Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцож хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө.
Эрхэмсэг хатагтай, ноёдоо.

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцохоор Монгол улсынхаа өнцөг булан бүрээс уригдан ирсэн уудам нутаг шигээ холч ухаант, хөдөлмөрч түмний төлөөлөл болсон малчид Та бүхэнд болон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж байгаа эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, мөн Та бүхнээр дамжуулж Монгол Улсынхаа малчин түмэнд мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийн мэндийг айлтгая.

МЭӨ 4-3 мянган жилийн тэртээд хамаарах, одоогийн Дорнод аймгийн Тамсагбулагт малтсан бууцнаас гол төлөв хонь, адууны яс гарч байсан бөгөөд энэ үеэс л монгол түмэн мал аж ахуй эрхэлж, малчин аймгууд бүрдсэн гэж судлаачид үздэг. Богд хаант Монгол Улсын Засгийн газар 1918 онд малын тооллого явуулсан нь малын тоог илүү бодитой тоймлох боломж гарч нийт 12,7 сая мал тоологдсоноос адуу 1,2 сая, үхэр 1,4 сая, тэмээ 300,0 мянга, хонь ямаа нийлээд 9,5 сая байжээ.

1950-иад оноос хойш мал аж ахуй эрхлэх арга хэлбэр, материаллаг бааз, мал сүргийн чанар чансааг сайжруулахад онцгойлон анхаарч нэгдэл, Сангийн аж ахуй. Тэжээлийн аж ахуй байгуулах, худаг ус гаргах, бэлчээр усжуулах, Мал эмнэлэг байгуулах, үржил селекцийн ажил явуулах, малын шинэ үүлдэр угсаа бий болгох, хагас байран маллагаатай эрчимжсэн мах, сүүний чиглэлийн аж ахуйнуудыг байгуулах нөр их ажлыг өрнүүлж байлаа.

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, мал сүргээ төрийн хамгаалалтанд авна гэж заасан ч тэр үеийн нэгдэл, Сангийн аж ахуйнууд татан буугдаж улмаар мал сүрэг малчин та бүхэнд үнэ төлбөргүй хувьчлагдаж, хувийн өмчлөлд бүрэнд шилжиж 27 дахь жилийн хавартайгаа учран золгож байна.

Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” зэргийг батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн дунд болон хэтийн зорилтуудыг тодорхойлсон. Эдгээр бодлогын баримт бичгүүдтэй уялдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөн Засгийн газрын “ Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эцсийн байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна.Малчин түмэн та бүхний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 66.2 сая толгойболж, өмнөх оноос 7.6 хувиар, мал сүрэг таван төрөлд өслөө.Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортын орлого 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өссөн байна.

УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг батлан гаргаж, ирэх сараас хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Засгийн газраас энэ оны 2-р сард “Малын эрүүл мэнд” үндэснийхөтөлбөрийг батлан гаргалаа.

Дээрх хуулиуд болон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг шинэ шатанд гарганаа. Малчид та бүхний үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.

Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.

Шинээр батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар сумдад Мал эмнэлгийн тасгийг өргөтгөн 2 орон тоотой байхаар тусгаж, Малын генетик нөөцийн тухай хуулиар малчин та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчээр баталгаажуулж, мал сүргийг бүртгэж, ээмэгжүүлэхээр тодорхой зохицуулалтыг хийлээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, малчин та бүхний өмнө тулгарч байгаа нэгэн чухал асуудал бол сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа дулаарал, хэт халалт, байгаль, цаг уурын огцом өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлага юм. Салбарын яамнаас Бэлчээр хамгаалах хуулийн төслийг боловсруулан удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих гэж байна. Энэ зөвлөгөөнөөр уг хуулийн төслийг танилцуулж та бүхний саналыг авах болно.

Засгийн газар 2018 оныг төрийн болон нийгмийн шат бүрт сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарлаж хүн бүр дор бүрнээ хуулийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, улс эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хөдөлмөрч малчид та бүхний хувьд ч үүрэг, хариуцлагаа ухамсарлаж монгол түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах, үндэсний боловсруулах үйлдвэрүүдээ чанартай түүхий эдээр хангахад анхаарч ажиллах шаардлага нэгэнт тулгарч байна.

Мал аж ахуйн салбарт түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төр засаг анхааран ажиллах болно. Ингэснээр малчид та бүхэн жил бүр нөхөн төлждөг түүхий эдээ нэгдсэн зохион байгууллалттай төвлөрүүлж, чанартай түүхий эдээр үндэсний үйлдвэрүүдээ хангах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад сумдад ажлын шинэ байр олноор нэмэгдэнэ, чанарын шат шатны тогтолцоо бүрдэнэ.

Мөн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд үнийн зохицуулалт, техник технологи, мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд хяналт тавьж зохицуулалт хийх, нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах бүтэц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газар анхааран ажиллах болно.

Засгийн газар ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

Юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.

Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

Хот, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлнэ.

Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах болно.

Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлнэ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоо бүрдүүлнэ.

Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байна.

Хөдөө аж ахуйн салбар бол эдийн засгийн төрөлжилтөд гол үүрэг гүйцэтгэх, ард иргэдийн хоолтой, ундтай, өмсөх хувцастай, 300 гаруй мянган хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа, Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Засгийн газрын бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүйтэнд хөрч, зуны аагим халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангаж байгаа нийт малчиддаа талархалаа илэрхийлье.

Монгол малчдын ажил үйлс өөдрөг байж, Монгол улс мандан бадрах болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллана

Холбоотой ЗурагМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга аа,

УИХ-ын гишүүд ээ,

УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус батлан гаргаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн ойрын болон дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж өгсөн.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийгтогтоосон.

Монгол улсын Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа болно.

Дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд, үр дүнгийн талаар эрхэм гишүүд Та бүхэнд товч танилцуулъя.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр 17 зорилт, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 6 зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” –ыг хэрэгжүүлснээр өнөөгийн байдлаар зарим нааштай үр дүнд хүрээд байна. Үүнд:

– Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхэнд 3.5 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний үйлдвэрлэлд 10.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна.

– Малчдын уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүнд малын тоо 2017 оны жилийн эцсийн урьдчилсан дүнгээр 66.2 сая болж, өмнөх оноос 7.6 хувиар өсч, малын тоо 5 төрөл бүрт өслөө.

– Мал аж ахуйн салбараас 2016 онд нядалгааны жингээр 400,0 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, 14,0 сая ширхэг арьс ширийг тус тус үйлдвэрлэв.

– Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 89,3 сая ам.доллар буюу 20,0 орчим хувиар өслөө.

– Мал аж ахуйн салбарын хөгжил дэх төрийн зохицуулалт, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон дагалдах хуулиудыг 2017 оны 12 дугаар сард Улсын Их Хурлаар батлан гаргасан. Мөн Засгийн газраас “Монгол мал” хөтөлбөрийг баталсан.

– Малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг шинээр байгуулж, 65.5 мянган үрийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр ашиг шимт малын 10.0 мянган тун үрийг гадаадаас авч 5.0 мянган малд зохиомол хээлтүүлэг хийж, монгол малын 3 үүлдэр, омгийг шинээр баталгаажуулан, Монгол улс нийт 47 үүлдэр, омгийн малтай боллоо.

– Бэлчээр, байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд 15 аймаг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийн нийт 670 мянган га бэлчээрт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж бэлчээрийн доройтлыг бууруулав.

– Доройтсон бэлчээрийг сэлгэн өнжөөж, нөхөн сэргээх арга хэмжээг 5 аймгийн 30 мянган га-д зохион байгуулав. Улсын тусгай хэрэгцээний отрын бүс шинээр байгуулах судалгааг явуулснаар 87.0 мянган га бэлчээрийг улсын тусгай хэрэгцээнд авах боломжтой болохыг судалж тогтоогоод байна.

– Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргасан.

– Манай улс 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай. Нийт худгийн 28.3 хувь буюу 13.6 мянга нь инженерийн хийцтэй худаг, 71.7 хувь буюу 30.2 мянга нь энгийн уурхайн худаг байна.

– Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын халдварт өвчний гаралт, өвчлөл бүртгэгдэж, нийт 20 нэрийн халдварт өвчин гарсан нь өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулахад өвчин гарсан сумын тоо 57, өвчний гаралт 157, өвчний хорогдол 776-аар тус тус буурсан.

– Шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан.

– Малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулсан.

– Малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнд мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2017 онд өмнөх оны үзүүлэлтээс 3,3 дахин, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн байна.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нэмэгдэж, уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чадавхи бэхжих юм.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулахад дараах байдалтай байна.

Тус бодлогыг үндсэн 3 чиглэл, стратегийн зорилтын хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2009-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2009 оны 208 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлсэн. Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг дараахь 3 үндсэн зорилтот чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрт зорилтын хүрээнд:

– Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 83,3 мянган малчин айл өрхийг нарны цахилгаан эх үүсвэрээр хангасан.

– Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд 3,0 мянга гаруй малчны хүүхдийг хамруулж байна.

– Төвөөс алслагдсан сумдын малчдын хүүхдийг сурч, хүмүүжих нөхцлийг хангах, сургалтын орчинг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилга” төсөл хэрэгжүүлж, улсын хэмжээнд 539 гэр цэцэрлэгийг байгуулж ажиллуулсан.

– Мал хамгаалах сангаар дамжуулан 129,9 сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгосон.

