Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатартай ярилцлаа.
-Уг нь монгол бөх бол монголчууд, монгол эрсийн цог заль, хийморийг бадраадаг сайхан салбар. Гэтэл МҮБХ-ны удирдлагын төлөө дархан аваргааасаа эхлүүлээд УИХ-ын гишүүд, яруу найрагч, бизнесмэн гээд л салбар салбарын хүмүүс олон жилийн турш хэрүүл тэмцэл хийж “Танайхан, манайхан”-даа тулж байгаа нь бөхийн хорхойтон, ард түмэнд таатай санагдахгүй байгаа бололтой?
-Бидэнд ч гэсэн таатай санагдахгүй байгаа. Нийгмийн сэтгэлзүйгээр тоглоом хийгээд, бөхчүүдийн дунд үл ойлголцол бий болгоод байх нь хэн нэгэн хүнд ашигтай байх шиг байна. Тэр үүднээсээ маргаантай байгаа юм шиг байдал харагдаад байгаа болохоос биш угаасаа энд маргаан байхгүй болчихсон юм. Өөрөөр хэлбэл аливаа маргааны эцсийн дүгнэлтийг шүүх л хийдэг. Монгол Улсын гурван шатны шүүхээр МҮБХ-ны маргаантай байгаа гэдэг зүйлийг аль хэдийнээ шийдчихсэн юм. Монголын шүүх энэ маргааныг нэг талд нь гаргаад тавьчихсан. Ингээд шийдчихээд байхад хэрэгжилт дээр нь асуудал гаргаад байна шүү дээ. Шийдвэрийг нь зориуд хэрэгжүүлэхгүй тийм байдал үүсгээд байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Би саяхан болсон явдлаас эхэлж ярья л даа. 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөн дээр дуулиантай юм болж TV5 телевизээр цацагдсан даа.
-Шүүхийн шийдвэрийнхэн МҮБХ-ны хаалгыг өшиглөлөө. Улсын гарьд Н.Ганбаатар нүцгэллээ гэдэг үйл явдлыг хэлж байна уу?
-Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас МҮБХ-нд шүүхийн шийдвэрийг танилцуулах ажиллагаа явагдсан. Тэр шийдвэр нь гуравдугаар сарын 24-нд хуралдах гээд байгаа VIII “Их эе” гэдэг чинь хууль бус, хууль бус гэдгийг нь нотолсон шүүгчийн захирамж тогтоол гарчихаад байна. Тийм учраас уг хурлыг хийж болохгүй гэсэн агуулгатай захирамж. Мөн МҮБХ-ны тамга тэмдгийг бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдорж гэдэг хүнийг ашиглахыг хориглосон шүүхийн шийдвэр. Ийм хоёр захирамж, шийдвэрийг танилцуулах гэж очсон. Хүлээж аваагүй. Сүүлд нь хаалга үүдийг нь эвдээд бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгийг танилцуулсан.
Гэтэл холбогдох байгууллага нь очиж ингэж танилцуулаад байхад олон түмэн харсан даа, дэд тэргүүн Д.Данзан “Наад шийдвэрийг чинь даваа гаригт авна аа. Наана нь авах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүтээ баасан гаригт нь мөнөөх шүүхийн шийдвэрээр хориглосон Их Эе гэх хурлаа хийчихсэн. Шүүхийн албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг санаатай, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж, Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж хурлаа хийж байна. Үүнийг олон нийт юу гэж харж байна вэ гэхээр энэ асуудал бас л маргаантай, шүүх нэг талд нь шийдээгүй юм байна гэж ойлгоод байна. Гэтэл шүүх аль хэдийнэ маргааныг эцэслээд цэгцэлчихсэн. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар гэхэд Цэцдийн зөвлөл гэх эрх зүйн чадамжгүй хурлыг хийж тэр нь орон даяар цацагдаж байна. Шүүхийн шийдвэрийг дахиад л зөрчлөө. Хуулийг үл хэрэгжүүлдэг эрх дархтай хүн гэж байх ёсгүй.
-Р.Нямдоржийн эсрэг талынхан, Л.Чинбатын хүмүүс гэхчлэн “цоллох” юм?
-Манай тал, танай тал гэж яримааргүй байгаа юм. Олон нийтэд хоёр тал болгож харагдуулаад байгаа нь хэдхэн хүний л тархи угаалт юм л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан албан ёсоор хуралдуулахгүй байх гэх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн хууль бусаар хуралдсан тэр хурлын талаар энд жаахан тодруулж ярих шаардлагатай байна.
Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид асуудлыг яаж шийдэв гэхээр “Хариуцагч Р.Нямдорж нэхэмжлэгч “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байгаа юм. Үүнийг гардуулах гэсэн чинь тийм эсэргүүцэлтэй тулсан. Бас нэг гол шийдвэр нь энэ байна (Харуулав.сурв). Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 20-ны захирамжаар “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын “Их эе”-ийн хурал зарласан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай агуулгатай байх тул уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй” гэж хариуцагч МҮБХ-нд даалгасан шийдвэр гаргасан. Энэ нь сая гуравдугаар сарын 24-нд болсон хурлыг хориглосон заалт байгаа байхгүй юу. Энэ хоёрыг л гардуулах гэж очсон хэрэг. Гардуулсан, хүлээн авсан. Тэгсэн мөртлөө хурлаа хийсэн.
-Тэгэхээр одоо сонгогдоод байгаа тэргүүн, хийгээд байгаа хурал нь хууль бус байх нь?
-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүүд мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд дурдсанаар Шүүхийн шийдвэрийг үл тоон тохуурхан хуралдсан хууль бус хурлаас гарсан шийдвэрийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхгүй байхыг даалгасан.
Тиймээс сая хуралдаж Б.Бат-Эрдэнийг сонгосон хурал, одоо (өчигдөр) хуралдаж байгаа Цэцдийн зөвлөлийн хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй гэсэн үг. Ингээд яриад эхлэхээр юм их нарийн хөвөрнө. Шүүхийн шийдвэр гарсан гэдгийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газраас албан ёсоор очиж гардуулаад байхад хүлээж авахгүй эсэргүүцсэн. Ингэж болох уу. Жирийн иргэн ингэсэн бол тэр дор нь гавлаад л авч явах байх. Төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагыг ингэж доромжилж болохгүй. Үүнийг тус газрынхан зүгээр орхиогүй. Дахин мэдэгдэл явуулсан. “Гуравдугаар сарын 24-нд хуралдуулсан байх тул уг хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээд бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдье” гэсэн. Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнэ тэргүүн болсон гэх мэт энэ хурлаас гарсан бүх шийдвэр хүчингүй. Тэгэхэд өнөөдөр яаж байна. Дахиад л шүүхийн шийдвэрийг дэвсэллээ.
-Цэцдийн зөвлөл хуралдаж байна.
-Яг одоо (өчигдөр) Цэцдийн зөвлөлийг хуралдуулж байна. Шүүхийн шийдвэрийг гардуулах үеэр танхайрсан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст зөрчил шалгуулах тухай хүсэлт гаргасан. “2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад иргэн Нямдоржийн Ганбаатар, хуулийн этгээдийн менежер гэх С.Гантөр нар нь шийдвэр гүйцэтгэгчид хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг урж, гадуур хувцсаа тайлж хэрүүл маргаан үүсгэн, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэн, хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Зөрчлийн хуулийн тодорхой заалтуудаар шалган шийдвэрлэхийг хүсье” гэж бичиг явуулсан байна. Мөн тус газраас “Иргэн Р.Нямдорж, Д.Данзан нар нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхгүйг гаргасан учир Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх”-ийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс хүссэн бичгээ явуулчихаад байгаа. Р. Нямдоржийн төрсөн дүү нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Одоо уг асуудалд хэрхэн хандахыг ард түмэн хараарай.
-Сая таны нэр дурдсан хүмүүс одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна?
-Шалгагдаад долоо, найм хонож байгаа. Тэгсэн хэрнээ өнөөдөр хурал хийгээд зогсоцгоож байна. Бидний хувьд маргаан яриад, хоёр тал болоод талцаад байгаа юм байхгүй. Тухайн үед маргаан байсан. Маргааныг Монгол Улсын гурван шатны шүүх аль хэдийнээ шийдчихсэн. Р.Нямдоржийн яриад байдаг “Би найман хүний илүү саналаар ялсан” гэдэг чинь аль дивангаравын үед буюу 2003 онд шүүхээр тогтоогдахгүй байна гээд шийдчихсэн зүйл. Хоёр тал шүүх дээр өөр өөрсдийн байр суурийг ярихад Р.Нямдорж бүр 2003 онд ярьж байсан юмаа одоо ч ярьсаар байгаа. Өөр ярих зүйл түүнд байхгүй л дээ. “Шүүхийн шийдвэр буруу. Тийм учраас би хэрэгжүүлэхгүй” гэж тэр байнга хэлдэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг иргэн хүн, нэг төрийн бус байгууллагын хүн ингэж дураар тайлбарлаж болохгүй. Тэр тусмаа өөрийгөө хуульч гэж ярьдаг Р. Нямдорж бүр болохгүй. Энэ чинь зориудын үйлдэл болоод явчихаж байна. Ийм танхай байж болдог юм уу.
Монгол Улсын төрийн байгууллага ажлаа хийж байна. Тухайлбал Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газраас байцаагчийн дүгнэлт гаргаад Р.Нямдоржийн хэрэглэж байсан, шүүхээр хүчингүй болсон, хууль бусаар ашиглаж байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгож шийдсэн.
-Хэзээ?
-Энэ сарын 3-нд. Мөн тэр өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр болгож хууль ёсны хурлаас сонгогдсон тэргүүний мэдээллийн баталгаажуулсан. Уг гэрчилгээн дээр Лхагва овогтой Чинбатыг тэргүүн болохыг Улсын бүртгэлийн байгууллага тодорхойлчихсон. Асуудал ингэж бүр шийдэгдчихсэн байгаа биз дээ.
-Хууль бус гэдгийг нь гурван шатны шүүхээр тогтоочихоод байхад хууль бус тэргүүн, хууль бус хурал болж, хууль бус тамга тэмдэг дарж байна гэх гээд байна уу, та?
-Энд нэг ноцтой юм байгаа юм. Хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Улсын Их Хурлын гишүүн ийм илэрхий, шүүхийн шийдвэрийн эсрэг хуралд оролцоод, хурлыг удирдаад, өөрөө Тэргүүнээр сонгогдчихоод явж байгаа нь анхаарал татаж байна. Наанаа нанжин хээтэй, цаанаа шалбааган хээтэй байж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэрээр хүчингүй гэсэн шүүгчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх бүхий байгууллага хүлээлгэн өгөөд байхад тэр нь ихээхэн дуулиан тарьж Шийдвэр гүйцэтгэлийнхэн хаалга үүдийг нь эвдээд шийдвэрээ өгч авалцах гэж бөөн асуудал үүсч түүнийг нь орон даяар харж байхад, Р.Нямдоржийн хүүхэд нь цамнаж хувийн хөрөнгөө хамгаалж байгаа юм шиг танхайрч байхад Б.Бат-Эрдэнэ түүнийг олж хараагүй, мэдээгүй байна гэж лав байхгүй. Монгол Улсад хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн, дөрвөн удаа сонгогдож Улсын ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан Б. Бат-Эрдэнэ ингэж увайгүй аашилна чинээ хэн бодох билээ. Гэтэл улайрсан бух шиг хөндөлсөөд л байгаа биз дээ. Үүний цаана ямар эрх ашиг байна вэ?
