“Монголын тулааны шилдэг тамирчид”-ын холбооны гүйцэтгэх захирал Ө.Гантөмөртэй ярилцлаа.
-“Мастер тулаанч” реалити шоуны шилдгүүд тун удахгүй тодрохоор болжээ. Энэхүү шоу нь хэзээнээс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн бэ?
-Манай холбоо “VTV”-тэй хамтран гуравдугаар сараас эхлэн Монголын хамгийн анхны холимог тулааны реалити шоуг хийж эхэлсэн. “Мастер тулаанч” шоу маань энэ сарын 4-нд Бөхийн өргөөнд шилдгээ шалгаруулахаар болоод байна. Тэр үдэш нийт зургаан тулаан болно. Нэг сар гаруйн хугацаанд гал гарсан ширүүн тулалдаанаас гарч ирсэн шилдгүүд маань аваргын төлөө тулалдах юм.
Ер нь бол энэхүү шоуны гол зорилго нь Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, Олон улсын хэмжээний мастер Б.Дамланпүрэв, Д.Батгэрэл гээд Монголд төдийгүй дэлхийд танигдсан тамирчдынхаа залгамж халааг гаргаж ирэхэд оршиж байгаа юм. Ямартаа ч дэлхийд өрсөлдөх монгол тамирчдыг төрүүлэх зорилготой шоу амжилттай үргэлжилж байгаад тун таатай байна.
-Нийт хичнээн тулаанч шилдгийн шилдэгт өрсөлдөж байгаа вэ?
-Шоуны сонгон шалгаруулалтад Монголын өнцөг булан бүрээс 120 тамирчин ирж оролцсон. Эдгээр тамирчдын хувьд холимог тулааны төрлөөр олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцож байгаагүй сонирхогч гэдгээрээ онцлог байсан. Харин эдгээр тамирчдаас эхний ээлжинд 20 залуу шалгарч үлдсэн юм. Ингээд хорин залууг хоёр багт хуваан бүтэн сарын турш бэлтгэл хийлгэн дахин тулалдуулсан байгаа. Ийнхүү одоогоор 12 тамирчин шилдгийн шилдэгт өрсөлдөхөөр үлдээд байна. Үүнээс холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний аварга төрөхөөс гадна, “Мастер тулаанч” реалити шоуны ялагч төрөх юм.
-Тулаанчид дэлхийн жишигт байх холимог тулааны дүрмээр өрсөлдөх үү. Эсвэл өөр дүрэмтэй юу?
-Хамгийн анх холимог тулаан нь дүрэмгүй зодоон гэх нэртэй байсан. Зэвсэг барихгүй л бол яаж ч зодолдох бүрэн боломжтой байсан юм. Бокс шиг тодорхой дүрэм зааж өгөөгүй гэсэн үг л дээ. Харин одоо бол холимог тулаан нь спорт болоод хөгжчихлөө. Тиймээс зохисгүй гэж хэлж болохуйц үйлдлүүдийг хориглосон. Тухайлбал, мөргөх, хазах, эмзэг эрхтэн рүү өшиглөх, уначихсан тохиолдолд өшиглөх гэх мэт үйлдлүүд үүнд багтаж байгаа. Харин бид үүн дээр нэмээд тохойдох, сөхөж өшиглөх, нүд рүү чичих зэргийг зөвшөөрөөгүй байгаа. Хэдий спорт болон хөгжиж, зарим зохисгүй үйлдлүүдийг хориглосон ч холимог тулаан нь тулааны оргил хэмээгддэг. Энэ тулааныг шимтэн үзэгч сонирхогчид улам олширч байна. Монголд ч сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа.
-Дараа жил “Мастер тулаанч” шоу дахин үргэлжлэх үү?
-Холбооны зүгээс төлөвлөсөн зүйл бий. Ямартаа ч энэхүү шоу маань миний төсөөлж байснаас илүү хандалттай байлаа. Мэдээж шоуныхаа үр дүнгээс шалтгаалаад дараа, дараагийн төлөвлөгөөнүүд цаашдаа үргэлжилнэ. Залуус маань ч маш идэвхтэй тууштай байгаад тун урам орж явна. Ер нь бол Монгол хүний дайчин чанар яг энэхүү тулааны урлагт илүү ажиглагддаг. Түүний жишээ бол эдгээр 120 залуус байлаа. Өмнө нь ринген дээр гарч үзээгүй мөртлөө маш зоригтой байсан. Хэн нь ч бууж өгөөгүй. Тэрхүү төмөр торон дотор орж тулалдана гэдэг сэтгэл зүйн хувьд маш том шалгуур байдаг. Тэр бүхнийг давна гэдэг амаргүй даваа л даа.
-“Монголын тулааны шилдэг тамирчид” холбоо ныхоо тухай яриач. Хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Манай холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсан юм. Холбооны зорилго нь бол маш энгийн. Учир нь манай тамирчид тухайн үед мэргэжлийн кикбоксын тулаанд багагүй оролцдог байлаа. Гэсэн ч төдийлөн амжилт үзүүлдэггүй байсан л даа. Мэдээж мэргэжлийн тамирчид очдоггүй байсан учраас тэр шүү дээ. Үүнийг гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг болон миний бие ажиглаж “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” гэж байгуулсан юм. Харин энэхүү холбооноос зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнээс төрөн гарсан шилдэг тамирчнаа гадны тэмцээнүүдэд оролцуулъя гэсэн зорилготой нэгдсэн юм. Энэ нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Мөн хэдий залуу холбоо ч гэсэн манайхаас хоёр гавьяат тамирчин төрсөн. Тодруулбал, холимог тулааны дэлхийн аварга Ж.Нарантунгалаг болон Хууль сахиулахын их сургуулийн багш Хаянхярваа нар юм.
“Монголын тулааны шилдэг тамирчид” холбоо маань 2009, 2010 онуудад кикбоксын аварга шалгаруулах тэмцээн зохиодог байсан бол улмаар холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг болсон л доо. Ингээд ес дэх удаагийн холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болчихоод байгаа нь энэ юм. Энэ жилийн тэмцээний хувьд реалити шоу хийж байгаагаараа болон аваргын бүстэй болсноороо онцлог байгаа.