– 15 аймгийн 45 сумын нийт 497 малчин өрхөд өвөлжөө, хаваржаагаа барих, засах ажлыг дэмжих, хүнсний ногоо тариалах хүлэмж барих, аялал жуучлалын гэр буудал барих зэрэг ажлуудыг дэмжиж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 841,2 сая төгрөгийг олгосон байна.

Хоёрдугаарт зорилтын хүрээнд:

– Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр малчин хүн өөрийн хотноос бэлтгэсэн мал, түүхий эд, бүтээгдэхүүнээ баталгаажуулах, эдийн засгийн аливаа харилцаанд оролцоход өөрийн баталгааны тэмдэгтэй байх боломжийг бүрдүүлсэн.

– Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 652 малчин өрхөд 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.

Гуравдугаарт зорилтын хүрээнд:

– Малчдыг эрчимжсэн аж ахуй эрхлэхэд зориулан 218 тэрбум төгрөг, малын тэжээлийн хангамжийг сайжруулахад 3,5 тэрбум төгрөг, малчдын бүлгийг дэмжихэд 1,3 тэрбум, малчдын хоршоог дэмжихэд 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг тус тус үзүүлсэн.

– Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд малчдыг эрүүл мэндийн даатгалд бусад даатгуулагч нараас ялгамжтай, хөнгөлөлттэй үнээр хамруулж байна.

– Хүний хөгжил сангаас 1,2 тэрбум төгрөг зарцуулан төрөөс малчдыг 100 хувь эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан.

– “Малчдын явуулын амбулаторийн тусламж үйлчилгээ” арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт малчдын 60 хувийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд жилд нэг удаа хамруулж байна.

Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд малчдын хөдөөд ая тухтай амьдрах нөхцлийг бий болгох тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, малчдыг аж ахуй эрхлэх зохион байгуулалтын оновчтой бүтцэд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр малчдын ашиг, орлогыг нь нэмэгдүүлэх, улмаар орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан“Монгол мал” үндэсний хөтөлбөрийнхэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлье.

Монгол мал хөтөлбөрийг 5 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны буюу 2010-2015 оны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 222 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн эхний жилд мал аж ахуйн үйлдвэрлэлийн анхан шатны нэгж болох 330 суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг байгуулж, тэдгээрийг чадавхижуулахад онцгойлон анхаарч, малын нэгдсэн бүртгэлийн системийг хэрэгжүүлж эхэлсэн.

Түүнчлэн малчдын бэлтгэж, үндэсний үйлдвэрүүдэд тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд төрөөс мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг хэрэгжүүлж, 2011-2017 онуудад давхардсан тоогоор нийт 506,7 мянган малчин өрх, мал бүхий иргэнд 136,0 тэрбум төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс олгожээ.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 3 хувиас багагүй байхаар тооцож жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх”-ээр баталсан хэдий ч эдийн засгийн хүндрэл, улсын төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг олгож чадаагүй байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын дараахь асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

· Юуны өмнө саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан Малын эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гоц халдварт өвчний тархалтын хүрээ, давтамжийг эрс бууруулах,

· Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, нэгдмэл байдлаар удирдан зохион байгуулах, хяналттай байх, хариуцлага тооцох тогтолцоог шийдвэрлэх,

· Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жил ирэх тутамд доройтож байгаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах арга хэмжээг авах,

· Хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс эрчимжсэн мах, сүүний аж ахуй, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлэх,

· Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

· Мал аж ахуйн салбарын өнөөгийн бодит түвшин, цаашдын хөгжлийн гарцуудыг зөв тогтоох, тооноос чанарт шилжих асуудлыг шийдвэрлэх зорилгоор малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 2019 онд зохион байгуулж, үр дүнгийн тайланд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,

· Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах нэг гол хүчин зүйл болж байгаа хүйтний улирлын цаг агаарын урт хугацааны таамаглалыг оновчтой боловсруулан гаргах, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэлийн мэдээллийг малчдад хүртээмжтэй, шуурхай түгээх тогтолцоог улам сайжруулах,

· Малчдын залуу халааг бэлтгэх, хүн бүл муутай малчин өрхүүдэд туслах малчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар илгээж, өвөл, хаврын хүндрэлтэй цаг үед хүн хүчний туслалцаа дэмжлэг үзүүлж байх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахаар төлөвлөж байна. Эдгээр ажил зохих төвшинд явагдаж байгаа.

Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын эдийн засгийн төрөлжилтөд гол үүрэг гүйцэтгэх, монголын нийт ард иргэдийн хоолтой, ундтай, өмсөх хувцастай, 300,0 гаруй мянган хүнийг ажилтай, орлоготой болгож байгаа, Монгол улсын хөгжлийн тулгуур салбарын нэг юм.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Засгийн газрын бодлогод хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого ихээхэн чухал байр суурийг эзэлж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүйтэнд хөрч, зуны аагим халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг түүхий эдээр хангаж байгаа нийт малчиддаа талархалаа илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *