Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа, СТА У.Пүрэвсүрэнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрээр тун удахгүй “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа юм.
-Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Цэнхэр тэнгэрийн орон” хэмээх сайхан уран бүтээлийг Монголын ард түмэн андахгүй. Энэ дуу сонин түүхээс бүтсэн гэдэг. Дууны шүлгийг та хэрхэн бичив?
-Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэн гэж уран бүтээлч залуу бий. Бид хоёр уран бүтээлийн сайхан найзууд, 10 гаруй дуу хамтран зохиосон байдаг. Бид хоёр нэгнийхээ их хурцална аа. Нэг өдөр найзынхаа студи дээр яваад очсон юм. Уран бүтээлээ ярилцаад сууж байтал У.Пүрэвсүрэн “Хоёулаа олон дуу бүтээхдээ нутгийн тухай дуу хийгээгүй юм байна. Би ч өчнөөн дуунд аялгуу хийлээ” гээд манай хүн онгирлоо. Ер нь жаахан онгироо талдаа. Би ч бас 13-тайдаа анх шүлэг бичсэн хүн, өдгөө хүртэл 500 гаруй шүлэг бичиж, 40, 50 орчим дууны аялгуу хийгээд, нэг кино зохиол, нэг жүжгийн зохиол, нэг дуурийн цомнол, 10 орчим баримтат киноны зохиол бичсэн гээд хоёулаа бие биендээ жаахан онгирохгүй юу. “Тэгвэл нутгийн тухай бүтээл чи яаж хийдэг юм, би ингэж хийдэг” гэдэгтээ туллаа. Би “Бал цаас аваад ир” гэж байгаад “Цэнхэр тэнгэрийн орон” дууны шүлгийг газар дээр нь дөрвөн бадгийг дахилттай нь бичээд “За би таван минутад бичлээ шүү” гээд өглөө. Манай хүн авангуутаа утасныхаа дуу хураагуур дээр тавьж байгаад “Сүрлэг хархираан торгон салхи” гээд шууд аялсан. Ингэж л энэ дуу маань 10 минутын дотор бүтсэн. Хоёр уран бүтээлчийн сэтгэлийнх нь бие биенээ хурцалсан хурцлал, омогшил, хүчтэй сэтгэлгээн дээрээс бүтсэн болохоор энэ бүтээл тэр амиараа Монголын ард түмний дуулах дуртай дуу болсон болов уу. Тэр жил манай нутгийн 90 жилийн ой тохиож, С.Жавхлан анд маань энэ дууг сонсонгуутаа “Энэ дууг би дуулах ёстой юм байна. Өгөгдлөөр та хоёр зохиожээ” хэмээн бэлгэшээж авч дуулсан түүхтэй.
-Дууны шүлгийн мөртүүд, аялгуу аль, аль нь нь тансаг. Та шүлэгтээ юуг дүрслэхийг зорив?
-Надад нэг ийм бодол явдаг байсан юм. Хэзээ билээ нэг жил Увс аймгийн Засаг даргын тушаалаар “Увс нуур” дууг аймгийн сүлд дуу болгосон. Яахав, уран бүтээлчийг цаг хугацаа төрүүлдэг. Уран бүтээлч өөрөө цаг хугацаандаа уран бүтээл төрүүлдэг. “Увс нуур” дууг үнэхээр манай ард түмэн бүгдээрээ дуулдаг сайхан бүтээл. Гэхдээ Увс аймаг өөрөө олон ястны өлгий, өөрсдийн зан заншил ихтэй. Ачит, Айраг, Үүрэг, Хяргас, Увс гээд маш олон нууртай. Хархираа, Түргэн, Ханхөхий, Цагаан шувуут гээд олон сүрлэг уулстай. Хотон, дөрвөд, халх, баяд ястнуудтай. Энэ бүхнийг шингээсэн уран бүтээл яагаад өнгөрсөн хугацаанд төрөөгүй, ганцхан нуурынхаа тухай дууг сүлд дуу болгосон юм бол гэж уран бүтээлч хүний хувьд эрэл хайгуул тархинд минь байсан юм. Хоёрдугаарт, аав минь надад хэлдэг байсан. Миний хүү өндөр уулын орой харж яваарай. Бодол нь уудам байдаг, өргөн их нуурынхаа цаад үзүүрийг харахыг хичээгээрэй, сэтгэл чинь тэр хэрээр цалгиатай байдаг гэдэг байлаа. Тэр л сэтгэлээр би “…Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий
Алтайн уулс нь дүнхийж л байдаг тэнд бодол минь бий
Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий
Сарьдаг хөхийн уулсын ширхэг чулуу зүрхэнд минь бий” гэсэн энэ дөрвөн мөрөнд нутаг амьтай, эх нутгаа хайрлах хүний гүн гүнзгий бодрол дунд нь оршсон байж магадгүй ээ гэж боддог. Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий… гэдэг мөртөөр энэ дуу маань найрын дуу болоосой гэж мөрөөдөж бичсэн юм. Сарьдаг хөхийн уулсын ширхэг чулуу зүрхэнд минь бий…гэж. Үнэхээр нутгийн ширхэг чулуу хүртэл амины үнэтэй шүү дээ. Энэ дуу маань дөрвөн бадагтай бичигдсэн. Гэтэл дууны стандарт гэж бий. Зохиолын дууны стандарт таван минутаас илүүгүй байхад зохимжтой байдаг. Тийм болохоор нэг бадгийг хасъя гэхээр хайран санагдаад дахилтын үеэр би өөрөө уншдаг. Хүмүүс ч сайхан хүлээж авсан. Дуулахдаа хүртэл шүлгийн бадгийг давхар уншдаг юм билээ. Тэр үед
Мандах наран дор нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг… гэдэг дуу тэр үед гарч ирж байсан даа. Тэгэхэд би мандах наран зүгт Сүхбаатарын нутаг байдаг бол миний нутаг наран шингэх нутагт шүү дээ гэж бодсоор “Намар намартаа найрын дуу намдаж үзээгүй
Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй… гэсэн мөрүүд тэр бодрол дээрээс орж ирсэн.
-Та бас Ю.Цэндэнбал даргын тухай “Буурал даргын нутаг” хэмээх дууны шүлгийг бичсэн. Монгол Улсыг 40 жил удирдсан энэ эрхэм хүний тухай кино бүтээгдэж байна. Дээр нь бас сайхан дуу мэндэлжээ?
-Аав маань Увс аймгийн Давст сумын уугуул. Ээж маань сүрлэг Хархираан цаагуур Гурван булаг гэж газраар нутагтай эмэгтэй байсан юм. Аав маань 17 настайдаа ижийд сэтгэлтэй болж ханилан суугаад Хархираан нутгаар нутаглаад явчихсан. Аавыг минь Пунцагийн Уртнасан, ижийг минь Түвшингийн Жавзан гэдэг байв. Хоёр жилийн өмнө нутагтаа очоод байхад аймгийн Засаг даргын орлогч Нямсамбуу гэж хүн надад “Чи нутагтаа ирчихсэн байгаа юм чинь Давст сумаар яваад ир. Ирэхдээ Давстын тухай сайхан шүлэг бичиж ирээч” гэсэн. Ингээд би ижийнхээ хамт аавынхаа нутгаар явлаа. Давст руу яваад оронгуут л бороо орж угтсан. Буцахдаа Увс нуурын хөвөөн дээр очлоо, бас бороо орлоо. Увс нуурын захад Бор талын овоо гэж байдаг. Өвөөгийн маань шүтдэг овоо тэр байж. Би тэр овоонынхоо дэргэд сууж байгаад “Буурал даргын нутаг” дууныхаа шүлгийг бичсэн юм даа. Хоёр жилийн дараа У.Пүрэвсүрэн маань аяыг нь хийж гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж ард түмэнд хүртээл болсон доо.
-Таныг анх 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн гэсэн. Олон жил бичсэн шүлгийн дэвтрээ хаяснаас болж нэг хэсэг үзэг, цаас бариагүй гэдэг?
-Аав маань жинчин хүн байлаа. Тэмээн жингээр Увсаас Хөвсгөлийн Ханх Хатгалын зүгэт зун, намрын зургаан сар явдаг байсан юм. Аав маань намайг зургаан настай байхад жингээсээ буцаж ирж байгаад гэнэт бие нь муудаж тал цус харвасан. Ингээд зургаан жил таягтай, хэвтэрт байсаар бурхны оронд буцсан даа. Эцэггүй хүний сэтгэл эмтрэнгүй, эрэмдэг, эмзэг байдаг. Аавгүй орон зай гэдэг бол хүний сэтгэлд ямар их хоосрол, ганцаардал авч ирэх нь ойлгомжтой. Нэг удаа сургуулийн хүүхдүүтэй багахан зодоон үүсгээд, нэгнийх нь аав ирж өмөөрсөн юм. Хоёр ч удаа ийм зүйл болсон. Тэгэхэд л аавгүй орон зай ямар хэцүү юм бэ. Очоод хэлье гэхэд аав байхгүй, үнэхээр их ганцаардсан. Тэр үед 13-тай байлаа. Тэгээд нэг шүлэг бичсэн юм. Аавыгаа хөдөөлүүлэх их хагацлын тухай шүлэг.
