Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ү.Амарбат: Өрх тусгаарлаж буй хүүхдэдээ хөрөнгө өгөхдөө бичлэг хийж баримтжуулах нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ DNN.mn


Өдөрт ойролцоогоор арван гэр бүл салж байгаа тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос хэлж байна. Гэр бүл салалтын үзүүлэлтийг дагаж гарч ирсэн асуудал нь хөрөнгийн маргаан. Иргэний хэрэг дээр шийдвэрлэгдэж байгаа асуудлын дийлэнх нь гэр бүл салалт, түүнтэй холбоотой хөрөнгийн маргаан байгааг шүүхээс мэдээлж байгаа юм. Үүний ард чинээлэг нэгэнтэй гэрлэлт батлуулаад хөрөнгийг нь хуваагаад салдаг жишиг нийгэмд түгээмэл болжээ. Гэр бүлийн хөрөнгийн маргааны эрхзүйн орчны талаар эрхзүйч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Нийгэмд гэрлэлт цуцлуулах асуудал түгээмэл гарах болжээ. Үүнийг дагаад хөрөнгө хуваах асуудал хөндөгддөг. Үүнийг зохицуулах эрх зүйн орчин нь ямар байдаг юм бэ?

-Гэрлэлт цуцлуулахад гардаг гол гурван асуудлын нэг нь хөрөнгө хуваах асуудал байдаг.

Ер нь хөрөнгө хуваах асуудлын талаарх ойлголт хүмүүст дутмаг байдаг. Хүний өмч, хөрөнгөтэй холбоотой асуудлыг иргэний хуулиар зохицуулдаг. Иргэний хууль дотроо гэр бүлийн өмч хөрөнгийн асуудал нь тусдаа зохицуулалттай. Үүнд хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь гэр бүлийн дундаа өмчлөх хөрөнгө, нөгөөх нь хувийн эд хөрөнгө.

Дундаа өмчлөх хөрөнгө гэдэг нь хэрэв гэрлэлтээ цуцалж хуваах болоход үүнийг гэр бүлийн бүх гишүүдэд хуваана. Хувийн хөрөнгө гэдэг нь гэрлэгчид салсан байсан ч, хамт амьдарч байсан ч тухайн хувь хүний өөрийнх нь хөрөнгө юм. Шинээр гэр бүл болж байгаа айлд зориулж хөрөнгө өгдөг уламжлал манайд бий

Найран дээр хөрөнгөө өгөхдөө ч айл болоход нь зориулж өгье л гэж өгдөг. Энэ нь үүнээс цааш энэ гэр бүлийн дундын хөрөнгө юм шүү гэх утгыг илэрхийлнэ. Харин энэ мал миний хүүгийн хуваарьт хөрөнгө юм аа гэж тухайн хүнд оноож өгсөн бол эсрэгээрээ эхнэрт мал хуваах асуудал яригдахгүй. Дараа нь гэрлэлтээ цуцлахад ч шүүх дээр гэр бүлийн гишүүдэд биш хэн нэгэнд нь оноож өгсөн юм аа гэдгээ баримтаар нотолж чадвал тухайн хүний хуваарьт хөрөнгө болж, хөрөнгөө хуваах асуудал үүсэхгүй. Тэгэхээр анх өгсөн зориулалтаар хөрөнгийг хуваах эсэх нь тодорхойлогдож байгаа юм.

-Хүү нь бэрээ дагуулаад очиход мал тасалж өгөөд тусад нь гаргадаг уламжлал өнөөдөр ч манайд бий. Тэгэхээр тухайн гэр бүлийн дундын хөрөнгө болох уу?

-Мал тасалж өгөхдөө зориулалтыг нь юу гэж хэлсэн бэ гэдэг нь л чухал. Айл болж байгаа хоёртоо гээд баривал дундын хөрөнгө болно. Харин “Хүүдээ өгч байна аа” гэвэл хувийн хөрөнгө болно гэсэн үг. Гэхдээ хүүгийнхээ найранд “Энэ хоёр салбал ингэнэ дээ” гэж бодоод сууж байдаг хүн гэж бараг байхгүй. Бэлгэ дэмбэрэл талаасаа ч байж болохгүй гэж үздэг шүү дээ. Тийм учраас л салах болоход хөрөнгөө шууд хуваах болдог.

-Гэр бүлийн хөрөнгө хуваах асуудалд шүүх дээр юуг баримт гэж үздэг юм бэ?

-Шүүх баримт, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргана. Барууны орнуудад гэрлэлтийн гэрээ гэж зүйл байдаг. Нийлж байх үеийн хөрөнгө, үүнээс хойш бий болсон хөрөнгөө гэр бүл цуцлуулбал яах вэ гэдгээ гэрээндээ тодорхой заасан байдаг. Гэрлэлт цуцлах болоход тухайн гэрээ нь нотлох баримт болдог. Манайд бол ийм соёл байхгүй. Байхгүй учраас нэгдүгээрт хөрөнгө хэний нэр дээр байна, нэр дээр нь шилжсэн хугацаа, гэрлэгчдийн хөрөнгө бий болоход оруулсан хувь нэмэр зэрэг нь баримт болдог. Хоёрдугаарт гэрчээр нотолдог.

