УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж асуулт асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Монгол Улс хэдий болтол гадны тусламжид найдаж амьдрах юм бэ. ОУВС-тай цаашид хамтран ажиллаад байх уу. Гадны хөрөнгө оруулалт, тусламж хэрэгтэй цагтаа хэрэгтэй л байх. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийг хангаж ажиллаж байна уу. Өнөөдөр Оюу-Толгойгоос олборлож байгаа баялгийг төрөөс хянаж чадаж байна уу. Ер нь уул уурхайн орд газруудыг хянаж чадаж байна уу. Бид үндэсний уул уурхайн бодлоготой ажиллаж байна уу. Цаашид хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжгүйг та хэлсэн.Саяны Засгийн газрын тансаглалыг харахад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох бололцоотой харагдаж байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх: -Улс орны эдийн засаг хүнд байгаа. Чингис бондын төлөлтөөс эхлээд хэд хэдэн зээлийн төлөлтийг ирэх оноос хийж эхэлнэ. Эдгээр төлөлтийг хийхгүй бол манай улсын эдийн засаг хүнд байдалд орно. Монгол орны иргэн нь өөрийн баялагтаа эзэн суух ёстой гэсэн таны саналтай санал нэг байна. Тиймээс өөрийн баялгийг хэрхэн зарцуулах нь дотоодын асуудал. Сүүлийн хэдэн жил уул уурхайг шүтэж ирсэн нь буруу. Тиймээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлнэ. Үүний тулд МАА, газар тариалангаа хөгжүүлэх ёстой. Монголчууд бид хол замд хөтөлгөө морьтой гардаг шүү дээ. Түүнтэй л адил зүйл. Мөнгөтэй боломжтой бол багш, эмч нараас, хүүхдүүдээс таван цаасаа харамлахгүй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Бид 1.5 жилийн хугацаанд Засгийн газраа унагаж ирсэн. Тиймээс урт настай Засгийн газар байхыг хүсье. Энэ бол Монгол Улсын гамшиг. Дархлаа алдагдаж байгаа хэрэг. Нэгдүгээрт, Дубайн гэрээг яах гэж байна вэ. Тавантолгойг мөн яах вэ. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэдий хугацаанд шийдэх вэ. Эгийн голын УЦС-ыг яах вэ. Давхар дээлийн тоог нэмэх үү. Монгол Улсын ажиллах хүчний бодлогод ямар өөрчлөлт хийх вэ. Энэ асуудлууыг тодорхой ажил хэрэг болгоорой. Эдгээрийн хойноос байнга эрэл сурал тавьж байх болно шүү.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх: -Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тавантолгойг хөдөлгөнө. Харин яаж хөдөлгөх вэ гэдэг бол чухал асуудал. Тавантолгойг Монголын компаниуд ашиглах нь улс орны язгуурт нийцнэ. Эрдэнэтийн асуудал шүүх дээр яваа. Энэ асуудал мөн хуулийн дагуу шийдэгдэнэ. Эгийн голын УЦС-ын төсөл хөдлөхгүй байгаа шалтгаан нь хойд хөрштэй холбоотой. Энэ тал дээр ОХУ-ын албаныхантай уулзаж ярьж байсан удаатай. Энэ Засгийн газрыг бяртай, асуудлыг шийддэг Засгийн газар байгаасай гэж бодож байгаа учир парламентын гишүүдээс орж ажиллах болно. Ажиллах хүчний асуудлын хувьд, МСҮТ-ийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Өмнө нь сайд байсан хүмүүсийг сайдад томилмооргүй байна. Хулгай дээрэм гэсэн хууль бус юм гарвал хүний өөрийн гэлтгүй араас нь хөөцөлдөнө шүү. Тагнаж чагнасан асуудлаа нэг тийш болгоорой. Над шиг хүнийг алсан ч тоохгүй юм байна л даа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ингэх хүн биш. Зохион байгуулсан этгээдийг олж шийтгэ. Тэтгэврийн хүүг буулга, тэтгэвэр нэмэх хэрэгтэй шүү.
