Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Золжаргал: Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна DNN.mn

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргалтай ярилцлаа.


-Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь хаана харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг вэ. Тус байгууллагад одоо хэдэн хүүхэд хүмүүжиж байна вэ?

-Шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдлуудын ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлдэг. Тус байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус байгууллагад одоо 30 орчим өсвөр насны хүүхэд хүмүүжиж байна. Үүнээс 2-3 удаагийн давтан гэмт хэрэг үйлдсэн зургаан хүүхэд байгаа бол бусад нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд байгаа.

-Тус газарт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрх хангагдаж чадаж байна уу?

-Прокурорын байгууллагаас өсвөр насны хүүхдүүдийн эрхийг хангах үүднээс Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын орчин, ахуй нөхцөл нь хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхтэй тогтмол танилцаж, хяналт тавьж ажилладаг.

Та бүхэн мэдэж байгаа байх, хуучнаар “Хүүхдийн хорих” гэж нэрлэгддэг байсан тус байгууллага нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлалтай байсан. Харин 2017 оноос хойш Налайх-Багахангай дүүрэгт байрлах 1978 онд баригдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байр нь олон жилийн өмнө баригдсан учраас хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас удаа дараа дүгнэлтүүд гарч байсан.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад прокурорын шаардлага хүргүүлж байгаа боловч төсөв, хөрөнгө дутагдалтай байдлаас шалтгаалан байрыг шинээр барих ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

-Тэгвэл тус газарт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн сурч, боловсрох эрх нь хэрхэн хангагдаж байна вэ?

Прокурорын байгууллагаас тус сургуулийн сургалтын чанар, стандартад мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт, шалгалт хийж холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2022 оны дөрөвдүгээр сард Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч шалгалт явуулахад өсвөр насны хүүхдийн сурах орчин нөхцөл хангалтгүй, зориулалтын заал танхимгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Дээрх зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

-Прокурорын байгууллагаас хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авсан уу?

-Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын орчин нөхцөл нь Олон Улсад тогтоосон стандарт, шаардлагад нийцэхгүй байгаа нь удаа дараагийн хяналт, шалгалтаар тогтоогдож холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа. Мэдээж хөрөнгө мөнгө, төсөв санхүүтэй холбоотой асуудал байна. Гэсэн хэдий ч Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдийн эрхийг хангаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах нь бидний үүрэг.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас энэ асуудалд анхаарч ажиллах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичиг хүргүүлээд байна.

-Прокурорын байгууллагаас тус байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа ямар ажил байна?

-Хамгийн сүүлд гэвэл, энэ оны зугадугаар сард Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нарт хорих, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн өсвөр насны хүүхдийн эрхийг хангах, энэ талаар Монгол Улсын хууль, тогтоомж болон олон улсын холбогдох гэрээ, конвенцод хэрхэн зохицуулсан талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан.

Тодруулбал, энэ чиглэлээрх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ конвенцод нийцүүлэх, дотоодын хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгох талаарх саналыг холбогдох эрх бүхий байгууллагуудад тавих, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, нөхцөл боломжоор хангах, төсөв санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлэх зэрэг шийдвэрүүд гарч зарим ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *