Categories
мэдээ улс-төр

Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлав.

АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг байна. 2018 оны байдлаар 169 орны 338 сая сурагч “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамруулж буй юм. Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа бөгөөд Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа юм. Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр дээрх хуулийг боловсруулсан юм.

Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг баталсан тул өмнө хэрэгжиж байсан Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *