Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар өчигдөр наадмын бэлтгэлтэй танилцахаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллалаа. Мэргэжлийн хяналт, цагдаа, харьяа яамд гээд бүхий л холбогдох албаны хүмүүс энд байлцсан юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажил төлөвлөгөөний дагуу цагтаа явж байгаа юм байна. Хиймэл зүлгээ суулгаад бүрэн дуусчээ. Гадуур нь байх гүйлтийн замыг бетоны тусгай будгаар будаж, тусгаарлах зураасыг нь тавьж байлаа.
Хиймэл зүлэгний доод талын зөөлөвч резин гурван см зузаан гэнэ. Ус тогтохгүй, хальтрахгүй. Хөлбөмбөгчид энэ зүлгэн дээр тоглоод айхавтар унасан мөртлөө бэртэхгүй босоод ирдэг юм чинь бөхчүүд гэмтэхгүй гэцгээж байв. Зүлэгний угт хар өнгийн резинэн үртэс хийж дүүргэдэг юм байна. Хиймэл зүлэг арван жилийн баталгаатай гэнэ.
Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа нар хиймэл зүлэгний талаар ийн ярив.
У.Хүрэлсүх: -Энэ зүлэг чинь олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн ширдэг гэж байгаа биз дээ, тийм ээ.
Т.Нямдаваа: -Тийм. Яг стандартын шаардлагыг хангасан.
У.Хүрэлсүх: -Та бүхэн, хэвлэлийнхэн сайн үзэцгээ. Зарим нь цохиод үз. Унаад үзсэн ч болно. Янз янзын хэл ам гараад байдаг шүү дээ. Бөхчүүд барилдахаараа унах юм гэнэ, бэртэх юм гэнэ, хальтирч унах юм гэнэ гээд. Өмнө нь байсан зүлэг ямар байлаа. Тэр чинь зүгээр л шороон дээр ургасан зүлэг байсан. Бороо орохоор ус тогтчихдог байсан. Тэгэхээр бөхчүүд усан дээр л барилддаг байсан гэсэн үг. Усан дээр барилдаад хальтирч унана, хэн давсан нь мэдэгдэхгүй хэл ам болдог. Урьд нь бөхчүүд нэгнээ шууд л шороон дээр авч шиддэг байсан бол одоо харьцангуй зөөлөн болсон байна.
Т.Нямдаваа: -Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шаардлагад нийцсэн зүлэг. Цаашид энэ зүлгээ спортын зориулалтаар нь л ашиглана. Стадион гэдэг чинь спортын л байгууллага.
У.Хүрэлсүх: -Бас нэг зүйл ярья. Энэ чинь улсын төсвөөс гараагүй шүү дээ. 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаад энэ том ширдгийг дэвсчихлээ гэж яриад байгаа юм. Энэ компани өөрөө мөнгөө гаргаж стадионоо янзалж байгаа. Цэнгэлдэхийн 51 хувийг энэ компани, 49 хувийг нийслэл хот эзэмшдэг шүү дээ.Тийм учраас 51 хувийг нь эзэмшдэг компани нь өөрөө мөнгөө гаргаад тохижилт үйлчилгээгээ хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын төсвөөс янз бүрийн мөнгө зараад хийчихсэн юм байхгүй. Хөрөнгө санхүү хүндхэн байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас илүү зардал гаргахгүй, аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглая гэж бодож байгаа. Дээр нь долдугаар сарын 15-нд гадны баахан үнэтэй хамтлаг, дуучин авчрах талаар ярьцгаасан. Тийм зүйл байхгүй. Наадмын комиссын даргын хувьд албан ёсоор үүрэг өгсөн. Улс орны эдийн засаг, амьдрал хүнд байна. Илүү дутуу мөнгө зарах бололцоо бидэнд байхгүй. Үндэсний маань баяр наадам болохоор өөрсдийнхөө соёл урлагаар, өөрсдийнхөө дээл хувцсаар гоёж, харин ч гадаадынханд өөрсдийгөө сурталчлах ёстой. Долдугаар сарын 14-ний орой Монголын хамтлаг дуучид маань тоглолтоо хийнэ шүү гэдгийг албан ёсоор хэлье. Нэг юман дээр цэг тавьж байна. Гадны хамтлаг ирж тоглоно гэдэг тийм зүйл байхгүй ээ. Өөрсдөө тоглоно. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжинэ. Дотоодынхоо соёл урлагийн байгууллагуудыг дэмжинэ.
Энэ үеэр Шадар сайдаас зарим асуултад хариулт авлаа.
-Наадмын үеэр бөхчүүдийн сэргээшийн асуудал анхаарал татдаг. Өнөө жил сэргээшийн шинжилгээг хэрхэн авах вэ?
-Хоёр бөхийн цолыг хасчихсан шүү дээ. Энэ жил бас л сэргээшийн шинжилгээг авна. А, Б гэсэн хоёр шинжилгээ авдаг. А-гийн хариуг тухайн бөх зөвшөөрөхгүй бол Б-г шинжилгээнд явуулдаг. Ер нь бол нэг зүйл дээр хатуу хандаж байгаа. Сэргээш хэрэглэж барилдаж болохгүй. Энэ бол залилан. Зарим хүмүүс наадмын маргаашнаас эхлээд л бэлтгэл хийсээр дараа жилийнхээ наадамдаа бүх хөлс хүчээ гарган байж барилдаж байхад зарим нь хэдхэн хоногийн өмнө сэргээш хэрэглэж орж ирээд л барилдаад даваад явчихна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ бол шударга зүйл биш. Тийм учраас хоёр бөхийн цолыг хассан. Та бүхэн санаж байгаа байх. Олимпоос медаль авсан тамирчны сорьцоос сэргээш илэрвэл медалийг нь шууд хурааж авдаг. Багийн спортын хэн нэгнээс нь сэргээш илэрвэл тэр багийн бүгдийнх нь медалийг хураадаг. Манай спорт шударга байх үүднээс, ард түмнийхээ өмнө үнэнхүү хүчийг үзэж барилдъя гэдэг биз дээ. Түүнээс биш сэргээш хэрэглэж барилдаж болохгүй. Тиймээс сэргээшийн шинжилгээ авна. Хэрвээ сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тэр цол нь хасагдана. Барилдах эрхийг нь хасна. Наадмын комисс ингэж шийдсэн, үүн дээр их хатуу байгаа.
-Сорьцыг яаж авах юм. Өмнөх шигээ авах юм уу. Сорьц авах үйл явцыг хянаж, камераар бичих үү?
-Урьд нь яаж авдаг байсан бэ, тэрэн шиг ээ л авна. Сэргээшийн асуудал дээр их хатуу байгаа шүү гэдгийг бөхчүүддээ анхааруулж хэлье. Энэ бол байж болохгүй зүйл.
-Резинэн зүлгэн дээр наадна, бөхөө барилдуулна гэхээр зарим хүнд хиймэл санагдаж байх шиг. Хиймэл зүлгийг амьд биш гэдэг талаас нь хараад байна уу даа?
-Амьд зүлгэн дээр хэдэн бөх гарч ирээд барилдахад зүлэг зулгараад уначихдаг байхгүй юу. Та нар мэднэ ш дээ. Наадмын нээлтэд 3000 хүн гарч ирээд бүжиглэхэд маргааш нь зүлэг нь алга болчихдог. Хөлийн гишгэлтээр алга болчихдог. Гэтэл энэ зүлэг байж л байна. Ер нь тэгээд одоо нэг юм байна. Юм хийж байгаа хүмүүсээ юм хийдэггүй зарим нэг амьтад байнга шүүмжилдгээ болих хэрэгтэй, за юу. Тийм ээ. Улс орондоо юм хийхгүй, юм хийж бүтээхгүй. Тэгээд хүний хийсэн юмыг ингээд л тэр нь ч болохгүй байна, энэ нь ч болохгүй байна гээд. Наадмаа сайхан хийх нь зүй ёсны асуудал шүү дээ. Наадмаа сайн хийхгүй бол бас шүүмжилнэ. Жилдээ ганц болдог наадмаа сайхан хийчихгүй, энэ Монголын төр арай ч дээ гэнэ. Олигтойхон хийчихээр хөрөнгө мөнгө байхгүй байхад яахаараа ийм наадам хийдэг юм гэнэ. Тэр зүйлийг болих хэрэгтэй.
-Танаас бас нэг зүйл асуух гэсэн юм?
-Танайх аль сонин бэ?
-“Өдрийн сонин”.
-За.
-МАН засгаас гарах нь, энэ тэр гэсэн асуудал яригдаад байна?
-Ажил ярьж байхад юун улс төр яриад байна аа. Наадам болох гэж байхад улс төр ярих шаардлага алга байна ш дээ. Төр засаг нь тогтвортой, ажлаа хийгээд явах нь хэрэгтэй биз дээ. Зөндөө л гарлаа, орлоо. Одоо боллоо ш дээ. Ажлаа хийж, амьдралаа сайжруулцгаая, за юу. Наад нэг хогийн улс төрөө боль гэлээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсэг нь л саравчтай. Бүгдийг нь саравчтай болгож болдоггүй юм уу гэсэн асуултад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа “Болгоод л явж байгаа. Жил жилд ахиулаад л явж байна. Энэ жил ахиулах боломж байсангүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас. Санаагаар бол бүгдийг нь гүйцээгээд л саравчтай болгочихмоор байна” гэсэн хариулт өгсөн юм.
Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны талаар Боловсрол, соёл, шинж-лэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар дараахь мэдээллийг өгөв.
-Баяр наадмаар наадамчид нэлээд хэд хоног амарна. Үүнтэй уялдуулан соёл урлагийн арга хэмжээг долдугаар сарын нэгнээс эхлүүлж байгаа. 15-ныг дуустал соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ зохиогдоно. Төрийн хүндэтгэлийн концертыг төв талбайд 10-ны 15 цагаас эхлүүлнэ. 5000 сандал байрлуулна. Тэр өдөр Төрийн далбааны өдөр гэдгийг манай ард түмэн мэднэ. Тийм учраас төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, залах ёслолын ажиллагаа болно. Мөн 11, 12-нд төрийн далбаагаар бахархах үйл ажиллагаа Улаанбаатар хот, Хүй долоон худагт болно.
-Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн ажиллагаа хүмүүсийн сэтгэлд төдийлөн нийцээгүй. Энэ жил нээлтийг хэрхэн хийх вэ?
-Нээлтэд 5000 гаруй хүн оролцоно. Энэ жил нийт массыг хамарсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэхийн ажилтайгаа танилцаж байна. 25-наас (өнөөдрөөс) нэгдсэн бэлтгэл эхэлнэ. Өмнөх жилийн наадам ямар болсон тухай биш, монголчууд минь өмнөхөө биш ирээдүйгээ харж ярья. Өмнөх жилийн наадам наадамчдын сэтгэлд хүрээгүй гэдэг тийм юм хэвлэл мэдээллээр явсан, манай наадамчдын дунд ч тийм яриа байсан. Энэ жил улс төрөөс ангид. Аль нэг улс төрийн нам эвслийн дуу хөгжим, тэрнийг илэрхийлсэн соёл урлагийн арга хэмжээ байхгүй. Энэ жилийн үндэсний их баяр наадам их эв нэгдлийн уриан дор, энэ үзэл санаан дор болно. Аль нэг улс төрийн нам, эвсэл холбооны дуу хөгжим эгшиглэхгүй, явахгүй. Тийм үзүүлбэр болохгүй гэдгийг хатуу ойлгож байгаа.
-Соёл урлагийн 16 арга хэмжээ тус бүртээ найруулагчтай гэв үү?
-Соёл урлагийн салбар хороо бүх арга хэмжээний найруулагчдыг сонгон шалгаруулсан байгаа. Үүнд 16 өөр найруулагч байгаа юм. Өмнө нь нэг найруулагч хоёр, гурван арга хэмжээг найруулдаг байсан бол энэ жилээс больж байна. Харин ерөнхий продюссор ажиллуулж байгаа.
-Зохион байгуулалтад БНСУ-аас найруулагч урьж авчруулсан гэх юм. Ямар учиртай хүн юм бэ?
-Найруулагчаар авчраагүй. Соёл урлагийн хороо дөрөв, таван улсад санал тавьсан юм. Хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглахад зөвлөгөө өгөөч гээд хэд хэдэн улсад хандсанаас БНСУ-аас хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн бөмбөрийн тоглолтыг зохион байгуулж байсан хүнийг ирүүлсэн. Тэр хүн ирээд зөвлөгөө өгөөд долоо хоноод буцсан. Тэр хүн зөвхөн бөмбөрийн үзүүлбэр дээр л зөвлөгөө өгөөд буцсан.
Сур, шагайн асарт Шадар сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Монгол наадам цогцолборын талаар ярилцаж, АСЕМ-ийн үеэр Монголын XIII зууны үеийн амьдралыг тэр чигээр нь гадныханд харуулбал үнэхээр сонирхолтой байх нь мэдээж гэцгээж байлаа. Э.Бат-Үүл “Хүй долоо худагт баригдах шагай, сурын асар, бөхийн өргөө нь дөрвөн улирлын ажиллагаатай байх юм. Хагас бүтэн сайнд тийш очицгоогоод шагай харвах нь шагайн асартаа, сур харвах нь сурын асартаа очих л тийм ордонтой болцгоох юм. Зам нь гайгүй. Railbus-аараа явчихна. Машинаа паркалчихна. Хойд талынх нь тэр спа парк нь ашиглалтад орчихвол хагас бүтэн сайнд хүмүүс тийшээ явдаг болчихно” гэж ярив.
Д.САРУУЛ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН