Categories
мэдээ нийгэм

Ү.Батбаяр: Хямралыг боломж гэж харж байгаа

“Бест буйдан” компанийн ерөнхий захирал Ү.Батбаяртай ярилцлаа.

-Орчин үеийн буйдангийн загварын чиг хандлага хийгээд чанарыг эрхэмлэгчид зөвхөн “Бест буйдан”-г сонгодог болжээ. Таны энэ салбартай холбогдсон түүхээс эхлээд ушигчдадаа сонирхуулмаар байна?

-Ер нь бол миний багын мөрөөдөл гэж хэлж болно л доо. Хүүхэд байхаасаа л энэ салбартай ойр байсан. Архангай аймгийн Модны үйлдвэрийн хураалгаастай банзан дунд тоглож өссөн гэх үү дээ. За, тэгээд загварын дугуйланд суралцаж, сийлбэр сийлж, улмаар модон ор сийлдэг боллоо. Тэр үедээ модон орсийлж, тугалтай үнээгээр зарж, ээждээ өгөөд маш их баярлаж байсан үе бий. Тэр цагаас эхлээд тавилгын салбарыг яагаад хөгжүүлж болохгүй гэж боддог байв. Намайг бага байхад энэ салбар нэлээд хүчтэй байсан. Мод боловсруулах үйлдвэрүүд, модон завод, нэгдэл дундын үйлдвэрүүд. Мебель картоны үйлдвэр, Модны хоёр гээд сум суурин газар болгонд үйлдвэрлэл явагдаж байсан. Цаашлаад энэ маань өөрөө буйдангийн салбар руу орчихоор давхар ахуйн үйлчилгээний салбар болоод явчихаж байгаа юм. Зөвхөн мужаанаас гадна оёдлын салбар энд хөгжиж байна. “Бест буйдан”-гийн үүх түүхийн хувьд 1995 онд эхэлсэн “Дэнжийн мянга” зах дээрээс порлон худалдаж аваад л Эрдэнэтийн Хялгантад очоод буйдан хийгээд зараад л маш их урамшдаг байлаа. Тэгээд тэндээсээ цэрэгт мордсон л доо. Харин халагдахдаа олон хөлийн газар үлдье гэж шийдээд хотод суурьшихаар болсон. Ер нь хэцүү бүхнийг туулсан даа. Тухайн үед зарагдаж байсан буйдангуудаас ялгарахын тулд шинийг эрэлхийлдэг байлаа. Ингээд “Дэнжийн мянга” зах дээр хоёр сандалтай гарсан юм. Цагийн дараа нэг ах эгч хоёр ирээд “Энэ ямар хөөрхөн юм бэ” гээд миний сандлуудыг худалдаж авдаг юм байна. Дөнгөж таван мянгатын дэвсгэрт гарч байсан үе. Тэд дарайсан цоо шинэ таван мянгат тоолж өгч байсан нь надад маш том урам өгсөн. Тэр мөнгөөрөө автобусанд суухаар үрэгдчих гээд байсан болохоор “Дэнжийн мянга”-аас Шар хад хүртэл гүйж байсан нь одоо ч тод санагдаж байна. Хүний амьдралд мөнгө бол чухал биш юм байна, боловсрол хэрэгтэй гэдгийг ухаараад сурч эхэлсэн л дээ. Ингээд оюутан болсон ч буйдангаа хийх ажлыгорхиогүй. Найзуудтайгаа нийлээд буйдан хийгээд зах дээр гаргаад зарчихдаг байлаа. Нэг оюутаны хийсэн ор зах дээр гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд зарагддаг байсанд тавилга хийдэг хүмүүс их л дургүйцнэ ээ. Хамгийн гол нь би загварыг нь шинэчилдэг байсан болохоор хурдан борлогддог байсан юм. Оюутны амралтаараа шинэ загвар сэдээд тэрийгээ зах дээр гаргахаар хүмүүс төд удалгүй дуурайгаад л хийчихнэ. Одоо захаар орохоор тэр үед миний гаргаж ирсэн загварууд харагдаж л байдаг шүү(инээв).

-Ингэхэд буйндангийн зах зээлийн хэдэн хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж байна вэ?

-Хүн аятай тухтай орчинд амьдарснаар амжилтад хүрнэ гэж би хувьдаа боддог. Энэнөхцөлийг бүрдүүлж бий болгох боломжоо бид Хятадад алдчихсан. Буйдангийн нийт зах зээлий 97 хувь нь гадных байна. Үүнээс 60 хувь нь Хятадын буйдан, тавилга орж ирж байна гэсэн статистик мэдээлэл байгаа юм. Гэтэл гуравхан хувьд нь зөвхөн Монголын хэдэн компани үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Зарим компани Хятадаас оруулж ирсэн буйдангуудаа “Монголд үйлдвэрлэв” гээд зараад байгаа жишээ ч бий.