Арц хүж ханхалж зулын гэрэл сүүмийсэн
Аврал энхийг ерөөж маанийн уншлага задарсан
Ахан дүүс садан төрлөөрөө хагацлын нулимс бөмбөрүүлсэн
Аймшигт тэр өдөр одоо ч зүрхэнд уяатай
Үүрийн цагаан гэгээ манхайн цайх агшинд
Үдшийн сарны гэрэл мэлтийн тусах мөчид
Ахын машины нуруун дээр цагаан даавуугаар ороосон
Аавын минь эрдэнэт цогцсыг зөөлхөн байрлуулж байлаа….гэсэн мөртүүдтэй шүлгийг сургуулийнхаа тэмцээнд орж түрүүлж байлаа. Тэр үед надад нэг бодол төрсөн. Сэтгэлдээ байгаа бүхнийг асгаж болох том талбар бол цаас юм байна. Гаргаж болох орон зай бол үзэг юм байна гээд 13 настайгаас хойш үзэг цаас хоёртой нөхөрлөж эхэлсэн. Ингээд СУИС-д ороод хоёрдугаар курс хүртлээ би тасралтгүй шүлгээ бичсэн. Бараг 200 гаруй шүлэг тэрлэсэн дэвтэртэй байлаа. II курст нэг удаа шүлэг биччихээд дэрнийхээ завсар дэвтрээ хийчихсэн байсан юм. Нэг сэрээд хартал дэвтэр маань алга. Тэр үед оюутнууд байрандаа цуглаад гитардаж дуулаад би шүлгээ уншдаг сайхан он цаг байсан. Миний шүлгэнд дурласан хүүхдүүд олон ч байлаа. Тэд нарын маань нэг л авсан болов уу гэж боддог. Тэр шүлгийн дэвтрээ алдахад би яг аавыгаа алдсан юм шиг мэдрэмж авсан. Үнэхээр урам хугарна гэдэг тэр л байх. Хоёр жил гаруй дахиж юм бичээгүй. Сургуулиа төгсөөд Увсын театрт найруулагчаар очоод байхад нэг шавь маань надад бор дэвтэр бэлэглэлээ. Хавтсан дээрээ маш сайхан урмын үгтэй байлаа. Үгийн хүч гэдэг гайхалтай. Шавийнхаа тэр үгэн дээр сайхан сэргэлт авч эргээд шүлгээ бичиж эхэлснээс хойш өдгөө 500 гаруй шүлэг бичээд байна.
-Танай гэр бүлийн хүн бас урлагийн хүн байдаг гэсэн үү?
-Миний хань Ц.Алтантуул гэж уран нугараач бүсгүй бий. Увс аймгийн Хөгжимт драмын театрт аравдугаар ангиа төгсөөд бүжигчнээр орж байсан. Дараа нь СУИС-д надтай хамт кино драмын чиглэлээр төгссөн. Надад Хилийн цэргээс ажлын санал ирэхэд намайг дагаж Монгол Улсын хилээр явсаар өдгөө Уртнасангийн Пүрэвсүрэн гэдэг хүнийг бүтээх гэж өөрийнхөө мөрөөдөл, авьяас билгээ орхиж миний төлөө амьдралаа золиосолсон сайхан ханьтай хүн. Мэдээж яруу найрагч, шүлэг бичдэг хүний хань байна гэдэг амаргүй. Миний арын албыг нуруундаа бат үүрч явдаг. Цэргийн хүмүүс “Та хурандаа бол таны эхнэр генерал” гэж ярьдаг. Би дэд хурандаа, миний ард нэг хурандаа сайхан бүсгүй бий дээ.
-Тун удахгүй “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийг тоглолтоо хийх гэж байгааг дууллаа. Тоглолтын бэлтгэл хангагдсан уу?
-Миний “Цэнхэр тэнгэрийн орон” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маань ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тоглолтыг маань “Хамаг Монгол” төслийнхөн санаачлан зохион байгуулж байгаа. С.Жавхлан гишүүн бид хоёр арван жилийн нэг анги, СУИС-ийн нэг төгсөлтийн хоёр. Бүр багын найзууд. “Хамаг Монгол” төслийг санаачлан зохион байгуулахад би эхнээс нь дуустал гар бие оролцож хамгийн сүүлд Чингис хааны талбайд хаалтын тоглолтоо хийхэд тайзны найруулагчаар ажиллах хувь тохиосон юм. Үүний дараагаас У.Пүрэвсүрэнгийнхээ тоглолтыг зохион байгуулж өгье гэсэн санал санаачилга “Хамаг Монгол”-ынхон гаргасан. Миний хувьд маш их баяр талархалтайгаар хүлээж авч бэлтгэл ажилдаа ороод байна.
Тоглолтынхоо нэрийг “Цэнхэр тэнгэрийн орон” гэж өгсөн нь учиртай. Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан дууны нэрээр нэрлэсэн тоглолт биш юм. Учир юу вэ гэвэл би 2003 онд СУИС-ийг төгсөөд хоёр жилийн хугацаанд Увс аймгийн Ойрад хөгжимт драмын театрт найруулагчаар ажилласан. Үүний дараа Хилийн цэргээс надад ажлын санал тавьсан юм. Түүний дагуу Сэлэнгэ аймагт Хилийн 0243 дугаар ангид цэргийн сэтгэл зүйч чиглэлээр офицер болж таван жил Монгол Улсын хил дээр ажилласан. 2010 оноос өнөөдрийг хүртэл ХЦДБЧ гэдэг энэ их айлд анхны ерөнхий найруулагчаар томилогдон ажиллаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай чуулга Монгол Улсын хэмжээнд байдаг ганц нүүдэлчин чуулга. Манай чуулгын үндсэн үүрэг дөрвөн зүг найман зовхист Монгол Улсын хилийг амгалан тайван байлгахын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа хилчид, тэдний гэр бүл, хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үндсэн үүрэгтэй. Гэхдээ хоёр жилд нэг удаа улсын хилийг бүтэн тойрох ёстой. Тэгэхээр энэ хугацаанд уран бүтээлчид маань хилийг хэдэн удаа тойрсон байх вэ гэдэг их том агуулга. Одоогоос дөрвөн жилийн өмнө би 45 хоногийн ансамбль аваад хил рүү гарсан юм. Говь-Алтайгаас эхлээд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан гэсэн маршрутаар явах болсон. Мэдээж Говь-Алтай бол говь алтай хосолсон нутаг. Бор шаргалдуу өнгөтэй. Баян-Өлгийн нутаг ч бас тийм. Ингэж 20 гаруй хоног явчихаад Баян-Өлгийгөөс Увс руу даваад ороход Үүрэг нүүр, Цагаан шувуут уул маань цэнхэртээд яалт ч үгүй “Цэнхэр тэнгэрийн орон” гэж уулга алдаж байсан. Тэр нэг мэдрэмж. Хоёрдугаарт, гадагшаа явахад хүний нутгийн тэнгэр нэг өөр, өөрийн нутгийн тэнгэр нэг өөр санагддаг. Монгол бол цэнхэр тэнгэрийн орон юм байна гэж боддог байсан. Тийм учраас тоглолтынхоо нэрийг би “Цэнхэр тэнгэрийн орон” гэж нэрлэсэн юм шүү.
-Танд одоо бичихийг хүсдэг ямар сэдэв, уран бүтээл байдаг вэ?
-Энэ орчлонгоос шүүрдье гэвэл сэдэв мундахгүй юм. Хүмүүний амьдрал гэдэг ганцхан жил шиг цаг хугацаа. Хавар мэт ургаад зун мэт цэцэглээд намар мэт гандаад өвөл мэт нойрсоно. Энэ цаг хугацаанд яаж багтаж амьдрах вэ. Яаж өөрийнхөө мөрийг үлдээх вэ. Хүүхдүүддээ яаж зөв үлгэрлэл болох вэ. Яаж Монгол Улсын хилийн хэмжээнд хилчдийнхээ түүчээ болж амьдрах вэ. Тэр хүмүүст яаж хөг аялгуу нэмэх вэ гэх мэтчилэн хийе, зорьё гэсэн бодол олон байна. Гэхдээ үүн дотроос Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон тухай туульсын дуулалт жүжиг тавьчих юмсан гэж мөрөөдөж явдаг. Ялгуун баатар Сумьяа Бээс гэж алдартай хилчин хүн байж. Шинжаанаас нүүж Богд хаант Монгол Улсын үед Алтан булагийн хилээр орж ирсэн. Тэр үед Богд хаан тэр хүнд хойд хилийг хариуцуулж үлдээсэн. Ялгуун баатар Сумьяа Бээс бол маш алдартай дайнч тулаанч хүн байсан. Тэр хүнээс сэдэл авч Ялгуун баатар Сумьяа Бээс хэмээх дуурийн цомнол бичсэн. Тэр цомнолоо дуурь болгоод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхаа алтан тайзан дээр тавих юмсан гэсэн мөрөөдөл бий.
-Тэр мөрөөдөл тань биелэх болтугай…
-Баярлалаа.
Б.ЭНХЗАЯА