Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

У.Дэлгэрхишиг: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна DNN.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишигтэй ярилцлаа.


-Монгол оронд ургадаг мансууруулах төрлийн ургамалд хэрхэн хараа хяналт тавьж ажилладаг вэ?

-Мансууруулах нөлөөтэй ургамлыг устгах ажил зургадугаар сараас эхэлдэг. Бүхэл бүтэн зуны турш хийгддэг. Монголд ургаж буй канабисын ургалтад хяналт тавих, устгах арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтарч канабисыг түүж, бэлтгэхээс урьдчилан сэргийлдэг. Энэ чиглэлээр аймгуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл рүү албан бичиг хүргүүлснээр тухайн аймгийн зөвлөл устгал хийх төсвийг төсөвлөдөг. Зарим газар канабис нь их хэмжээгээр ургадаг учир төсөв нь хангалттай хүрэлцдэггүй.

Устгалын арга хэмжээг зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо болон ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн оролцоо ч мөн бий.

-Яагаад зургадугаар сараас устгалын ажлыг эхлүүлдэг вэ?

-Энэ ургамлын ургах чадвар маш сайн. Канабис нь ямар ч хөрс голохгүй ургадаг ургамал. Үрээ хаяхаас нь өмнө устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жил дахиад л ургана шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан энэ төрлийн гэмт хэргийн бай болж байна уу?

-Таван жилийн хугацаанд 58 хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхэд холбогдох тохиолдол буурч байна. Учир нь урьдчилан сэргийлэх ажил ихээр зохион байгуулагдаж, эцэг эхчүүдэд мэдлэг мэдээлэл өгөх ажлыг эрчимтэй хийсэн. 2022 онд улсын хэмжээнд “Анзаар” хэмээх урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний дараа 116 тусгай дугаарын утсанд эцэг эхчүүдээс дуудлага ирэх нь нэмэгдсэн. Эцэг эхчүүд хар тамхины тухай мэдлэг, мэдээлэлтэй болсон болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна.

Эцэг эхчүүд өмнө нь хар тамхи хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийг сайн мэддэггүй байсан бол “Анзаар” аяны үр дүнд мэддэг болсон. Хамгийн энгийн жишээ гэвэл тариур зүүний мөр хүүхдийн гаранд байвал хар тамхи хэрэглэснийг мэдчихэж байна. Түүнчлэн хүүхэн хараа нь мэдэгдэхүйц томорчихсон байвал, ямар нэгэн сонин, үл мэдэх, муухай үнэр хүүхдээс нь үнэртвэл эцэг эхчүүд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн мэддэг болсон.

-Баячууд, мөнгөтэй айлын хүүхдүүд л ийм зүйл хэрэглэдэг, худалдан авдаг гэсэн хэвшмэл ойлголт өөрчлөгдсөн нь шүүхээр шийдвэрлэж буй хэргүүдээс харагдаж байна?

-Жил ирэх тусам гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа иргэдийн насны байдал улам залуужиж байгаа нь маш их анхаарал татаж байна.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын насны байдлыг авч үзэхэд 15-35 насны хүүхэд, залуучууд 91.2 хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.4 хувь нь эрэгтэй, 8.6 хувь нь эмэгтэй байна.

Нийгэмд хар тамхи, мансууруулах бодис гэхээр мөнгөтэй, баян айлын хүүхэд хэрэглэдэг гэх буруу ойлголтууд байдаг. Хүүхэд, залуучууд мансуурах зорилгоор хүн амын эмчилгээнд ашигладаг эмийг урвуулан ашиглах, ахуйн хэрэглээний зүйл, бүр цаашлаад манай оронд зэрлэг байдлаар ургаж буй мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлыг хүртэл түүж бэлтгэн мансуурах тохиолдлууд гарч байгаа нь нийгмийн ямар ч давхаргынхан өртөх эрсдэлтэйг харуулж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын боловсролын байдлаар авч үзвэл 61.2 хувь нь бүрэн дунд боловсролтой, 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн хараа хяналт тавих хэрэгтэй байна вэ?

-Зуны улиралд эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт багасдаг. Хүүхдээ хаана, хэнтэй юу хийж байгааг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй байна. Хүүхэд ямар ч зорилгогүй, хийх зүйл үгүй бол буруу зүйлд уруу татагдах эрсдэлтэй. Гадны оронд хүүхдийнхээ сонирхлынх нь дагуу дугуйлан, дамжаанд хамруулдаг. Яг түүнтэй адил эцэг эхчүүд хүүхдээ зуны улиралд сонирхлынх нь дагуу хөгжихөд тусалж дэмжих хэрэгтэй. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 80 гаруй хувь нь шөнийн цагаар үйлдэгддэг.

-Гэмт хэргийн илрүүлэлт сүүлийн жилүүдэд сайжирч байна?

-Нуугдмал байсан гэмт хэрэг илэрч байна гэсэн үг. 2021 оноос урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэх үед эцэг эхчүүд, багш нар хар тамхины тухай бүрэн ойлголтгүй байсан. Кинонд гардаг шиг нунтаг цагаан зүйлээр төсөөлөөд байдаг. Харин ахуйн хэрэглээний болон канабисны тухай тайлбарлаж өгөх үед л эцэг эхчүүд энэ зүйлсийн тухай мэдэх болж байна. 2022 онд эмийг зориулалтын бусаар мансуурах зорилгоор ашиглаж есөн иргэн амиа алдаж байсан. Харин урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд 2023 онд нэг ч иргэний амь нас хохироогүй.

-Хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын олны танил хүмүүс хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл болж байна. Өнгөрсөн зургадугаар сард баривчлагдсан этгээдүүд дунд ч олны танил хүмүүс байсан?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 онд батлагдсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13.1.2 дахь хэсэгт хуульчилсан.Зарим уран бүтээлчид дээрх хуулийг зөрчиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг сурталчилсан, уриалсан дуу, клип зэргийг өөрийн цахим хуудас болон цахим сүлжээнд байршуулж хүүхэд, залуучуудад буруу мэдээлэл өгөх, мэдээллийн төөрөгдөлд оруулах зэрэг зөрчлүүдийг гаргаж байна. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан уран бүтээл, цахим хуудас,сайтуудад хяналт тавих, илрүүлэх устгах, Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг авах зорилгоор жил бүр “Илэрц” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд энэ онд 59 мэдээллийг устгаж, хандах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч ажилласан.

Мөн хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэд олон нийтэд таниулах зорилгоор олны танил 81 хүнийг оролцуулсан “Цахим нөлөөлөл”-ийн аяныг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, найз нөхдийн хүрээллээ зөв сонгох, бусдын ятгалтад автахгүй байх, урлаг, спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх контентыг бүтээн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Иймд уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, та бүгдийн үйл хөдлөл, гаргаж буй уран бүтээлийг өсвөр насны хүүхэд залуучууд шууд даган дуурайдаг тул буруу зүйлд уриалсан уран бүтээл гаргахгүй байхыг уриалж байна.

-Энэ төрлийн бодис хэрэглэчихээд, эсвэл хэрэглэхийн тулд өөр гэмт хэрэг ч үйлдэж байгаа тохиолдол гарах боллоо. Тэгэхээр Монгол Улсад цагаан тахлын аюул нэгэнт ороод ирчихсэн, нэрвэгдчихсэн байна гэхэд хилсдэхгүй болов уу?

-Хар тамхинд эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюулт тахлаар нэг л удаа тоглосон бол тэр зүйл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар чинь бүрмөсөн тоглох болно гэдгийг ухаардаггүй нь харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *