УДБЭТ-ын 54 дэх улирлын шинэ уран бүтээл Ф.Херольдын “La Fille Mal Gardee” /Муу хамгаалагдсан охин/ буюу “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг тавигдана.
Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.
Гол дүрүүдэд Лизэд СТА Б.Саруул, О.Анужин, Коленд СТА А.Эрдэнэболд, Симонад МУГЖ Х.Мөнгөнхөлөг, СТА Э.Эрдэнэжаргал Аленд М.Нямтайван, Т.Хан-Очир, Томасд СТА Х.Чойжилсүрэн нар тус тус бүтээх юм.
Тариачин хатагтай Симона үзэсгэлэнт ганц охин Лизтэйгээ амьдардаг. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын хүүтэй суулгахаар тохирчээ. Лиз охин өөртэй нь суулгахаар тохирсон Аленд дургүй бөгөөд сэтгэлт залуу Колентайгаа хамт амьдрахыг мөрөөднө. Симона хатагтай охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг өрнөнө…
Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох алс ирээдүйн хүмүүжилд нь эерэгээр нөлөөлнө хэмээн уран бүтээлчид ярьж байна.
Нээлтийн тоглолт энэ сарын 27, 28-нд 17.00 цагаас болох ажээ.