Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хувийн хэвшил бас шилэн болох гэж байгаа юу” нийтлэл хэвлэгдлэн гарлаа

“Өдрийн сонин”-ы 2015.11.27-ны шинэ дугаар хэвлэгдэн захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаараас зарим ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг онцлон тоймлож танилцуулъя.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой олон нийтэд хандаж үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үгийг өнөөдрийн дугаартаа онцолж хүргэж байна. Ч.Сайханбилэг сайд “Улс төр, эдийн засаг, бизнесийн амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жил ажиллаж ирлээ. Улс орны болоод улс төрийн эрэмбэ дарааг уялдуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан” гэж хэлсэн үгэндээ дурдав. Олон нийтэд хандсан энэ үгийг бүрэн эхээр нь нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.

Мөн Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын “Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг хүн төрөлхтний жаргалтай амьдралын үндэс” хэмээх ярилцлага энэ дугаарт хэвлэгдэв. Нэг, 11 дүгээр нүүрээс унших боломжтой.

Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн нагац ах, Ерөнхийлөгч асан П.Очирбатын ярилцлагыг нэг, долдугаар нүүртээ нийтэллээ. Б.Батзаяаг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр баривчлан саатуулж байгаад арваннэгдүгээр сарын 13-нд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан юм. Гэтэл прокурорын гомдлоор дахин хорих шийдвэр гарсан. Б.Батзаяагийн нагац ах, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Өдрийн сонин”-д ярилцлага өгч, өөрийн дүүгээ өмгөөлж, хамгаалах ганц хүн нь би мөн гэж хэлсэн юм.

Эдгээрээс гадна Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Нийслэлийн “Өргөө” амаржих газарт төрөхөөр очоод амиа алдсан бүсгүйн аав Л.Лагсаннамдагийн ярилцлагууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Хувийн хэвшил бас шилэн болох гэж байгаа юу” хэмээх нийтлэл хэвлэгдэв. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг гаргаж, УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Хувийн хэвшлийг тэр чигээр нь устгах, дарамт шахалтад оруулах, байж боломгүй заалтыг энэхүү Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэгчдээ тусгажээ. Энэ асуудлыг дээрх нийтлэлд хурцаар хөндсөн юм.

Эрхэм уншигч та дээрх нэрлэсэн нийтлэл, ярилцлагаас гадна Дэлхийн спорт, Уран бүтээлч, Цаг үе, Олон улсын мэдээ мэдээллүүдийг хуваарьт булангуудаас хүлээн авч уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *