Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө “Ubike Ulaanbaatar” аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхэлнэ. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг.
Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдож аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулан хаана зорчиж байгааг нь хянаж байгаа аж.