Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдэгдэл хийж
байна.
У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэнд хандаж, Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнөх дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхэд гарсан алдааг та бүхэн мэдэж байгаа. Энэ үйл явдал бол үнэхээр таагүй, хүнлэг бус үйл явдал болсон.
Тэр эмэгтэйгээс, ард иргэдээс тэр хариуцлагагүй үйл явдал гаргасан хүмүүсийн өмнөөс хүлцэл өчиж байна. Тиймээс Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.
Миний хувьд УОК, бүх шатны эрүүл мэндийн салбар, хууль хүчнийхэн, төрийн байгууллага, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан цар тахалтай тэмцэж байсан хүмүүст баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйд ямар байдлаар хариуцлагагүй хандаж байсныг бид харсан. Төр алдаа гаргавал хариуцлага хүлээдэг байх ёстой. Тэр эмэгтэйг өр өвдөм, сэтгэл шимшрэм байдалтай байсныг бид харж байна.
Энэ асуудлаас болж миний танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч ялагдлыг ч хамт үүрдэг. Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Энэ ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсэж байна.
Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал тэрийгээ үүрдэг байх ёстой. Ямар нэг алдааг, хариуцлагыг хамтаар үүрдэг хүүхэд байхаас олж авсан амьдралынхаа философийн хүрээнд Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна.
Гэвч миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргалаа.
Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна” гэлээ.