Categories
мэдээ нийгэм

Удаан түүхтэй “Амгалан” амаржих эмнэлэг нээлтээ хийлээ

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа өнөө өглөө твиттер хуудастаа “Өнөөдөр 14 цагт БЗД-ийн урт настай, удаан түүхтэй “Амгалан” амаржих газрын шинэ байрны нээлт болно. Монголын үрс маш олон болтугай” гэсэн байв. Түүний ийнхүү өгүүлсэн нь үнэн юм. С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа барилгын ажлыг нь эхлүүлсэн “Амгалан” амаржих эмнэлэгийн барилгын ажил хэдэн засгийн нүүр үзэж, 2014-2015 оны улсын төсөвт санхүүжилтийнх нь ихэнхийг шийдэж өгснөөр ийнхүү өнөөдөр нээлтээ хийсэн байна.

Тус эмнэлэгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож хэлсэн үгэндээ “Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж байна. Энэ бол төр засгаас эх хүүхдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн юм. 150 ортой “Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсоноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирна. Тэр хэмжээгээр Та бүхэнд тавигдах шаардлага бас өндөржих болно. Тийм болохоор эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, дэлхийн шилдэг технологиос тасралтгүй суралцах хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар амаржих газрын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх асуудалд ч онцгой анхаарах хэрэгтэй. Амаржих газрыг ашиглалтад оруулахтай холбогдсон төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар багагүй хүчин чармайлт гаргасаныг онцлон тэмдэглэж байна” гэсэн юм.

Тус эмнэлэгт Японы 1.5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *