Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газар, Вива Сити хороолол, М-Си-Эс Проперти, “Грийн Катеринг” ХХК-иуд хамтран энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” үйл ажиллагааг “Вива Сити” хороололд зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг нь хоёр дахь жилдээ болж буй юм. Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалуудын тоонд гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулагдсан хоолны фестивалууд ордог. Энэхүү үйл ажиллагаагаар Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид, болон дистрибюторуудыг сурталчлах таниулах зорилготой юм байна.
Уг фестивалийн үеэр орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнэтэйгээр амталж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт тэмцээнүүдийг сонирхох боломжтой. Мөн онцлох үзүүлбэр болох 5х1 метр хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар” бялууг хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах аж. “Энэхүү фестивалиас дуу хөгжмийн аянд, цэвэр агаарт цагийг сайхан өнгөрөөж болох тийм л уур амьсгалыг мэдэрнэ. Амралтын өдрөө ая тухтай өнгөрөөж, дэлхийн олон орны шилдэг хоолны үзүүлбэр, амт чанар, хоол хийх гайхамшигийг нэг дороос үзэхийг хүсвэл энэхүү арга хэмжээнд ирээрэй” гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээнд Монголын тогооч нарын холбоо, “Facebook”-ийн “Sweet kitchen” /Бүтээлч бүсгүйчүүдийн групп/, “Гоё хоолтой газар хаана байна”, “Taste it. Энийг хар даа” групп болон бусад байгууллага дэмжин оролцож байгаа юм.