-Энэ маргаан их л эртнээс эхтэй дээ. Хэзээнээс эхэллээ дээ?
-Энэ чинь бүр 2002 онд МҮБХ-ны IV “Их эе” гэж болсон юм. Тэр хурлыг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга, Ерөнхий аудитороор сүүлд ажиллаж байсан А.Зангад, мөн миний бие гэсэн таван хүн хурлын Тэргүүлэгчээр ажилласан юм. Их Эе хуралдагаа раа хуралдсан. Харин сүүлийн ганц асуудал дээр будлиан гарсан. Тэр нь тэргүүнийг сонгох асуудал байсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Би хүртэл нэр дэвшчихсэн байсан. Нэгэнт ам нээснийх энд нэг зүйлийг хэлчихье. МҮБХ-ны тэргүүнд хэд хэдэн хүн нэр дэвшсэн юм. Намайг ас нэр дэвшүүлсэн байсан. Ингээд хурал завсарласан. Завсарлагаанаар Р.Нямдорж надаас гуйсан юм “Сүхбаатарыг сөрөг талынхан оруулаад ирлээ. Эд нар нэлээд санал авах юм байна. Чи бид өрсөлдвөл санал хуваагдаж Сүхбаатар гарч ирэх нь ээ. Чи нэрээ татчих” гэсэн. Би ч нэрээ татсан. Сүхбаатар, Нямдорж хоёр өрсөлдсөн. Тооллогын комиссын даргаар улсын заан Ж.Ганболд ажиллаж байсан. Тооллогын талаар маргаан гарсан юм. Тэгээд тооллогын комиссын тогтоолыг баталж чадаагүй юм. Ингээд хурал тарчихсан. Р.Нямдорж “Би найман хүний илүү саналаар ялсан. Тиймээс тэргүүнээр сонгогдсоныг минь тогтоож өгнө үү” гэж шүүхэд хандсан. Тэгээд гурван шатны шүүхээр явсан ч ялагдсан. Ингээд 2003 оны долдугаар сарын 1-нд Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээс тогтоол гаргасан. Үүнд Р.Нямдоржийн хүсэлт тогтоогдохгүй байна. Тиймээс МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар “Их эе”-ийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон. Зүй нь бол Цэцдийн зөвлөл Тэргүүнийг сонгох асуудлаар хуралдаад ээлжит бус “Их эе”-ээ зарлаад л тэргүүнээ сонгочих ёстой байсан. Р.Нямдорж Цэцдийн зөвлөлийг хуралдуулахгүй байсан. Явсаар байгаад 2014 онд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цэцдийн зөвлөлийг албадуулж хуралдуулж ээлжит бус Их эеийг хуралдуулах ажлын хэсгийг томилсон. Тэр ажлын хэсгийн ахлагчаар миний бие томилогдсон юм аа.
-Нэг маргаан бүхэл бүтэн арваад жил үргэлжилжээ?
-Энэ бол шуудхан хэлэхэд Р. Нямдорж, Д. Данзан хоёрын амьдрах арга. Шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, сая самарсан шиг маргаан үүсгээд л хаячихдаг. Түүнийг нь гурван шатны хурлаар шийдвэрлэх гээд гурван жил болчихдог. Түүнээс ч илүү удна. Энэ хэнд ашигтай вэ гэвэл Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдэд л ашигтай. Тухайлбал Шүүхийн шийдвэрээр албадаж хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурлыг бас л үймүүлэх гэж оролдсон. Тэр нь хэдэн жилийн ажил болсон. 2016 онд хуралдах гэсэн чинь бас хуралдуулахгүй, ирц бүрдүүлэхгүй дахиад л маргаан үүсгэсэн. Энэ мэт маргаан үүсгэсээр байгаад 2017 онтой золгочихож байгаа юм. 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр арайхийж “Их эе” хуралдаад тэр хурлаас Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон.
-Шүүх шийдвэрээ гаргачихлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг танилцуулчихлаа. Одоо хууль хяналтын байгууллагын дараагийн авах ажиллагаа юу байх юм. Одоо яах вэ?
-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Гэрчилгээ нь хүртэл бидэнд ирчихээд байна. Асуудал нэгэнт шийдэгдчихсэн. Хуучин тамга, гэрчилгээ хүчингүй болчихсон. Тэгээд ч хэрэглэхийг нь хориглосон шүүхийн шийдвэр гарчихсан. Бүгд л хуулийн дагуу шийдвэрлэгдсэн зүйл. Бид бол хуулийн дагуу л явж байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил л үлдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ажлаа хийх гэж үзэж байна. Хаалга үүдийг нь эвдэн байж орж шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Гэхдээ энэ бүхэнд нөлөө, дарамт байсаар байна. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулаад байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоотой байж гэх хардлага бодитой болж байх шиг байна.
-Та нар одоо юу хийх вэ?
-Шүүхийн шийдвэрийг харж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Үүнийг хэрэгжүүлэх л ёстой. Л.Чинбат бол МҮБХ-ны албан ёсны тэргүүн. Энэ хүнийг ажлаа хийх боломжийг нь хангаж өгөх ёстой. Элдэв гүтгэлэг дайралт тамтгаа алдлаа. Намайг бол яахав, юу ч гэж доромжилж гутааж болно. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэр цэвэр Л. Чинбатыг гутааж болохгүй. Алдас болно. Түүнд тамга тэмдгийг нь өгөхгүй хичнээн хугацаа өнгөрөв дөө. Даан ч хайран цаг хугацаа. Үүн дээр маргаан гараад удлаа. Одоо бол асуудал өөр болж байна. МҮБХ-ны тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдчихлоо.
Хэн нь хууль зөрчөөд байна вэ, хэн нь буруу зүйл хийгээд байна вэ гэдэг нь ил тод л харагдаж байгаа биз. Би өнөөдөр нэг юмыг хариуцлагатай хэлмээр байна, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрт. Р.Нямдорж өөрөө хуульч хүн. Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчинтэй гэж Үндсэн хуульд заачихсан байгаа. Дээд шүүхийн шийдвэрийг буруу гэж тайлбарлаад байгаа нь хуульч хүний хувьд хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Шууд хэлэхэд Р.Нямдоржийн ард Б.Бат-Эрдэнэ аварга ямагт байсан. Өнөөдөр харин Б.Бат-Эрдэнэ ил гарсан. Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн, дөрөв дэх удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн өнөөдөр хуулиа зөрчөөд явж байна. Тэр хүн дархан аварга цолоо хуулийн дархан аварга гэж андуураагүй байлтай. Хуулийн өмнө тэр бид хоёр адилхан эрхтэй иргэд. Шүүхээс энэ хурал чинь хууль бус шүү гэж нотлоод байхад хоёр ч удаа дахин дахин хурал хийж орон даяар цацаад байгаа нь энэ хоёр хүний арга барил нэг, алганы ар, өвөр шиг адилхан байна л гэсэн үг. Тийм учраас Р.Нямдоржийг Б.Бат-Эрдэнээр сольсон нь зөвхөн дээлээ л сольж байгаа юм. Тийм болохоор бодлого нь хэвээрээ, бүтэц нь хэвээрээ. Магадгүй тодорхой ашиг сонирхол, эдийн засаг, мөнгө санхүүгийн сүлжээ байхыг үгүйсгэх арга байхгүй. Бид хууль зүйн дагуу асуудлыг тавьж байна. Хууль асуудлыг шийдчихсэн. Харин тэдэнд нийгмийн сэтгэл зүйгээр багахан тоглоорой, юманд цаг хугацаа гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна.