Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Өлзийн Оюунбаатартай ярилцлаа.
–Таны энэ өдрийн амрыг эрье. Танай лаборатори хэзээ байгуулагдсан бэ. Байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулна уу?
-Геологийн төв лаборатори анх 1957 оны 11 дүгээр сард БНМАУ (хуучнаар)-ын СнЗ-ийн тогтоолоор СнЗ-ийн дэргэд эрдэм шинжилгээний лаборатори нэртэйгээр байгуулагдаж, одоогийн манай энэ лабораторийн суурь тавигдсан гэдэг. Энэ жил лабораторийн маань 60 жилийн ой тохиож байна. Тус лаборатори нь эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загварын үйлдвэрлэл, ур чадварын сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага. Мөн үйл ажиллагаандаа олон улсын ISO/IEC 17025, ISO Guide 34, ISO/IEC 17043 стандартуудыг нэвтрүүлж, олон улсын хэмжээнд гурвалсан “Платинум стандарт” итгэмжлэлтэй Монгол Улсын анхны лаборатори. Манай лабораторийн хараат бус үйл ажиллагаа, олон жилийн шинжилгээний ажлын туршлагыг дотоод, гадаадын үйлчлүүлэгчид өндрөөр үнэлдэг. Үнэн зөв баталгаатай үр дүнгээр захиалагч, үйлчлүүлэгчийг хангах үүрэгтэй, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Одоогоор 10 хэлтэс нэгжтэй, 15 орчим төрлийн шинжилгээг өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар 164 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн 17 байгууллагын 23 талбайн, хувийн хөрөнгө оруулалттай гадаад, дотоодын 650 гаруй компанийн 67000 гаруй дээж сорьцонд шинжилгээ болон технологийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
-Танай лабораторийн 60 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар цөөн үгээр товч хариулахгүй юу?
-Манай улсын эдийн засгийн тулгуур салбар Уул уурхайн салбар гэдэгтэй санал нийлэх байх. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсын эрдсийн сан хөмрөгийг нээн илрүүлэх, нөөц баялгийг арвижуулах, зүй зохистой ашиглах хамгийн тохиромжтой аргыг сонгоход Геологийн төв лаборатори нүд, чих нь болж ирсэн. Энэ хугацаанд манай лаборатори нийт нутаг дэвсгэрийн төрөл бүрийн ашигт малтмалын 1000 гаруй ордын тайланд эрдсийн шинжилгээ судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэсэн байна. Томоос нь дурьдвал Эрдэнэт, Цагаан суврагын зэс, Таван толгой, Багануур, Шивээ овоогийн нүүрс, Заамарын алт, Төмөртэй, Баянголын төмөр, Хажуу улаан, Хар айраг, Цагаан дэлийн жонш, Лугийн гол, Мушгиа, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордуудыг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, аливаа орд газруудыг нээн илрүүлэх, хөрөнгө оруулалт татахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний үр дүн маш чухал байдаг тул геологийн төв лаборатори мэргэжлийн байгууллагын хувьд улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар байгаа. Ер нь Геологийн төв лаборатори нь ганц уул уурхайн салбар биш байгаль орчин, хөдөө аж ахуй, хүний эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, боловсон хүчнийг өөрийн үйлдвэрлэлийн бааз суурийг түшиглэн орчин үеийн арга технологид сургаж, дадлагажуулахад томоохон үүрэг гүйцэтгэж байна.
-Таныг оны өмнө захирлаар томилогдсон гэж сонссон. Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу? Томилогдохоос өмнө эрхэлж байсан ажлын талаар?
–Би Геологич инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн цагаас хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 32 жил геологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Сүүлийн 16 жил нь төрийн байгууллагад ажилласан. Үүний 10 гаруй жилд нь Төрийн өмчит үйлдвэрийн газар ажилласан. Би 2000-2008 онд “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ийн захирлаар, 2008-2012 онд ЭБЭХЯ-д Геологийн бодлогын газрын даргаар, 2013 онд Ашигт малтмалын газрын Геологийн албаны орлогч даргаар ажилласан. 2016 оны 10 дугаар сард тус лабораторийн захирлаар томилогдсон.
-Төрийн байгууллагын дарга солигдох болгонд ажилчидаа олноор нь халдаг, чөлөөлдөг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар?
-Манай байгууллага төрийн өмчит үйлдвэрийн газар учраас бүтэц, орон тооны дээд хязгаараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулдаг. Би 2016 оны 10 дугаар сард томилогдоод бүтэц, орон тооны дээд хязгаараа ТӨБЗГ-ын 115 дугаар тогтоолоор батлуулсан. Манай байгууллага дээд тал нь 158 хүний орон тоотойгоор ажиллах ёстой. Өмнө нь 189 хүний орон тоотой ажиллаж байсан тул орон тооны дээд хязгаартаа багтаан 20 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Эдгээрээс тал хувь нь өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Геологийн төв лаборатори бол аж ахуйн тооцоон дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн байгууллага. Тиймээс үр ашиггүй ажиллаж хэт олон ажиллагсадтай болсоныг залруулж үр ашигтай ажиллуулах үүднээс цомхотгол хийсэн. Заавал төрийн өмчийн байгууллага гэхээр алдагдалтай ажиллах ёсгүй. Мэдээж ажлаас халагдсан хүн дуртай байхгүй учир шүүмжлэл гарч л таарна. Хэдийгээр хэл ам гарч байгаа боловч энэ бол зөв ажил байсан гэдэг нь тодорхой хугацааны дараа харагдах байх.