Найран дээр аав, ээж нь өгсөн юм уу, хэн юу гэж хэлсэн гэх зэргээр нотлуулдаг. Гэхдээ үүнийг нотлох магадлал бага учраас шүүх дээр дундын өмч гээд гэр бүлийн гишүүдэд хуваагдах нь түгээмэл. Гэр бүлийн нийт гишүүдэд хуваагдана гэсэн үг. Таван гишүүнтэй гэр бүл байлаа гэж үзье л дээ. Ээж дээр гурван хүүхэд үлдэж байгаа бол хөрөнгийн 80 хувь нь ээжид үлдээд, 20 хувь нь аав дээр очно гэсэн үг.

-Гэр бүл болохоос өмнөх хөрөнгийг яаж шийдвэрлэх вэ. Энэ талаарх ойлголт манайд бага байдаг шүү дээ?

-Иргэний хууль дээр зохицуулалт бий. Гэрлэхээс өмнө тухай, тухайн хүн дээр байсан хөрөнгө бол хуваарьт хөрөнгө буюу өөр хэн нэгэнд хуваахгүй хөрөнгө юм. Харин гэр бүлд зориулж өгсөн хөрөнгө дундын хөрөнгө байна. Гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө нь хэн ямар хөдөлмөр зарцуулж хурааснаас үл хамаарч дундын хөрөнгө байна гэж заасан байдаг. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. А гэж залуу байртай байж байгаад Б-тэй гэр бүл боллоо гэж үзье. А-гийн зүгээс энэ миний байр ч манай гэр бүлийн хөрөнгө гэж үзээд ордер дээрээ эхнэрийнхээ нэрийг оруулаад явахад байр тэдний дундын хөрөнгө болно.

Харин ингэж ордер дээрээ хамтдаа бүртгэлтэй хэрнээ А, Б хоёр салахдаа А “Энэ миний хуваарьт хөрөнгө, эхнэр энэ хөрөнгийг бий болгоход ямар ч оролцоо байгаагүй. Бүр гэрлэхээс өмнө би өөрөө авсан байсан юм” гээд маргавал хэдийгээр хоёулангийнх нь нэр дээр байгаа ч А-гийн хуваарьт хөрөнгө буюу зөвхөн А-гийн өмч болох боломжтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө хэзээ үүсэж бий болсон, гэрлэгч талын үүрэг оролцоо байсан уу гэдэг нь хөрөнгө хуваахад шийдвэрлэх ач холбогдолтой.

-Хөрөнгө чинээтэй нэгэнтэй гэрлэлт батлуулаад хөрөнгийг нь хуваагаад салдаг үзэгдэл түгээмэл байх шиг. Хүүгээ, охиноо гэр болоход нь хөрөнгө өгөхдөө юуг анхаарах вэ?

-Хуучин цагт хүний чанар сайхан гэр бүлийн хөрөнгийн маргаан тэр бүр гардаггүй байж. Цаг үе өөрчлөгдөж гэр бүлийн асуудал тогтворгүй болж салалт түгээмэл болжээ. Зөвхөн хөрөнгийг нь хуваах зорилготой гэрлэх явдал гарах болсон байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулаад л хөрөнгийг нь хуваагаад салдаг. Ийм цагт гэрлэлт батлуулахдаа хууль эрхзүй талаасаа анхаарч, нарийн мэдлэгтэй байх нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Таны хүү нэг охин дагуулаад очдог. Шууд л хоттой малаасаа хуваагаад тусад нь гаргачихвал тухайн мал дундын хөрөнгө болоод эрсдэлд орж болно гэсэн үг. Энэ асуудалд хүлээцтэй хандах нь зөв. Өнөө үед зөвхөн хөрөнгө хуваах зорилгоор гэрлэлт батлуулах хүмүүс мэр сэр байх болжээ. Ийм төрлийн маргаан шүүх дээр ч их ирж байна. Тэгэхээр дээр дурдсан шиг аль аюулгүй байдлаар хөрөнгөө тасалж өгье гэвэл “Энэ малыг хүүдээ тасалж өгч байна” гэж хэлээд, найрынхаа тэр хэсгийг бичлэг хийж хадгалах ч юм уу, эсвэл өөр хөрөнгө шилжүүлж өгч байгаа бол мөн адил хүүдээ юм уу охиндоо өгье өө гэдгээ хэлээд, түүнийгээ боломжтой бол гэрээгээр боломжгүй бол дүрс бичлэгээр баталгаажуулах нь урьдчилан сэргийлэх нэг арга зам болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *