2024 оны 07 сарын 4-9-ны өдрүүдэд: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны УАӨБТ-ийн газрын дарга, төслийн захирал Ш.Цэрэндулам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, төслийн баг Дорнод аймгийн Баянтүмэн, Булган болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Халзан, Түмэнцогт сумдад ажиллаж төслөөс хэрэгжүүлж буй дасан зохицох арга хэмжээний үр нөлөө, тогтвортой байдлын хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцахын зэрэгцээүр шим хүртэгч малчид, орон нутгийн холбогдох албан хаагчидтай уулзлаа.
Дорнод аймагт7 сарын 4 – 5-ны өдрүүдэд ажиллаа.
Томилолтын баг Дорнод аймагт усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор хэрэгжүүлж буй татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалах ажлын хэрэгжилттэй танилцлаа. Үүний нэг нь Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн нөхөн сэргээлтийн ажил юм. Нийт 2 га талбайг төслийн хүрээнд 2022 онд хашаалж хамгаалсан бөгөөд нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан модод нахиалсан үр дүн гарчээ. Мөн тус аймагт 2023 онд нийт 6 булгийн эхийг хашиж хамгаалсан бөгөөд эдгээрийн нэг болох Шанагийн булаг дээр очлоо. Булгийн эхийг хашиж хамгаалснаар булгийн ундарга сэргэж, ойр орчмын малчид, иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болжээ.
Төслийн нэг томоохон зорилт нь малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, гарал үүсэл тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, энэ талаарх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй өрхийн малчид хамтран “Дунгийн салхи” хоршоог 2022 онд байгуулсан бөгөөд гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Хоршооны гишүүд цагаан идээ, борц үйлдвэрлэхийн зэрэгцээ цайны газар ажиллуулж өрхийн үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
АДАПТ төслөөс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд Төр-хувийн хэвшил-малчдын түншлэлийг бий болгох, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан борлуулах ажлыг төслийн аймаг бүрд 2 суманд туршиж, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга зүйгээр дэмжин ажиллаж байна.Энэ хүрээнд тус хоршоонд төслөөс зах зээлд бараа, бүтээгдэхүүн хадгалах, зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж хөргүүртэй контэнерийг хүлээлгэн өгөөд байна.
Малчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан багийн түвшинд бага оврын өвс, тэжээлийн агуулах барих ажлын хүрээнд малчид, малчдын бүлэг ашиглах боломжтой бага оврын өвс тэжээлийн агуулахыг 2023 онд Булган суманд барьсан. “Баян эрхтийн бүрд” эмэгтэй ахлагчтай малчдын бүлэг нь өөрсдийн хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалан, энэхүү агуулахдаа хадгалан үр шимийг нь хүртэн ашиглаж байна.
Сүхбаатар аймагт 2024 оны 07 сарын 6- 9-ний өдрүүдэд ажиллаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга сум. АДАПТ төслөөр орон нутгийн хамтын санхүүжилттэйгээр тус суманд 2022 онд булгийн эхийг хамгаалсан, 2023 онд татмын ойжуулалт 30 га-д хийгдсэн, мөн худаг гаргасан. 2024 онд 4 га талбайд татмын ойжуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Томилолтын баг тус сумын Ганга нуурын орчмын 30 га газарт мод тарих ажилтай очиж танилцлаа.
“Хөөврийн булаг”-ийн урсац малын хөлд дарагдан, усны ундарга нь татарч бохирдон, ширгэсэн тул төслийн хүрээнд 2022 онд булгийн эхийг хашиж хамгаалснаар нэгхэн жилийн дотор үр дүн гарч булгийн ундарга сэргэсэн. Одоо Хөөврийн булаг нь нуур тогтоон урсаж булгийг тойрон нутаглах 25 өрхийн 30 гаруй мянган мал, амьтад ундаалж байна.
Баруун-Урт сум: Төслийн хүрээнд 2023 онд өвс тэжээлийн агуулах баригдсан. Тус өвс тэжээлийн агуулахыг түшиглэн орон нутгаас Баруун-Урт суманд анх удаа ногоон тэжээлийн туршилтын буюу сургалтын талбайг 20 га газарт байгуулсан. Ашиглалт, хамгаалалтыг орон нутгаас хариуцан зохион байгуулж байна.
Баруун – Урт голын дагуу татам дагуу ойжуулалт хийхээр 8 га талбайг 2023 онд хашаалсан. Орон нутгаас 1250 модыг энэ хавар тариалан арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.
Түмэнцогт сум: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлээс хамаарсан амьжиргааны тогтворгүй байдлыг багасгах зорилгоор хадлангийн болон нөөц бэлчээрийн газар хамгаалах, нөхөн сэргээх, аюулгүй нөөцийн тэжээлийн агуулах, өвсний саравч барих ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Түмэнцогт суманд хийгдсэн хадлан тэжээлийн 10 га талбайн хашаажуулалтын ажил болон байгалийн гамшигт үзэгдлийн үед сум, орон нутгийн түвшинд ашиглагдах зорилгоор баригдсан өвс тэжээлийн агуулахтай танилцав. Сумын Засаг даргын Тамгын газраас өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээр 2023 онд 6000 боодол өвс нөөцөлж, зудын хүнд нөхцөлд малчдадаа хүргэн ажилласан байна.
Мөн Түмэнцогт суманд байрлах улсын нөөцийн агуулахын засварын ажлыг 2023 онд төлөвлөн хэрэгжүүлсэн. Тус засварыг хийснээр байгалийн эрсдэлт гамшгийн үед ашиглагдах өвс, тэжээлийн нөөцийг хадгалж, зудын үед ойролцоох сумдад хангалтыг зохион байгуулсан байна.
Мөн тус суманд 2023 онд 20 га талбайд Хэрлэн голын дагуу татмын дагуу хашаалан, мод тарьсан.Тухайн модны ургалт, хашаажуулсан явцтай танилцлаа. Модны ургац хэвийн, тухайн нутагт 20 гаруй жил амьдарч буй малчин өрх усжуулалтыг хариуцан, хамгаалж байна.
Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал:
Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдсаныг дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур хоёр дахин их буюу 2.4 хэмээр дулаарч, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурснаас тодорхой харж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг хэдий ч нэг хүнд ногдон хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дундажтай харьцуулахад 2.7 дахин их байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг манай улс тэргүүнд авч үзэн, НҮБ-с 2015 онд батлагдсан Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байна.
АДАПТ төсөл:
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ. НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймагт 2021-2028 он хүртэл хэрэгжиж байна.
Монгол Улсын “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичигт нарийвчлан тусгасан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг сааруулахад чиглэгдсэн зорилтууд болох бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийг хөрсөнд шингээх замаар мал аж ахуйн салбарт дулаан ялгаруулалтыг бууруулах зорилтын хүрээнд төсөл хэрэгжих хугацаанд 3220 га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа явуулах, 48 өвс тэжээлийн агуулах барих болон засварлах, урсац бүрдэх эх болон гол мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар усны нөөцийн хүрэлцээг хангах зорилгоор 2500 га талбайд татмын ойжуулалт, тармаг ойн нөхөн сэргээлт, 88 булаг шандыг хашиж хамгаалах, 285 инженерийн хийцтэй худаг гаргах болон засварлах, 18 бага оврын хөв цөөрөм барих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
АДАПТ төслөөс зорилтот аймгуудын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээнд үндэслэн, аймаг тус бүрээр дасан зохицох төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд 2022 онд 28, 2023 онд 230байршилд дасан зохицох арга хэмжээг гүйцэтгэсэн байна.