Categories
мэдээ цаг-үе

Ү.Содномцог: Манай зарим жолооч хээр морьтой давхиж яваа юм шиг дураараа хөдөлгөөнд оролцдог

Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилж байгаа. Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудын Ерөнхий прокурорууд оролцсон. Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид үйл ажиллагаанд анхаарах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогтой ярилцлаа.


-Зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Энэ талаар та ямар дүгнэлттэй байна?

-Зам тээврийн осол гарах нь олон шалтгаантай. Сүүлийн үед хөдөө орон нутгаас хот руу шилжин суурьших хөдөлгөөн ихэссэн. Мөн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, явган зорчигч, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй, хотын соёлд суралцаагүй нь олон ноцтой осол, гэмт хэргээс харагддаг. Манай зарим жолооч нар хээр талд морио унаад малаа хариулж яваа юм шиг дураараа хөдөлгөөнд оролцох нь ч бий. Түүнчлэн хотын буруу төлөвлөлтийн улмаас үзэгдэх орчныг хязгаарласан байшин барилга, чанаргүй тавигдсан замын эвдрэл гэмтэл зэрэг нь зам тээврийн осол хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

-Осол, гэмт хэрэг гаргасан жолоочид ямар хариуцлага тооцдог талаар тодруулаач?

-Тухайлбал, Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэр Түргэний голын гүүрний урд замд иргэн Т нь жолоодох эрхээ хасуулчихсан, согтуурсан үедээ өнгөрсөн оны долдугаар сард осол гаргасан. Ингэхдээ Т “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Улмаар “Beiben” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М, С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Х, Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул шүүхээс түүнийг гэмт буруутайд тооцож, нэг жил дөрвөн сарын хорих ялаар шийтгэсэн тохиолдол бий.

Мөн Г нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн XX хороо Гачууртын замд “Тоска” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Г согтууруулах ундаа хэрэглэн хурд хэтрүүлснээс осол гаргаж, улмаар М-ийн амь нас хохирч, зорчигч А, явган зорчигч Б нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. Мөн иргэн Б-гийн хашааг мөргөж, нэг сая 500 мянган төгрөгийн хохирол тус тус учруулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Ийм харамсалтай хэргүүд удаа дараа гарч байна.

-Ноцтой осол гарч байгаагийн шалтгаан нь юу вэ. Үүнийг бууруулахын тулд яах ёстой юм бол?

-Манай прокурорын байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган цөөнгүй ажил хийж байна. Ингэхдээ осол хэрэг гаргасан жолоочийн байгууллага, аж ахуйн нэгжид прокурорын хугацаатай мэдэгдэл хүргүүлж, тодорхой ажил зохиолгож, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа юм. 2015 оноос эхлээд телевиз, радио, сонин зэрэг хэвлэл мэдэээллийн байгууллагуудтай хамтарч , зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээ мэдээлэл, яриа таниулга хийх, зурагт хуудас тараах, телевизийн шторк бэлтгэн гаргаж, иргэдэд сурталчилсан. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын автобуснууд, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, гэнэтийн болон төлөвлөгөөт шалгалтуудыг хийж, үр дүнг нь тооцон ажиллаж байна. Тухайлбал, автобус компаниудын парк шинэчлэлт шаардлага хангахгүй байгаа юм. Хуучин автобуснууд эвдрэл гэмтэл ихтэй, хурд хэмжигч нь эвдэрхий зэрэг нийтлэг зөрчил илэрдэг. Техникийн хувьд бүрэн бус, хаалга, суудлууд эвдэрхий байдаг. Энэ нь осол зөрчил гаргахад шууд нөлөөлдөг. Мөн зорчигчийн тав тухтай байдлыг хангадаггүйгээс болж, хүмүүс нийтийн тээврээс хувийн унааг илүүд үзэх болсон. Иймээс замын түгжрэл их байна. Өнгөрсөн онд манай прокурорууд Сонгинохайрхан дүүргийн хамгийн их осол гардаг зам дээр биечлэн ажиглалт, судалгаа хийсэн. Ингээд хотын Захирагчийн ажлын албанд мэдээлж, замын хаалт хашилт хийлгэсэн. Энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их бий.

-Өөр ямар төрлийн осол, гэмт хэрэг гардаг вэ. Төмөр зам болон агаарын тээвэртэй холбоотой осол гарах тохиолдол бий. Энэ талаар ярихгүй юу?

-Дээр дурдснаар жолооч өөрөө шууд осол гаргахаас гадна бусдын автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явах, жолооны эрхгүй эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх тохиолдол их байна. Үүнээс болж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд хохирол учрах гэмт хэрэг гарсаар байгаа юм. Харин агаарын тээврийн тухайд харьцангуй бага хэмжээний зөрчил ганц нэг удаа гарах үе бий. Төмөр замтай холбоотой осол, зөрчил өнгөрсөн онд цөөнгүй гарсан. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, төмөр замын гарам, гарц руу нэвтрэхдээ галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлох тэмдэг тэмдэглэгээ, дуут дохиог харалгүй осолд өртөж хохирох явдал гарсаар байгаа. Төмөр замын ажилчид тээврийн болон хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хамгаалаагүйгээс галт тэргэнд хавчуулагдаж нас барах тохиолдол хоёр удаа гарав. Мөн төмөр замын аюултай бүсийн дэглэмийг зөрчснөөс галт тэргэнд иргэд дайруулж нас барах тохиолдлууд ч байсан. Нөгөө талаас Төмөр замын байгууллага аюултай бүсээ зохих ёсоор хашиж хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс болж гарсан ослууд ч байдаг.

-Монголчуудын амин хувиа хичээх үзлээс нь болж зам тээврийн осол болон бусад гэмт хэргүүд гардаг гэдгийг судлаачид хэлсээр байгаа…

-Үүнтэй санал нэг байна. Замын хөдөлгөөний дүрэм бүх хүнд хамааралтай байдаг. Гэтэл манай явган зорчигч нар “Би явган зорчигч, бүх тохиолдолд би давуу эрхтэй, жолооч надад зам тавьж өгөх ёстой” гэсэн буруу бодолтой байх юм. Ингэж амин хувиа хичээх үзлээс болж иргэд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Нөгөө талаар жолооч нар бусдын машины өмнүүр буруу хараад л зүтгэх нь нийтлэг байдаг.

-Хотын соёлтой иргэн болж төлөвшихийн тулд замын хөдөлгөөнд “Эхлээд та, дараа нь би” гэх үзлийг баримтлах ёстой болов уу?

-Цаг үеэ дагаад зарим жолооч нарын сахилга хариуцлага, ухамсар харьцангуй дээшилж байгаа. Энэ байдлыг цаашид улам сайжруулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Ядаж л насанд хүрсэн хүмүүс нь залуу үе, бага насны хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй юм. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцох дадал хэвшлийг бий болгох ёстой. Мөн явган хүн бол хүссэн үедээ зогсож чаддаг бол жолооч техниктэй харьцаж байгаа учраас ямар ч саад учирч болно гэдгийг тооцоолж, ухамсарлах ёстой. Бага насны хүүхдэд хотын соёл, замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг системтэйгээр заах хэрэгтэй гэж бодож байна. “Та, таны дараа би” гэдэг үзлийг багаас нь хүүхдэд төлөвшүүлж, томчууд үлгэрлэх ёстой. Хөдөө орон нутгаас хотод суурьшихаар шилжин ирж буй иргэдийг тусгайлан хотын соёлд сургах сургалтад хамруулж байх хэрэгтэй санагддаг.

-Осол гаргахгүй байхын тулд иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хамгаалах нь чухал уу?

-Урин дулааны цагт гэр бүл, хамт олон, ах дүүс, найз нөхдөөрөө олуулаа хөдөө орон нутаг руу аялах, зугаалах явдал эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хувь хүнийхээ зүгээс хангах, замын хөдөлгөөний сахилга, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, зам орчин, цаг агаар зэрэгт хурдаа тохируулж явж сурах хэрэгтэй. Манай жолооч нар хотоос гараад зам зуур ямар нэгэн цагдаагийн хяналт байхгүй гэж шууд хурдаа нэмдэг. Олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодож ядрах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх тохиолдол их байна. Мөн замын хөдөлгөөн сийрэг гэж туршлага муутай хүн дадлага хийх байдлаар тээврийн хэрэгсэл жолооддог, бие биедээ жолоогоо шилжүүлдэг зэрэг байдлаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амсдаг. Иймээс иргэд өөрсдөө ухаалаг байж, аль болох гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх алхмыг хийж, хэвших хэрэгтэй.

-Өнгөрсөн онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн?

-2017 он нэлээн онцлог жил байлаа. Учир нь олон шинэ хуулиуд батлагдан гарч, хэрэгжлээ. Гэхдээ хувь хүний хувьд шүүмжилмээр зүйл ч байлаа. Мэдээж хүний эрхийг дээдлэх, нийгмийн шинэ харилцааг зохицуулах зэрэг олон шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тэдгээр том, суурь хуулиудыг нэг дор бөөнөөр нь шинэчилснээр жирийн иргэдэд байтугай хуульчдад ч хүндрэлтэй байдал үүссэн. Мөн хуулийг хэрэглэж эхлэхээс өмнөх сургалт үнэхээрийн чанаргүй, цаг хугацааны хувьд шахуу байлаа. Хуульч хүнийхээ хувьд би ийм бодолтой явдаг. Нэгдүгээрт, хуулийг үе үе шинэчлэн гаргах нь тийм ч сайн зүйл биш. Харин байнга ард иргэддээ сурталчилж, таниулах нь чухал. Хэрэгжүүлж байгаа хуульч, албан тушаалтнуудаас санал авч, амьдрал практикт тохирохгүй, өөрчлөх шаардлагатай хэсэгт нь засвар оруулах маягаар байнга сайжруулж, урт хугацаагаар хуулийг тогтвортой үйлчлүүлдэг байх нь зөв гэж боддог. Хоёрдугаарт, бид Америк гэдэг ч юм уу, Европын орнуудад, Солонгосыг “Ямар сайхан тайван, айх аюулгүй юм бэ” гэдэг. Энэ нь хуулийг тэгш хэрэгжүүлж, хэвшсний үр дүн юм. Тухайлбал, манайд замын хөдөлгөөнд цагдаа камераар хяналт тавьж, хаягаар нь торгуулийн хуудас явуулдаг. Энэ нь сайн хэрэг. Нэг ёсондоо Зөрчлийн хууль гэхэд хүн бүрт адилхан үйлчилдэг, завсраар нь хэн нэгэн зөрчил гаргагч сугарч үлдэхгүй, бусдын адил шийтгэл хүлээдэг болчихвол хэн ч дахин дахин хууль зөрчиж, шийтгэл хүлээхийг хүсэхгүй. Ингэснээр бүгд хуулийг алагчлахгүй хэрэгжүүлдэг бодит байдлыг бий болгоно. Иймээс ямар ч хууль хүн бүрт ижил үйлчилдэг, сайхан нийгмийг бий болгоход цагдаа, мэргэжлийн хяналт, гааль гээд бүх эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа чухал нөлөөтэй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *