Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын номын баяр боллоо

“Өдрийн сонин”-ны сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Давхардаваагийн Гансаруул өнөөдөр “Цоохор Майлзын” түүх номын баяраа “Аз хур” номын их дэлгүүрт хийлээ. Энэ нь түүний уран бүтээлийн дөрөв дэх ном билээ. Номын баярт “Өдрийн сонин”-ы албаны дарга нар болон сэтгүүлчид, яруу найрагчид, түүний найз нөхөд, ах эгч дүү нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Мөн хамгийн хүндтэй зочдын нэг нь Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, боксын Д.Банди, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд асан Г.Баярсайхан, Д.Гансаруулын арван жилийн ангийн багш нь болон аавынх нь төрсөн дүү зэрэг хүмүүс ирсэн байв. Түүний ангийн багш нь ярихдаа “Манай Д.Гансаруул сурлагатай, авьяастай, зурдаг, шүлэг бичдэг, гоё дуулдаг. Ангийн дарга, сайн удирдагч манлайлагч хүүхэд байсан. Одоо ч ангийн даргын үүргээ гүйцэтгэж, цагаан сар бүрээр ангийхнаа цуглуулж зохион байгуулаад, багшдаа ирж золгодог. Барагтай бол уурлана гэж байхгүй. Сайхан хөгжилтэй зантай. Аливаа зүйлийн эерэг сайхныг яриад, бусдыгаа хөгжөөчихдөг. Хамгийн шилдэг шавь нарын маань нэг. Шавьдаа улам ихийг хийж бүтээгээрэй гээд ажлын амжилт, аз жаргал сайхан бүхнийг ерөөе” гэлээ.

Сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул ярихдаа: “Би салбар салбарын олон сайхан ах эгч найз нөхөдтэй. 2009 оноос хойш Өдрийн сонинд тасралтгүй ажиллаж байна. Ярилцлага авсан хүмүүстэйгээ их сайхан найзууд, ах дүү болдог, үргэлж харилцаатай байж, баяр бүрээр баярын мэндчилгээ явуулна… Миний хүндтэй ах нарын нэг бол Банди багш байна, сайд асан Г.Баярсайхан…” гэх зэргээр хүндэт зочдоо танилцуулж байлаа.

“Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням хамт олноо төлөөлөн үг хэлэхдээ“ Манай “Өдрийн сонин” хамгийн олон уншигч, захиалагчтай, монголын өдөр тутмын топ хэвлэл. Энэ сониноос нэртэй нийтлэлчид төрөн гарсан. Одоогоос есөн жилийн өмнө Д.Гансаруулыг шинээр ажилд орж байхыг санаж байна. Янз бүрийн зүйл зураад суудаг байсан, гоё зураг бүтээл гаргасан байна, энэ авьяасаа мөн улам их хөгжүүлээрэй. Би түүнийг ажилд ороод, шантарч байхад нь тэсч чадсан нь үлддэг юм шүү. “Өдрийн сонин”-д ажиллахад их тэсвэр тэвчээр, ур чадвар шаардана гэж хэлж байлаа. Одоо манай залуу дунд үеийн төлөөлөл, түүний уран бүтээл, ярилцлага нийтлэл өдөр бүр нийтлэгддэг. Дөрөв дэх номоо өлгийдөн авч байна. Мөн янз бүрийн зохиомжит зураг зурдаг, авьяастай бүсгүй. Энэ бол зөвхөн эхлэл болоогүй байна, дараа 40,50 дахь номынх нь нээлт болох байх. Улам ихийг бүтээн туурвиж, хийж бүтээгээрэй гэж ерөөе. Их амжилт хүсье” гэсэн юм.

Д.Гансаруул мөн ярихдаа “…Хэдхэн сарын өмнө хайрт аав маань бурханы оронд одож миний амьдралд нөхөж баршгүй гарз тохиолдсон юм. Одоогоос гурван сарын өмнө охин нь ном хэвлэдэг юм билүү. Ийм байвал ямар вэ гэж аавдаа үзүүлж байлаа. Аав минь маш их дэмжиж, гоё ном болох юм байна, хэвлэх хэрэгтэй, миний охин мундаг гэж байлаа. Саяхан аав минь миний охин номын баяраа хийгээрэй гэж хэлж байна гэж зүүдлэсэн…” хэмээн ярилаа.

Түүний шинэ номын эхлэл хэсэгт гуниг, харуусал аймшигийн сэдвээр бичсэн шүлэг, зохиолууд байгаа дунд хэсэг рүү хайр дурлал, аз жаргал зэргийг илэрхийлсэн байна. Мөн номын баярт оролцогчид түүний бүтээлийг ихэд онцлог, өвөрмөц, давтагдашгүй сонирхолтой сайхан байна хэмээн дүгнэж, Сайд асан Г.Баярсайхан “Д.Гансаруулын өвөрмөц уран бүтээлүүдийг унших дуртай. Их сайн яруу найрагч, сайхан уран бүтээлч гэж үнэлж, хүндэтгэдэг” гэж ярилаа. Номын баярт дуучид ирж, Морин хуурын аялгуу, Гангараа, Хүний заяа болон поп опера дуугаар ая барилаа.

Түүний уран бүтээлийн дээжээс:

Хана их гоё
Хадаасаар хамаагүй зурж болдог
Гэхдээ баллуурдаж болдоггүй болохоор
Болгоомжтой зурах хэрэгтэй
Хайртай хүнээ үхүүлж ч зурж болдог
Хааяа бас амилуулаад ярилцаж ч болно
Нарыг зураад гараа ээн дулаацаж болно
Сарыг ч бас зураад
Тогоон дээр нь цай чанаж болно.
Хана их гоё
Харин заримдаа эмч нар
Бүгдийг нь хар будгаар будчихдаг
Битгий ингэ гээд
Хоёр гарыг минь хүлчихдэг юм
Сэтгэцийн энэ эмнэлгээс гарвал
Түүнийхээ байшингийн дээврийг
Сар, оддоор дүүргэж өгнө өө.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *