Цахим хөгжил олон салбарт дэвшил авчирсны нэг нь такси үйлчилгээ. Гар утасны ухаалаг аппликэйшн ашиглан ямар ч бэлэн мөнгө, жолоочтой харьцахгүйгээр такси үйлчилгээг авах боломжийг дэлхий нийтэд олгосон анхны компани “Uber” гэдэг. Гэрийнхээ үүднээс такси захиалан хүссэн хэлбэрээрээ төлбөрөө төлж, дээр нь үйлчилгээний үнэлгээг хэрэглэгч өгдөг болсноороо энэ үйлчилгээ шалгарч үлдсэн юм. Жолооч элдэв ааш аяг гаргах, үйлчилгээ дутуу үзүүлэхэд дараагийн дуудлага авах магадлал буурна. Хамгийн сайн үнэлгээтэй, үйлчилгээ сайтай жолооч нар илүү олон дуудлага авч, ашигтай ажиллах боломжтой. Жолооч нарын хувьд ч “Uber” такси орлогын баталгаатай, томоохон эх үүсвэрийг бий болгож чадсан.
АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд гэхэд “Uber” такси бариад жилд 65-100 мянган ам.долларыг олдог юм билээ. Зөв боловсон үйлчлээд байх тусам зорчигчид сайн үнэлгээ өгч, орлого нэмэгддэг тухай тэд хуучилдаг.
Тэгвэл Монголын “Uber” такси бол “UB cab”. Такси үйлчилгээнд салхи оруулж, зорчигчдод илүү тав тухтай, найдвартай, баталгаатай, төлбөрийн уян хатан чанартай үйлчилгээг бий болгож эхэлсэн. 10 жилийн хугацаанд тэд 23.000 ажлын байрыг бий болгож, 700.000 хэрэглэгчтэй болсон гэж захирал Н.Отгонбаяр хэвлэлд ярина лээ. Энэ амжилтаараа Н.Отгонбаяр захирал “Next stop 2022” шагналын “Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг залуу”-гаар тодорсныг монголчууд харсан. Үнэхээр ч “UB cab” шинэ ажил эхлүүлсэн, үр дүнд ч хүрч.
Гэрээсээ “UB cab” захиалчихаж байна. Хэдэн км явсан, хэр хэмжээний төлбөр төлөх бүхий л тооцоо нь шилэн. Хамгийн гол нь аюулгүй. Таксинд эд зүйлээ мартахад буух эзэн, буцах хаягтай. Тус компани энэ онд багтаж “UBCab Shuttle” буюу олуулаа нэг чиглэлд явдаг үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо зарлаж байна. Энэ нь автобусны буудал дээрээс, өөр хаанаас ч нэг чиглэлийн хүмүүс нэгдээд төлбөрөө төлөөд явах үйлчилгээ. Манайх шиг чиглэлийн автобус цөөхөн, байгаа хэд нь буудал дээрээ 30-40 минут хүлээлгэж ирдэг “соёлтой” оронд яг тохирсон үйлчилгээ. Хүн бүр нэг, нэг машин барьж хотын замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх шаардлагагүй. Нийтийн тээврийн хүнд ачаанаас ч үүрэлцээд аль аль нь хөгжөөд дээшлээд явах боломж.
Манай хуучин таксиныхан бол сумын төв рүү явахдаа хань татахаар замын хүн аваад хот хүрээгүй сонссон хов живээ хамж шимж ярьж уйдаагаа гаргадаг жолооч шиг ам хуурайгүй ярих нь бий. Эсвэл дуртай газраа зорчигчоо буулгачихна. Санал зөрвөл элдэв өнгөөр хараалгуулах энүүхэнд. Биед нь халдаж, хүч хэрэглэдэг жолооч нар ч бий. Эмэгтэйчүүд бол Монголын нөхцөлд такси барихад тун хэцүү. Ерөөс “Хаашаа явах уу” гэж асуудаг такси Монголоос өөр байдаггүй л болов уу. Монголчилсон энэ стандарыг эвдэх үйлчилгээг “UB cab” компани нэвтрүүлэхээр хичээж байгаа нь сайшаалтай. Захирал Н.Отгонбаяр “Муу жолооч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлчилгээний стандартыг хэрэглэгч тогтоож буй тул муу жолооч нь шахагдана л гэсэн үг” гэдэг. Гэвч өнөөдрийн үйлчилгээнд арай л шахагдаж, үйлчилгээний стандарт тогтож хэвшээгүй л байна. Тиймдээ ч “UB cab”-ын жолооч нарын талаарх гомдол, санал тасрахгүй л байна. Жолооч нар нь элдэв зүйл, улс төрийг залхтал ярина, зорчигчоо хүссэн газраа буулгана, такси нь бохир заваан гээд л сошиалд байсхийгээд л гомдлууд хөвөрдөг.
Тиймээс одоо “Uber” таксинд сэхээтнүүд орж ирэх хэрэгтэй. Хувьдаа машингүй хүн гэж үгүй болсон. Эмч, багш гээд төрийн албан хаагчид “Uber”-т нэгд. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого хийх бодит ажил энэ шүү. Таксинд явахаар доошоо орно гэдэг тэнэг ойлголт манайхны дунд бий. Магадгүй муу жолооч нар л үйлчилгээний стандартыг эвдсэнээс үүдэлтэй хандлага байх. Гэтэл гадны улс орнуудад “Uber” такси үйлчилгээ жолооч нарт технологи нэвтрүүлсэн, ажиллагаа багатай, маш цэвэрхэн ажил болж хувирсан. Манайд бол төрийн албан хаагчид, сэхээтнүүд ийшээ ороод ирвэл “UB cab” жинхэнэ “Uber” утгаараа хэрэгжинэ.
Тэд хүссэн хүсээгүй оффисын соёлд суралцчихсан, хариуцлагатай, харилцааны соёлтой хүмүүс байж таарна. Зам дээр зогсож хүн ирэхийг хүлээх шаардлагагүй, гар өргөсөн хүн рүү уралдаж очихгүй, хүн хайгаад бензин тосоо дэмий үрэхгүй, “Uber”-т нэгдээд л ажлын бус цагаар, эсвэл цайны цагаар хоёр, гурван дуудлага авахад л тэр өдрийнхөө хэрэглээний мөнгийг цалингаас гадуур олчихно. Өнөөдрийн эмч, багш нарын цалин ямар байгаа билээ. Хамгийн тохиромжтой нэмэлт орлогын эх үүсвэр энэ байж болж байна.
Нэг компани 23.000 ажлын байрыг бий болгож чадаж байна гэдэг энэ салбарт эрэлт ч байна, нийлүүлэлт ч байна. Тиймээс энэ салбар руу сэхээтнүүд орж, орлогоо нэмэгдүүлдэг болмоор байна. Нэгэнт манай төр засаг төрийн чухал салбарт ажилладаг хүмүүсийнхээ хөдөлмөрийг зах зээлд нь тааруулаад үнэлж чадахгүйгээс хойш “Uber”-т давхар ажиллах боломж сэхээтнүүдэд байна.