Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн Газар зуун хоногын ажлаа тайлагнаж байна

Image may contain: one or more people and indoorМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилж, түүний тэргүүлсэн “мэргэжлийн” Засгийн газар бүрдэж байсан. Гэвч 1 жил 1 сар гаруйн дараа УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар “мэргэжлийн” Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээ нь огцруулсан.Үүний дараа буюу өнгөрөгч оны арав дугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн зуун хувийн саналаар томилж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн оны арав дугаар сарын 19-нд бүрдэж, арван гурван яам, арван зургаан сайдтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар:

1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд – Өлзийсайханы Энхтүвшин
2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Гомбожавын Занданшатар
3. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Намсрайн Цэрэнбат
4. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд – Нямаагийн Энхболд
5. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд – Дамдины Цогтбаатар
6. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын – Чимэдийн Хүрэлбаатар
7. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Содномын Чинзориг
8. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд – Цэндийн Нямдорж
9. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд – Хавдисламын Баделхан
10.Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Цэдэнбалын Цогзолмаа
11. Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд – Жадамбын Бат-Эрдэнэ
12.Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Батжаргалын Батзориг
14.Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд – Цэрэнпилийн Даваасүрэн
15.Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд – Даваажанцангийн Сарангэрэл гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хэвлэлийн хурлын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: “Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. 2017 онд эдийн засгийн дөрвөн хувийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна. Мүүдиз агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500 сая ам.долларыг төллөө. Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого. Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

1.Төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй.

2.Эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм.

Монгол гэдэг айл жилдээ зургаан төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад дотоодын тусламж зээлээр бүрдүүлдэг. Тиймээс төсвийн алдагдлаа багасгана. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана.

Гадаад, дотоодын өр ширийг дарахад үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг их байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг манай Засгийн газар боловсруулж дууслаа. Бид энэ талаар та бүхэнд дахин мэдээлэл хийнэ.Монгол хүн эх орондоо айх аюулгүй, гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйтэй итгэлтэй Монгол хүн эх орондоо амьдрах ёстой. Үүнийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Ингэхийн тулд ард иргэдээ эрүүл хүнс, гэр орноор хангах, боловсрол эзэмшүүлэх, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *