Нээлтийн ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд болон штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудын Засаг дарга нар, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байрлах бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.
Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ.
Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.
Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.
Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлжээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг ийнхүү бүрдүүллээ.
Цаашид Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг өргөжүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудыг Удирдлага хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр ханган бүрэн холбож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.