УИХ-ын чуулган үргэлжилж байна. Гишүүдийн асуултад хариулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бүгдээрээ эв нэгдлийн тухай яриж байгаа. Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Олон хүний шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат эв нэгдэл байдаг гэж би ойлгодог. Тийм учраас шударга ёсыг тогтоохын төлөө одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан. Сая М.Билэгт гишүүн хэлсэн шиг хэрэгжүүлэхийн төлөө би энд хичээгээд сууж байгаа. Тэр үгэндээ эзэн байх юмсан гэж бодож явдаг. Түүнээс хэд гурван хүнийг хацаалайд өмгөөлөөд байгаа юм ер байхгүй. Би хэлсэн. Цаашдаа ч хариуцлага тооцно. Буруутай, бусармаг үйлдэл хийсэн гэдэг нь хэрвээ тогтоогдвол. Би Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцоогүй биш хариуцлага тооцоод ирсэн. Төрийн албан хаагчидтай хариуцлага тооцоогүй биш тооцоод ирсэн. Цаашдаа тооцно гэж бодож байгаа. Харин тооцоо хийх гэхээр битгий эсэргүүцээд бай. Тооцуулахгүй гэж байгаа юм шиг надад сонсогдож байна. нөгөө талаараа би дарангуйлагч биш шүү. Харин шударга ёсны төлөө дарангуйлагч ч гэсэн ажиллах ёстой. Дарангуйлсан зан гаргах бол юу ч биш. Шударга ёсыг тогтоохын төлөө байгаа бүх боломжоо дайчилж ажиллах ёстой. Намайг цэргийн хүн байсан учир дарангуйлагч болчихож магадгүй гэж бодоод байх шиг байна. Үгүй. Би парлиаментийн засаглалыг дэмждэг хүн. Монгол Улсыг парлиаментийн засаглал цааш нь авч явна. Гэхдээ бид энэ парлиаментийн засаглалаа улам боловсронгуй болгох ёстой. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх ёстой. Улстөрийн намуудын тухай хуулиа шинэчлэх ёстой. Нэн ялангуяа улстөрийн намуудын санхүүжилтийн тал дээр маш нягт сайн хууль гаргах ёстой. Дээр нь сонгуулийн тухай хуулиа эргэж харах ёстой. Бид өнгөрсөн 27 жил алдаа оноотой байсан. Одоо ч байгаагийн илрэл нь энэ. Гэхдээ бас сайн сайхан зүйлүүд хийсэн. Үе үеийн Засгийн газар хийж бүтээсэн сайн сайхан зүйл бий. Би бүгдийг нь харлуулах гээгүй. Сайныг нь авъя. Саарыг нь шахъя гэж бодож байгаа. Би шударгаар бизнес хийсэн хүмүүсийг байнга дэмжинэ. Шударгаар өмч хөрөнгөтэй болсон, шударгаар баяжсан, улсдаа татвар төлж байгаа. Улсаа нуруун үүрч яваа тэр бизнеменүүдийг би байнга дэмжинэ. Харин ард түмний өмч хөрөнгийг хулгайлсан газрын доорх баялгыг хууль бусаар авсан, нам дамжсан олигарх бүлэгтэй л би тэмцээд байгаа юм.