Categories
мэдээ цаг-үе

“Үдийн хоол”-ны автор М.Пүрэвжавынх

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор хоол зүйч М.Пүрэвжавыг урилаа. ШУТИС-д багшилдаг энэ эмэгтэйг хүүхдийн хооллолт ярьдагаар нь олон хүн анддаггүй юм билээ. М.Пүрэвжавынх Төв цэнгэлдэхийн ойролцоох “Хурд” хорооллын хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход эзэгтэй хоол унд зэхчихсэн угтлаа. Гэрийн эзэн ажлаасаа хараахан ирээгүй байв. Эзэгтэй улаан будаатай, байцаа, мөөгөөр хачирласан хуурга, элдэв амтлагчгүй гурилтай шөл зэхжээ. “Улаан будааг дэлхий нийтээр их хэрэглэх болсон. Манай улсад одоогоор худалдаалагдахгүй байгаа. Би саяхан Индонез яваад ирсэн. Бали арлаас энэ будааг авчирсан юм. Манай хүн хаа холбоос чемодандаа будаа хийж ирдэг хүн байхгүй дээ гэж шоглонгуй хэлсэн шүү” гээд хөгжилтэй инээв. Чанартай будаагаараа алдартай Балигаас хар будаа авчирснаа бас сонирхуулав.

Хоолны дараа гэрийн эзэгтэй ширээнээ Ховдын жимс, улаан лооль таваглаж тавиад яриагаа үргэлжлүүллээ. Эзэгтэй бидэнд арвайтай цай аяглангаа “Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ жилийн тавдугаар сарын сүүлээр сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдсан юм. Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг нь мэргэжлийн хэллэг л дээ. Энгийнээр хэлбэл үдийн цай хөтөлбөрийг хоол хөтөлбөр рүү шилжүүлэх тухай хууль. Нэгээс тавдугаар ангийнхан хоол идэж байгаа. Монгол Улс 12 дугаар анги төгсөх бүх хүүхдээ хооллох ёстой. Үе шаттайгаар хоол хөтөлбөр рүү шилжүүлье гэж төлөвлөсөн” гэж ярилаа.

“Үдийн цай хөтөлбөр бөөн асуудал дагуулаад байхад үдийн хоол хэрэгжихэд хэцүү биш үү” хэмээн лавлахад “Би өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хоёр сургуулийн хүүхдүүдээс асуумж авсан юм. Өглөөний цай уусан хүүхдүүд байна уу гэхэд тал хувь нь гараа өргөсөн. Өглөөний цайндаа халуун хоол идсэн нь хэд вэ гэхэд ердөө таван хүүхэд гараа өргөх жишээний. Өдөр хичээллэдэг хүүхдүүдээс өдрийн хоолоо идээд ирсэн нь хэд вэ гэхэд тал хувь нь гараа өргөж байна шүү дээ. Та нар бодоод үз дээ. Хүүхдүүд өглөө цайгаа уухгүй шахуу сургуульдаа явдаг. Сургуульдаа очоод иддэг хүнс нь хиамтай талх, муу тосонд шарсан пирошки, хийжүүлсэн ундаа, амттанууд байдаг. Өмнө нь хүүхдүүд хажуугийн сургуульдаа яваад тарангуутаа гэртээ очоод цайгаа уучихдаг байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийн олонх нь ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөх болсон. Хүүхдийн хооллолттой холбоотой энэ асуудлыг дэлхийн улсууд туулаад ирсэн. Хотжилттой холбоотой маш том асуудлын нэг. Дэлхийн улсууд өдрийн хоол хөтөлбөр хэрэгжүүлдэг нь ийм учиртай” гэсэн хариу өгөв.

Хооллолттой холбоотой үүссэн бас нэг асуудал нь хүүхдийн таргалалт гэнэ. Манай улс хүүхдийн таргалалтын хувиар Ази, Номхон далайн бүс, дэлхийн дунджаас ч өндөр гарчээ. ДЭМБ-ын хоёр жилийн өмнөх статистикаар манай улсын бага насны хүүхдийн таргалалт 10.5 хувьтай гарсан байна. М.Пүрэвжав багшаас бас нэг сонин мэдээ сонслоо. Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног насан туршийнх нь эрүүл мэндийг тодорхойлдог юм байна. Эхийн хэвлийд бүрэлдсэнээс хоёр нас хүртэлх хугацаанд нь хүүхдээ эрүүл, шим тэжээлтэй хооллож чадвал эрүүл саруул хүн болж өсөх том суурь тавигддаг аж. Тэгэхээр ээжийн хоол хүнснээс хүүхдээ эрүүл торниулах эсэх нь шалтгаалдаг байна. Хүүхдийг амаараа хооллох дадал өнөө ч аав, ээж, эмээ, өвөө нарт бий. Энэ дадал хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг сонирхоход М.Пүрэвжав багш “Миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал. Би уг нь амаараа хоолодог дадал арилсан гэж бодож явсан юм. Гэтэл нэг удаа эмнэлгээр явахдаа ихэнх ээжүүд яг тэр дадалтайгаа байгааг олж харсан. Насанд хүрэгчид өвчний үүр болсон. Өвдөөгүй байлаа ч тухайн хүний биед байгаа янз бүрийн паразит, бактери, нян шууд хүүхдэд дамжих эрсдэлтэй. Хүнд шимэгчийн тоо маш өндөр байдаг. Янз бүрийн бактери бий. Хүний тэсвэрлэх чадамж гэж байна. Насанд хүрэгчид нян бактериа тэсвэрлээд өвдөхгүй яваад байж болно. Хүүхдэд амаар дамжиж орсон бактери шууд өвчлөл үүсгэнэ” гэсэн хариу хэллээ.

Гэрийн эзэгтэй амтлаг хүнсийг шим тэжээл бараг байхгүй, хий хоосон илчлэг гэж тодотгоно лээ. “Архи шиг гээд л ойлгочих” гэсэн зүйрлэлээс нь элдэв амттан хүүхдийн эрүүл мэндэд ямар хортойг багцаалдчихаж болохоор санагдав. Сонирхуулж хэлэхэд уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэгч нь амтлаг бүтээгдэхүүн гэж үзээд эхэлчихэж. Амтлаг юм их идэх хэрээр дэлүүний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ. Дэлүүний үйл ажиллагаа сулрахаар дархлаа сулардаг гэнэ. Гэрийн эзнийг ирэхээс өмнөх яриа хөөрөө ерөөсөө л хүүхдийн хооллолт руу чиглэсэн юм. Нэг цэцэрлэгийн тогтооч эрүүл шим тэжээллэг хоолны мэдлэгээ ахиулж, цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хүнсний элдэв нэмэлтгүй, химийн бодисын орцгүй, сахар, давс, муу тосноос татгалзсан орц жортой хоол бэлдэж өгдөг болж л дээ. Оргил ханиадны цагаар цэцэрлэгийн жаалуудын 30-40 хувь нь чөлөө авч, эмнэлэгт хэвтдэг бол тэр жилийн өвлийг өнөө цэцэрлэгийн хүүхдүүд өвчлөл багатай давжээ. Аль болох байгалийн гаралтай олон төрлийн хүнс хэрэглэж байж хүүхэд шим тэжээлээ бүрэн авч, өсгөлүүн эрүүл байна гэсэн зөвлөгөөг гэрийн эзэгтэй аав, ээжүүдэд өгсөн юм. М.Пүрэвжав “Би сая баруун дөрвөн аймгаар хоолны сургалт хийгээд ирлээ. Ээж, аавуудаас хүүхдэдээ ямар хүнс өгч байгааг сонирхоход ундаа, чипс, зайрмаг, олон төрлийн жигнэмэг гэсэн хариу өгсөн нь олон байсан шүү. Шим тэжээлийн бодисын агууламж нэн хомс, химийн нэмэлт ихтэй ийм хүнс идэж өссөн хүүхдийн өсөлт саармагжина, дархлаа суларна” гэв.

Биднийг ийн яриа өрнүүлэх зуур гэрийн эзэн орж ирлээ. Гэрийн эзэн Н.Чимэдрэгзэн гэж өөрийгөө танилцуулав.Хотод төрж өссөн ч, өвөө эмээгийн нутаг ус гэвэл Төв аймгийнх гэнэ. Мөн л ШУТИС-д багшилдаг аж. Өвөө, эмээ нь төмөр замчид байж. Ээж нь насаараа жолоо мушгижээ. Гэрийн эзэгтэйн аав нь Ховдын Дарвийн хүн юм байна. Холбооны яамны авто баазад насаараа тээврийн тэрэг барьжээ. Ээж нь нярав хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Сонирхуулж хэлэхэд гэрийн эзэгтэйн аавын нэр Монголд ганц л байдаг гэнэ. Мэжээнов гэсэн ховор содон нэрийг аавынх нь аав Гомбожав өгчээ.

Гэрийн эзэгтэй байсхийгээд л эмээгээ дурсах юм. Аав нь тээврийн тэрэг бариад хэдэн сараар явчихдаг, ээж нь ажил гээд гэрийн бараа оройдоо л хардаг байсан учраас хөгшин ээжтэйгээ их ойр өссөн юм байна. Эзэгтэй нөхөртөө хоол халаах зуураа “Хөгшин ээжийн минь үлгэрлэл өнөө хүртэл үнэ цэнэтэй санагддаг. Эрүүл хооллох дадлыг хүртэл зааж сургасан буянтай хүн дээ. Хөгшин ээжийг бурхан болоход би анх удаа оршуулгын газарт очиж байлаа. Тэр үед ээж минь надад, хөгшин ээж чинь чамд бүгдийг заасан. Хамгийн сүүлд ийм газрыг үзүүлээд ертөнцөөс явлаа. Амьдралын бүх л юмыг үзүүллээ дээ гэж билээ. Нээрээ л тийм. Жам ёсоор амьдрах гэж юу болохыг, амьдралыг учир ухааныг таниулсан ганц хүн бол миний хөгшин ээж. Хүн амьдралынхаа туршид олон хүнээс үлгэр авдаг. Хөгшин ээж, аав, ээжийн минь дараа миний амьдралд нөлөөлсөн хүмүүс бол багш нар маань. Би хэлц үгэнд их дуртай. Амьдралын минь бас л том багш. Хүн ер нь ухаарч гүйцдэггүй амьтан шиг байгаа юм. Хэлц үгийн утга их гүн. Насаараа сонссон хэр нь одоо л утгыг нь бүрэн ухах үг олон шүү. Жишээ нь, Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршдог гэсэн үгийн утгыг саяхнаас л бүрэн ухаж байна. Үнэндээ тийм л дээ. Зорилгогүй бол ажил нь зовлон болчихдог. Ажлаа зовж биш, жаргаж хийх чиг зүг луужин нь өмнөө тавьсан алсын зорилго. Би энэ хэлц үгийг оюутнууддаа байнга хэлнэ шүү дээ” гээд инээвхийлэв.

Эднийх ганц охинтой юм байна. Орос сургуульд сурдаг охин нь биднийг тэднийд өнжих үеэр сургуулиасаа ирж амжаагүй юм. Хичээлийн гадуурх сургалт ихтэй байдаг гэнэ. Охин нь бүр багадаа ээжээсээ “Та намайг чихэр идэж болохгүй гэдэг. Гэтэл манай ангийн нэг хүүхдийн ээж тэгдэггүй. Бүр цүнх дүүрэн чихэр өгөөд явуулдаг. Аль нь сайн ээж юм бэ?” гэж асууж байж. М.Пүрэвжав “Хүүхдэд бол учир нь олдохгүй зүйл л дээ. Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Нэг ээж нь өгөөд нөгөө нь хориод байхаар гайхаж таарна. Мэдээж тунг нь тааруулаад амттай зүйл өгч болно л доо. Гэхдээ чихрийг хүнс шиг хэрэглүүлж огт болохгүй. Дархлаа унагадаг ган зүйл бол чихэрлэг хүнс. Байгалиас дархлаа сайжруулдаг үндсэн хоёр зүйл бий. Нэг нь нойр, нөгөө нь хоол. 9-10 цагийн хооронд хүүхдээ унтуулах ёстой. Унтдаггүй, буруу хооллолттой явах тусам хүүхдийн дархлаа мууддаг, өвчилдөг, өвдөхдөө хүндрэл өгдөг. Хоолыг нь сайжруулчихад л хүүхэд өвдөхгүй” гэж байна. Байсхийгээд л эрүүл шим тэжээлтэй хоолны тухай хэрэгтэй яриа өрнүүлэх гэрийн эзэгтэй цонхоороо харах дуртай гэнэ.

Анх байрандаа нүүж ирэхэд хавь ойрд нь байшин баригдаагүй байж. Зам хэр түгжрэлтэйг цонхоороо харж багцаалдаад л ажилдаа яардаг байсан бол одоо тэгэх боломжгүй болтол орон сууцнууд баригдаж эхэлжээ. М.Пүрэвжав “Хүн гэж сонин амьтан шүү. Баахан барилга баригдахаар нь төвөгшөөх янзтай хэдэн үг унагасан чинь манай хүн, чи бид хоёр энэ байранд орно гэж хүсээд нүүж ирсэн. Одоо энд баригдаж байгаа байрнуудад яг чи бид хоёр шиг тохитой сууцанд амьдрах хүсэлтэй хүмүүс нүүж ирэх гээд хүлээж суугаа. Дараагийн хүмүүсээ адалж болох уу даа гэж хэлж билээ” гээд хөгжилтэй инээв.

Эдний цонхоор хөлбөмбөгийн талбай алган дээр тавьсан юм шиг ил сайхан харагдах юм. Биднийг очдог өдөр салхитай, жиндүү өдөр байсан ч хөлбөмбөгийн талбайд тамирчид бэлтгэлээ хийж байв. Гэрийн эзэн “Хөлбөмбөгчид ямар мундаг хатуужил, тэсвэртэй уйгагүй хүмүүс вэ гэдгийг байрандаа орсноос хойш мэдэрсэн шүү. Дөрөвдүгээр сар гаргаад л энэ талбай хөлбөмбөгчдийн хөлд дарагдчихдаг. Өглөөний зургаан цагаас харуй бүрий болтол бөмбөг өшиглөнө. Хамгийн гайхмаар нь арваннэгдүгээр сар гарчихаад байхад тоглосоор байна шүү дээ. Бороо, цасанд ажрахгүй. Тоглосоор байдаг. Саяхан Никитон тоглосон. Тоглолтыг нь шууд цонхоороо үзсэн” гээд хөгжилтэй инээв. Наадмын бэлтгэлийн үеэр дуу чимээ нүсэр байж. Эднийх наадмын өмнөх өдрүүдийг “Одоо тийм номер тоглоно, дараа нь ийм номерыг давтах байх” гэж ойр зуураа ярьсан шигээ өнгөрүүлжээ. Гэрийн эзэн ер нь их дуугүй талдаа хүн юм. Эзэгтэйтэй яриа үүсгэх бүрд л яаж ийгээд эрүүл хоол, шим тэжээлтэй хүнсний сэдэв рүү орчихоод байв. Сурвалжлагынхаа төгсгөлд “Монголчуудын дунд өмнө нь иддэгээ идээд болоод л ирсэн, заавал шим тэжээл ярих ямар хэрэг байна аа гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ ер нь хэр ортой шүүмжлэл вэ” гэж сонирхоход “Маш буруу ойлголт. Өнгөрсөн зууны далаад оноос дэлхийд хоол хүнсний даяаршил явагдсан. Тэр даяаршил манай улсын хувьд 1990-ээд оноос ажиглагдаж эхэлсэн. Солонгосоос Монгол руу хүнсний бүтээгдэхүүн экспортлохын тулд хадгалах хугацааг нь уртасгах гэж химийн бодис гэх мэт элдэв нэмэлт хийдэг. Хүнсний бүтээгдэхүүнд орох химийн нэмэлт жил ирэх бүр ихэсч байгаа. Жишээ нь, 1970 оны мөхөөлдсийг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. E кодтой хүнсний нэмэлт нь замбараагаа алдсан. Хоол хүнс ингэж өөрчлөгдөж байхад монголчуудын толгой дахь бодол огт өөрчлөгдөөгүй. Өндөр хөгжилтэй орнууд ийм зүйл хэрэглэхээ больж эхэлж байна. Хүүхдэд хэрэглүүлэхийг бүр тас хорьсон. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэж тэр шүү дээ. Манайд ийм хяналтгүй учраас хүүхдийн өвчлөл ихэслээ. Хүүхдүүдийн дунд чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Хорьтой залуугийн даралт ихэсч байна гээд бод доо. Шалтгаан нь ерөөсөө л хүнс” хэмээв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *