Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Нар хур тэгширсэн сайхан жил болоосой

Монголын нэрт сэтгүүлч Ж.Гангаа
агсны 2009.01.05
даваа
№001 (3078)
дугаарт нийтэлж байсан “Нар хур тэгширсэн сайхан жил болоосой”
нийтлэлийг хүргэж байна.

Жил бүрийн оны эхний өдрийн өглөөний нарыг угтах ёслол өргөн олныг хамардаг болоод удаж байна. Төмөр зам ба аялал жуулчлалын газраас энэ ёслолыг лавтайяа найм дахь удаагаа зохиож байгаа. Анх манайд өвөл цагаар жуулчилсан япончуудаас үүдэлтэй дорно дахины уламжлалт энэхүү зан үйлийг монголчууд тун хурдан өөриймшүүлж гүнээ сүсэглэх болжээ.

Бид ч гэсэн дорно зүгийн үндэстний нэгэн төлөөлөгч тул өрнөөс орж ирсэн “ёолк”-ны шөнөөс дутахгүй өглөөний ургахын улаан наран зүг хандаж хэвшихэд олон жил шаардагдсангүй.

Энэ удаагийн нарыг угтахын тулд өнгөрч буй 2008 оны сүүлчийн шөнийг хам хум үдсэн болоод даруй орондоо орцгоов. Өнгөрсөн жил манай орны улс төр, нийгмийн амьдралын хувьд хүн болгонд таатай жил байсангүй. Яг өдийд олон хүний амь насыг авч одсон гайтай хөөтэй шинэ жилээр эхэлж, байгаль ээж малчдыг хаврын жилбэ муутай төлөгтэй адилтган хэдэн арваар нь егүүтгэж орхисон. Амар амгалан эх оронд минь дайн болоогүй, газар хөдлөөгүй атал муу ёрын засаглал гэнэт бий болж, улмаар ардчилсан ёс тогтсоноос хойш анх удаа ард түмэн хилэгнэн боссон. Ард түмний цус урсаж, амь насаа алдаж, эцэс төгсгөлгүй луйвар, хуйвалдаан, тасралтгүй залхаан цээрлүүлэлт, шорон гяндан болсоор нэгэн гунигт он жил улирсан юм. Монголд амьд мэнд явах амар төвшин амьдрах итгэл найдвараа олон хүн алдаж, Чингэсийн гэгдэх зориг зүрх минь дахин мөхсөн жил байлаа. Урлаг соёлд “Боолын гэрээ” гэх мэтийн зөвхөн яргалал, садизмийг деталчлан сурталчилсан кино орлого олж байхад уран зохиолд “Дөчин мянгатын атаман”- ы яруу алдар” дайчин замнал” Тоорой Банди, Цахиур Төмөрөөс дээгүүрт үнэлэгдэж төр засгийн тэргүүн нь алга ташин онцлон тэмдэглэж байв. Олимпийн медальтнууд өөр бус хэдхэн хүнд л Монголд аз жаргалтай жил болсон.

Хулганын чинээ хувьтай жилээ хямрал нүүрлэсэн дэлхийгээс хам хум үдэж “хоёр яс” саллаа.

Өглөөний нарыг угтагсад үдэш сархадыг тэвчиж, нойрыг хясаж, үүрийн таван жингээр босоцгоов. Урьд шөнө Улаанбаатар даяараа нэвширтэл ууж хоножээ. Баяр уу гуниг уу бүү мэд. Үүр хаяарахын өмнөх түнэр харанхуйд хүмүүс хүнд хоол, хатуу архиндаа цохиулж хамраа сэтэртэл хурхиран, завжнаас нь шүлс гоожиж, амнаас нь хоносон архины гашилсан үнэр огиудас хүргэнэ. Хоосон лонх, бенгалын дутуу шатсан иш энд тэнд ундуй сундуй.

Бидний хэдэн нөхөд цаг болзон нэгэн газар цугларч унаандаа суун зүүн зүгийг барин хөдөллөө. Өглөөний зургаан цаг гэхэд шөнөжин шоудсан хот сая л нойрондоо нам цохиулж байхад нарыг угтагсад дулаан хувцсаа өмсөн хурдан морьдоо эмээллэн мордохуй нь нэн хийморилог.

Хотоос холдох тутам тас хар хөнжил аажим сийрэгшинэ. Аманд зажлагдам утаан агаар үүрийн бүдэгхэн гэгээтэй сүлэлдэн нойр сэргэж тунгалагших нь “аягүй гоё” юмаа.

Налайх өнгөрч Багахангайн зүг тавьсан сайхан засмал замаар гулгуулж явахад хээр талын хонгор салхи тачигнаж биен дэх булингарыг зулга угаана. Малгайн үс сорлон гялтганаж, нүдний сормуус цантан, хацар туяаран инээд бялхана. Жинхэнэ шинэ жил, жинхэнэ шинэ оны өглөө ирлээ. Машинаа уулын хяр дээр зүтгүүлэн гарч ирэхэд дорно зүгээс үүрийн туяа ягааран Монголын хээр тал манхайн угтлаа. Урьд шөнө энд хялганын толгой битүү цантан хоножээ. Хиймэл биш жинхэнэ цасан ширхэг гялтганан бужигнаж бяцхан шувуухай хаа нэгтээ жиргэх нь үлгэрийн орон лугаа. Тэртээх тэнгэрийн хаяанд хэсэг бараан үүлс хөвөх ба үүлсийн доогуурх хоосон орон зайн тэртээгээс цавцайн цайрах толгод өлмий дор иртэл дэвсээстэй. Бид нарыг хүлээж байна. Нар айсуй сургаар нааш зугтсан хөх жавар хацар нүүрийг хайр найргүй шавхуурдана.

Цаг найм дөчин тавыг заах тэр агшинд алтан сормуусаа дэрвүүлсэн алтан наран мэлтэсхийн мандлаа. Уулан дээр угтагсдын өлмий дороос наран босох нь өлгийтэй хүүхэд шиг өхөөрдөм үнэгчлэнгүй.

“Тунгалаг өглөөний наран минь сайн байна уу?. Та биднийгээ өглөө бүр эрүүл саруул, эрч хүчтэй байлгахыг бэлгэдэн мандлаа. Тал нутгийн цэнгэг агаар, талын монгол хүний сайхан сэтгэл, сайн сайхан бүх л энергийг шижир цацрагтаа зангидан сүлжсэн бэлгийг тань хүлээн авч буйгаа их хувь заяа гэж бодном. Та мандан бадрах агшиндаа онгон байгаль, өвсний толгойн үзүүрт тогтсон ертөнцийн үл ойлгогдох бүх л хийморь цогийн өрмийг хусан над руу илгээсний ачийг тань хариулна аа.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт байх болно”. Нартай ийн мэндчилэх зуур төд удалгүй тэрээр хоромхон зуур бүхлээрээ уулсын цаанаас сугаран гарч ирж дээш цойлон аварга том галт бөмбөлөг лугаа биежин өөдөөс нь царайчилсан болгоныг гялбууллаа. Тэр бидэнтэй товчхон мэнд асуугаад бараан үүлсийг хормойдон зуурч цаана нь гараад бүгчихэв. Энэ жил нар хур тэгширсэн сайхан жил болох байх аа. Энэ онд бөөр алаг үнээ минь тугаллаж хэдэн муусайн хүүхэд минь тараг уух болов уу. Энэ намар үе үе цаддаг үхэр жил минь ирж, “үхэр” монгол биднийгээ ивээх биз ээ.

Өглөөний нарыг угтаж байх зуур холхи Европын Австри улсад цагийн зүү арван хоёрыг зааж, салют буудуулж байгаа нь гар утаснаас сонсогдож байв. Хамт явсан монгол залуу маань тэнд байгаа анддаа зориулж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байсан юм. Шинэ он тооллыг бий болгосон улс оронд 2009 он эхлэх ба Ази тивийн элгэнд буй Монголд наран мандах хоёр яг давхцдагийг өдий болтол анзаарааг үй явсан байх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *