Манай сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Берлин хотоос мэдээлж байна.
Өчигдөр ХБНГУ-д Бундестагийн 19 дэх удаагийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаад Германы 42 намаас 4828 хүн нэр дэвшсэн юм. Канцлер А.Меркелийн тэргүүлдэг Засгийн эрхийг барьж буй Христосийн Ардчилсан холбоо, тус намтай эвсэл байгуулсан Христосийн нийгмийн холбоо,тэдний хамгийн гол өрсөлдөгч болох Германы Социал-Демократ нам, гурав дахь хүчин гэгддэг Германы чөлөөт нам, Ногоон нам, Зүүний нам, сүүлийн үед ард иргэдээс дэмжлэг аваад буй Алтернатив намуудын хооронд гол өрсөлдөөн өрнөлөө. Өчигдөр өглөө 8:00 цагт санал хураах хэсгүүд нэгдсэнээр сонгууль эхэлсэн. Германы сонгогчид нэгэн зэрэг хоёр санал өгдөг. 630 суудалтай Бундестагийн гишүүдийн талыг нь шууд сонгож, үлдсэн хэсэг нь намын жагсаалтаар орж, таваас илүү хувийн илүү санал авсан улс төрийн хүчнүүд парламентад суудалтай болдог. Сонгогчид саналаа өгөхдөө хуудасны зүүн хэсэгт нэр дэвшигчид, баруун талд нь намуудыг бичсэн байх бөгөөд өмнө нь чагт тэмдэг тавина.Өчигдөр өглөө Берлин хотын санал хураах хэд хэдэн хэсгүүдээр ороход сонгогч бараг байсангүй. Сүүлийн жилүүдэд захидлаар урьдчилан саналаа өгөх хүмүүсийн тоо нэлээд нэмэгдсэн талаар Касселийн их сургуулийн улс төр судлаач, доктор Оливер Д‘Антонио ярьсан юм. Сонгууль амралтын өдөр болдог тул иргэд урьдчилан саналаа өгчихөөд амардаг аж. Өчигдөр буюу ирэх дөрвөн жил засгийн эрхийг аль нам барихыг шийдэх өдөр улс төрийн томоохон хүчнүүд бүгд “Сонгуулийн үдэшлэг” хийлээ. Энэ нь уламжлал болсон юм. Сонгуулийн дүнг ийнхүү үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт хүлээдэг. Урьдчилсан дүн гарахад хамгийн их дэмжлэг авсан нам ялалтаа тэмдэглэнэ, харин ялагдсан нь тэгсхийгээд тарна.
А.Меркелийн тэргүүлсэн Христосын Ардчилсан холбоо 12 жилийн туршид олонх болж засгийн эрхийг барьсан. Энэ удаад ч амжилтаа бататгаж дахин иргэдийн дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Харин тэдний гол өрсөлдөгч Германы Социал-Демократ намын дарга М.Шульц байдлыг өөрчлөх цаг болсныг сонгогчидтойгоо уулзах болгондоо сануулж байв. Тэрээр уржигдар Берлин хотын төвд орших Жандарменмаркт талбай дээр болсон сурталчилгааны хаалтын ажиллагаан дээр үг хэлэхдээ санал хураалт Германы ирээдүйг шийднэ хэмээн дахин дахин онцолж байлаа. Сонгуулийг сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчид ч сонгогчдын идэвхийн талаар ярьж байв.
Энэ өдөр ХБНГУ даяар 299 санал хураах хэсэг ажилласан .Тус улсын судалгааны“Forsa” байгууллагаас өдөр бүр санал асуулга явуулж дүнгийг нь олон нийтэд танилцуулж байв. Тэдний хамгийн сүүлчийн судалгаагаар Христосын ардчилсан холбоо 36 хувь буюу хамгийн олон санал авна гэсэн судалгаа гарсан юм.
Ингээд Бундестагийн сонгууль ямар болж байгаа талаар ХБНГУ-ын Бавари мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Н.Солонготой санал хураалтын өдөр ярилцлаа.
-Танай намын сонгуулийн сурталчилгаа бусад улс төрийн хүчнээс юугаараа өөр байв?
-Манай Христосын нийгмийн холбоо бол маш хүчтэй нам. Сонгуулийн кампанит ажил гурван сарын турш явагдсан. Намынхаа тойргийн залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд сурталчилгааны кампанит ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн. Манай холбооны залуучууд гэр бүлүүдтэй нэг бүрчлэн уулзаж ярилцахдаа нэг айлд хоёр минутыг зарцуулсан байгаа. Энэ ажил маш үр дүнгээ өгсөн. Манай нам Христосын Ардчилсан холбоотой эвсэл байгуулан Засгийн эрхийг барьж байгаа бөгөөд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ард иргэдийн зүгээс тавьсан асуудлын дагуу эвсэл болон хамтран ажиллаж байгаа Христосын Ардчилсан Холбоонд шаардлагаа тавьсан.
-Эвсэлд нэгдэн эрх барьж буй намын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн гол ажил нь юу байв?
-Бид бол юм хийдэг, хийж чадах юмаа сонгогчдодоо амладаг, сөрөг хүчин болох Германы Социал-Демократ намтай харьцуулахад хийрхэл бага. Хийснээ статистикийн тоо баримт, үйлдлээрээ харуулдаг. Өнгөрсөн хугацаанд Бавари мужийн санхүүгийн байдал нэлээд сайжирч, ямар ч өргүй болсон. Энэ нь манай намын гавьяа гэж бодож байгаа. Тиймээс ч 2020 оноос эхлэн бусад мужуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн жил ХБНГУ-ын канцлер нэг сая гаруй цагаач хүлээн авах шийдвэр гаргасан. Эдгээр дүрвэгсдийн 800 мянгаад нь Бавари мужид ирж суурьшсан. Тэднийг нийгэмшүүлэхэд манай нам маш их зүйлийг хийсэн. Жишээ нь гишүүний хувьд би гэхэд цагаачдад үнэ төлбөргүйгээр герман хэл заасан.