“Монголд зөвхөн “Өдрийн сонин” л үнэнийг хэлж чаддаг” уриатай “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн цоо шинэхэн дугаар уншигч таны гар дээр очлоо. Энэ өдрийн дугаарын онцлох сурвалжлагаар “Буриадууд манайд ирж дэлгүүр хэсдэг болжээ” нийтлэл хэвлэгдлээ. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болоод сар арай хүрээгүй байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд буриад иргэд олноор ирж, манай томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэх нь ихэссэн байна. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэлээ.
Түүнчлэн манай сонины тэргүүн нүүрт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтай ярилцлаа. Тэрээр энэ удаа ирэх оны төсвийн сайн бөгөөд муу талын талаар ярьсан юм. Түүнчлэн үүсээд буюу эдийн засгийн хямралтай байдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.
Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх ёстой вэ” нийтлэл хэвлэгдлээ. Нэрт нийтлэлч маань удахгүй бүрэлдэх Засгийн газарт ямар зөвлөгөө өгснийг зөвхөн манай сониноос уншаарай.
Манай сонины мягмар гаригийн дугаарт “Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна” сурвалжлагын үргэлжлэл хэвлэгдлээ. АСД хэмээх уг эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас аваарай.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. Хошин урлагийн салбарт хүч түрэн орж ирж буй залуусын төлөөлөл болсон чадварлаг уран бүтээлчийн ярилцлага танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны талаар арав гаруй жил судалгаа хийж буй О.Батсүхтэй мөн ярилцлаа. Тэрээр “Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр шалгарсан юм. Түүний яриа сонирхолтой байх биз ээ.
“Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв” нийтлэл манай өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Энэ бол “Мандал даатгал”-ын эрсдлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа ийнхүү гаргасан байна. Эдийн засгийг сонирхон уншдаг уншигч танд энэхүү нийтлэл олон мэдээллийг өгнө гэдэг итгэлтэй байна.