-Танай байгууллагын ашиг орлого, санхүүгийн байдал ямаршуу байна вэ?
-Манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Уул уурхайн салбарын зогсонги байдал, хөрөнгө оруулалт, эрдэс түүхий эдийн үнийн уналт, валютын ханшны өсөлт, ижил төстэй хувийн лабораториуд олноор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа зэргээс шалтгаалан сүүлийн гурван жил төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй алдагдалтай ажилласан. Би 1,6 тэрбум төгрөгийн өртэй, зарлага нь орлогоосоо давсан, цалингаа хоёр сараар хоцруулан зээлээр тавьдаг байгууллага хүлээн авсан. Алдагдалтай ажиллаж байгаагийн хамгийн гол шалтгаан нь үйлдвэрлэлээсээ давсан орон тоотой ажиллаж байсан явдал гэж дүгнэж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд зөвхөн цалинд 1,6 тэрбум төгрөг зарцуулсан. Өнгөрсөн оныг 2013 онтой харьцуулахад орлого хоёр дахин буурсан байхад орон тоо эсрэгээрээ хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Орлогынхоо дийлэнх хувийг цалин болгоод тавьчихдаг халамжийн (буяны) байгууллага шиг л байсан.
Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүсэлтээр Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Адам Смит интернейшнл олон улсын геологийн лабораторийн шинжээч, зөвлөхүүд манай лаборатори болон монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон лабораториудтай танилцсан. Олон улсын шинжээч, зөвлөхүүд манай лабораторийг монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон лабораториудтай харьцуулахад орон тоо нь 2-3 дахин том байна. Тиймээс бүтэц орон тоон дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж зөвлөмж өгсөн.
-Ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?
-Лаборатори хортой нөхцөлд хамрагддаг тул ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, нийгмийн асуудлыг санхүүгийнхээ чадавхид тулгуурлан тогтмол шийдвэрлэж ирсэн. Мөн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтын гэрээ байгуулан, хамтын гэрээгээр ажиллагсдын эрх ашиг, эрүүл мэнд, нийгмийн асуудалтай холбоотой олон асуудлыг зохицуулдаг. Ажилчдын нийгмийн асуудал бол байгууллагын санхүүгийн чадавхиас хамаардаг. Санхүүгийн чадавхитай болохын тулд цомхон бүтцээр үр ашигтай ажиллах шаардлага гарна. Тэгэхээр үр ашигтай ажиллахын тулд хэрэгцээгүй орон тоог цөөлөх зайлшгүй хэрэгтэй гэсэн үг биз дээ.
-Цаашид байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн чадавхиа дээшлүүлэхээр ямар ямар ажлуудыг хийж байна вэ?
-Бид 2017 оны төсөв, бизнес төлөвлөгөөгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулан, үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад лабораториудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, өөрийн арга аргачлал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах замаар захиалагчдыг өөртөө татах, оновчтой бүтэц зохион байгуулалт хийж байгууллагынхаа санхүүгийн чадавхыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудыг дурьдвал, Оюу толгой уурхайн зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналт хийх гэрээг 3 жилээр сунган 2020 он хүртэл хамтран ажиллахаар боллоо. Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг 3 жилээр байгууллаа. Мөн Эрдэнэтийн зэсийн баяжмалд хяналт хийх стандарт, ур чадварын чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийж байна. Лабораторынхоо үйл ажиллагааны итгэмжлэлийг Стандарт хэмжилзүйн газраар үнэлгээ хийлгэж 2020 он хүртэл сунгууллаа. Лабораторийн үйл ажилллагаанд хэрэглэгддэг ихэнх урвалж материал, түүхий эд нь дотоодод үйлдвэрлэдэггүй, гадаадаас импортоор авдагтай холбогдуулан гадаад орнуудын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоон, тэднээс үнийн санал, нийлүүлэх хугацааг тохирсны үндсэн дээр худалдан авах ажиллагааг харьцуулалтын болон шууд гэрээ байгуулах зэрэг аргуудаар худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оноос санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл тооцоо, худалдан авалт, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд шилэн дансаар тайлагнан, хамт олон, олон нийтэд мэдээлэн ажиллаж байна. Цаашид инженер техникийн ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэлийн норм, нормативыг шинэчилж, цомхон бүтэц орон тоотойгоор чанартай үйлчилгээ үзүүлэн ажиллана. Өмнөх оноос хуримтлагдаж ирсэн нэлээд хэмжээний өр, авлага байгаа. Хуулийн байгууллагуудтай хамтарч өр авлагаа барагдуулах арга хэмжээ авч ажиллана. Эхнээсээ үр дүн нь гарч байгаа. Нэгдүгээр улиралд л гэхэд 40 гаруй сая төгрөгийн өрийг барагдуулаад байна. Манай голлох эрдсийн үнэ өсч, экспорт нэмэгдэж байгаагаас харахад уул уурхайн салбарын ажил эрчимжих хандлагатай байна. Мөн Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан шинжилгээ хийлгэх ажлын захиалга ихэсч, бидэнд орлогоо нэмэгдүүлэх боломжууд гарна гэж харж байгаа.