”-ы хамт олны асуудлыг шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагууд анхаарч, хууль ёсны шийдвэрээ гаргахыг Монголын өдөр тутмын сонины холбооноос мэдэгдэж байна. Гишүүн байгууллагынхаа эрх ашгийг хүндэтгэх үүднээс бид цаашдаа ч хууль ёсны шаардлагыг тавих болно.
Монголын өдөр тутмын сонины холбоо