Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “2004 онд 7,716 жуулчин Хөвсгөл нууранд хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсөж, 90 мянга гаруй жуулчин очдог болсон байна. Түүнчлэн нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж ажиллаж, олон арван худалдаа үйлчилгээ явагдаж байна. Эдгээрээс олсон орлогоос айл өрх, аж ахуйн нэгжүүд маань амьжиргаагаа залгуулж, ажлын байр бий болгон, ашиг орлого олж, улсдаа татвар төлж байгаа нь нэн сайшаалтай боловч далай ээжийгээ хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, цэвэрлэх ажлыг хэр зэрэг хийж байгаадаа үнэлэлт, дүгнэлт өгч, дор бүрнээ нэгийг бодох шаардлагатай байна.
Далай ээжийгээ цэвэр цэмцгэр, ариун тунгалаг байлгаж, үр хойчдоо унаган төрхөөр нь хадгалан үлдээх нь та бидний эрхэм үүрэг” гэв.
Чуулганы эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.