Монголын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Юуны өмнө уншигч танд манай сонины нэгдүгээр улирлын нэмэлт захиалга орон даяар үргэлжилж байгааг дуулгая. Өнөөдрийн дугаарт өнгөрөгч оны нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээлэл багтжээ. 2014 онд манай улсын хэмжээнд 4928 аюулт үзэгдэл, осол гарч 175 хүн амиа алдсан тухай мэдээллийг уншаарай. Сэтгүүлч Э.Энхболдын Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг I болон IV нүүрнээс уншаарай. Тэд гадаадаас их хэмжээний улаан буудай худалдаж авах нь ямар ач холбогдолтой тухай ярилцсан байна.
Олон улсын Алтай судлалын төвийн Байнгын бага хурлаас ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор, академич Д.Цэрэнсодномд “Алтан медаль” өгчээ. Энэхүү медалийг өмнө нь нэрт эрдэмтэн Б.Ренчинд олгож байсан юм. Дэлхийн хэмжээний том шагнал хүртсэн эрдэмтэнтэй хийсэн ярилцлагыг манай сонины XII дугаар нүүрнээс уншаарай. Баасан гаригийн дугаарт бас нэг гол ярилцлага хэвлэгдсэн нь “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяртай хийсэн ярилцлага. Манай сэтгүүлч Ц.Өрнөхийн хийсэн энэхүү сонирхолтой ярилцлага VII нүүрт хэвлэгдлээ.
Харин улс төр, нийгмийн байдлыг маш соргогоор мэдэрсэн нийтлэл хэвлэгддэг III нүүрнээс “Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна” материалыг уншаарай. Бас манай сэтгүүлч Д.Мөнгөндалайн ШУТИС-ийг 63 насандаа төгссөн инженерийн сонирхолтой ярилцлага хэвлэгдлээ.