УИХ-ын гишүүн О.Батнасан: -Монгол Улсын хөгжлийн гол чиг хандлага бол төрийн албан хаагчид юм. Тиймээс тэднийг чадварлаг болоход ихэд анхаараарай. Хоёрдугаарт уул уурхайн томоохон төслүүд дээр анхаарч ажиллаарай. Энэ 65 хүний хүчийг сайн авч ажиллаарай. Та Бага хурлын үеэр, “Хүн шиг амьдруулдаг Хүнсний орон болгоно” гэж хэлсэн. МАА салбарын гол гол хуулиудад та анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр багш эмч нарын цалингийн нэмэгдлийг ярьж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарна биз ээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Ерөнхий сайд та монгол төрийн тэргүүн болоод явахдаа хэд хэдэн зүйлийг анхаараарай. Эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Гадаад худалдааны маш сайн нөхцөлд та ажиллах гэж байна шүү. Та эхний ээлжинд ТЭЗҮ нь гарсан томоохон бүтээн байгуулалтад, тэр тусмаа төмөр замын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллаарай. Зардлаа битгий нэмээрэй. Эдийн засгийн өсөлт чинь өрхөд хүрч очдог байх ёстой. Өрхийн орлогын нэг хэсэг бол өрхийн үйлдвэрлэл. Өрхийн үйлдвэрлэл өнөөдөр буурч байгаа шүү. Төсвийг хуваариладаг албан тушаал дээрээ та эмэгтэй хүн тавиарай.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг ярилцаад шинэ Засгийн газрыг нэн даруй байгуулах, Ерөнхий сайд эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх ёстой. Тиймээс манай бүлэг Ерөнхий сайдыг дэмжиж ажиллая гэж ярилцсан. Нэр дэвшигчид нэг зовлон байна. Тэр бол УИХ-ын гишүүн биш. Өнөөдөр цаг хугацаанд хавчигдаад хуучин бүтцээрээ явна гэж байна. Хуучин бүтэц явцгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдчихсан. Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-аас сонгоорой. Бид аливаа асуудалд улстөрийн оноо зорилгоор хөөцөлдөх хэрэггүй. Тийм ч цаг нь биш шүү.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Улаанбаатарын гэр хороололд оруулах хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр хөршийн асуудалд онцгой анхаараарай. Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд олгох тал дээр үтэр түргэн ажиллаж, шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Нэгдүгээрт төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг гадны хөрөнгө оруулалтаар яаралтай шийдвэрлээч ээ. Сонгинохайрхан дүүрэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах, цаашлаад утааны асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаараарай. Утааны асуудал нь нийгмийн асуудал болоод байна. Мөн түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллах санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Манай улсад хувийн хэвшлийнхнийг дэмжихээсээ ад үзэх нь их боллоо. Бид бүх бизнесийг дэмжих ёстой. Хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох хэрэгтэй. Үндэсний томоохон аж ахуйгаа элдвээр нэрлэж болохгүй. Тэдний нэрийг гутаах тал руугаа явбал улс орон хөгжихгүй. Талцал хагарал руу хувийн хэвшлийнхнийгээ оруулж болохгүй шүү. Мөн сүүлийн үед хүний нэр хүндэд халдах явдал хэрээс хэтэрлээ. Ердийн найз нөхөдтэйгээ уулзаж болохгүй боллоо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Гадаад худалдаанд нааштай үзүүлэлтүүд гарч байгаа нь үнэн. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд байна. Гадаад өр 25,2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь манай улсын 10 жилийн төсөвтэй тэнцэж байна. Эдийн засгийн бүтэц нь зөвхөн уул уурхай. Ганц ажиллаж байгаа салбар нь банк санхүү. Санхүү мөнгөө гадныхнаар хөтлүүлж байна. Улстөрийн, нийгэм, эдийн засгийн, байгаль орчны, гамшгийн гээд тооцвол хөгжлийн эрсдэл ихэсч байна. Яагаад ийм их эрсдэл өсөв гэхээр зах зээлд орохдоо сууриа буруу тавьсан. Иймээс Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөө улстөрийн талцалыг арилгах хэрэгтэй. Өнөөдөр хуримтлал үүсгэж чадахгүй байна. Ингэхээр мөнхөд асуудалтай байна. Шинэ хөгжлийн загварыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуримтлал үүсгэдэг загварыг бий болгох нь зүйтэй юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: -Ерөнхий сайдад асар их ачаа очиж байгаа. Ард иргэдийн нуруун дээр маш их ачаа байна. Тиймээс асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ хуримтлагдсан бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй. Иймд ажлаа эрэмбэд оруулж ажиллаарай. Юуны өмнө эдийн засгийн хямралаа гаргах, удаад тэгш журамт Монгол Улсыг цогцлоох, гуравдугаарт баян чинээлэг амьдралыг бий болгох хэрэгтэй. Үүний тулд нэг талд иргэдтэйгээ, нөгөө талд хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь зүйтэй юм. Орчин цагт тооноос чанарт шилжих цаг нь болсон. Өгөөжтэй хүртээмжтэй өсөлт гэсэн шаардлагад нийцэж ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Жавхлан –У.Хүрэлсүх Монголын төр засагт үнэнийг авчрах байх. Өнөөдөр Баянзүрх дүүрэг эзэнгүй байна. Хоёрдугаарт Баянгол дүүрэгт өлсгөлөн зарлаж байна. Баянзүрхийн товчоогоор өвс ачсан машинуудыг маш их журамлаж байна. Үүнийгээ болиоч ээ.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: -Багш, эмч нарын цалингийн асуудал дээр аль болох нааштай байдлаар хандаарай.Эдийн засаг хүнд байгаа ч ҮЭ-ийнхэнтэй, багш эмч нартай хамтарч ажиллаарай. Өмнөх Засгийн газрын бөөгнүүлээд багцлаад өгсөн ажлыг цааш нь үргэлжлүүлж, хүүхдийн мөнгийг өгөөрэй.
УИХ-ын гишүүд ийн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэх тухай саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувь түүнийг дэмжив.