-Улсаас жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, дэмжинэ гэж байнга л ярих юм. Гэвч импортын бүтээгдэхүүн зах зээлд зонхилж л байна. Тэгвэл буйдангийн энэ салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой юм бол. Халуун тогоонд нь байгаа танаас л үүнийг асуумаар байна?

-Улс бол жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байнга ярьж, ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөж л байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр бол хамгийн гол ажлын байр бий болгож байдаг салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл. Япон орны хувьд 70 хувийг нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбар эзэлж байдаг. Ажиллах хүчнийх нь болоод хөгжлийнх нь тулгуур үзүүлэлт болдог. Тэдний хажууд манайд жижиг дунд үйлдвэрлэл үнэхээр инээдтэй байна л даа. Бас ч гэж нэг үе бодвол хийгээгүй биш хийж байгааг үгүйсгэж болохгүй. Энэ салбарыг маань хүмүүс саяхнаас л ярьж, дэмжиж эхэлж байна. Ер нь бол төр засаг гэхээс илүү хүмүүс дэмждэг болчихож. Тэгээд ч энэ салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь хэрэглэгчид. Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд дотоодын Бүтээгдэхүүнээ худалдаж авахад нөгөөх нь чанартай, шаардлага хангаж байх нь хамгаас чухал.

-Тэгэхээр үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь хэрэглэгчид дэмжлэг хангалттай биш байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Улс болон хэрэглэгчдийн зүгээс дэмжлэг байхгүй болохоор бид мянга мянган санаа, мянга мянган боломжийг зүгээр л булшлаад хаяж байгаа. Гэвч үндэсний үйлдвэрлэлийн нэрийн дор чанаргүй бүтээгдэхүүн олширч, хэрэглэгч өөрөө дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр тэртээ тэргүй хэрэглээ бол ямар нэгэнбайдлаар хангагдана. Гэхдээ яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй гэж. Өнөөдөр тэрийг голоод гоочлохдоо биш. Хэрэглээ нэмэгдэх тусам бүтээгдэхүүн сайжирч, энэ салбарын хөгжил бий болно. Манайхан уул уурхай гээд том том юм яриад байна л даа. Харин тавилга буйдангийн салбар уул уурхайгаас илүү хөгжиж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой. Жишээлбэл “Бест буйдан”-гийн хувьд арван жилийн өмнө үүсгэн байгуулагдахдаа таван ажилтантай л эхэлж байсан. Дунд нь шантрах, хаяж байсан үе бий. Ингэж явж байгаад зургаан жилийнөмнө 1.5 сая төгрөгтэй таван ажилтантай л эхэлж байсан. Өнөөдөр бид энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэснээр 160 ажилтантай, буйданг дэлхийн жишигт хүртэл нь үйлдвэрлэх бололцоо бий болчихоод байгаа.

-Технологийн шинэчлэл хэр зэрэг хийж байна вэ?

– Бид энэ жил томоохон үйлдвэр барилаа. Шугам дамжлага болгон дээр асуудал гарахааргүй стандартад, хүний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр судалгаа хийгээд явж байна. Тоног төхөөрөмжүүдийнхээ татан авалтыг ч хийчихсэн байгаа. ”Бест буйдан”-гийн хүсч, хүлээж байгаа зүйл бол энэ салбарын хөгжил хаана очих юм бэ, тэр хүртэл явна. Тиймээс аль болох хэрэглээндээ ойртсон шинэчлэлүүдийг хийгээд явж байгаа. Одоо юм болгоныг ухаалаг шийдэл гэж ярьдаг болсон байна шүү дээ. Тэгвэл бид ухаалаг шийдлүүдийг хийнэ. Ялангуяа орчин цагт орон сууцны талбай жижиг болсон. Бага талбайтай байрандаа хязгаарлагдчихаад амьдралын хэв маяг алдагдаад байна. Ийм бага талбайд ая тухтай амьдарч болох боломжтой тэр шийдлүүдийг бид хийнэ. Жишээлбэл, буйдан айлын гол хэрэглээ байтал дээр нь суугаад хоол идье гэтэл сэтгүүлийн ширээ намддаг. Тэгэхээр энэ ширээг өргөөд юм идэх, ажлаа хийхэд нурууны түвшинд байхаар шийдэл байна. Мөн ялгаагүй гал тогоондоо жижиг метр квадратад хоолоо хийгээд чөлөөтэй эргэх зайгүй байдаг. Тэгвэл тэнд гэр бүлээрээ суугаад хоолоо идэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хананаас ширээ нь гарч ирдэг байхаар. Мөн ор болдог буйдангийн тухайд хана нь өөрөө буугаад ирж болно. Дэлхийд нэвтэрсэн технлогиудыг монгол хүний сэтгэл, гарын ур, сэтгэмжээр бүтээх гэж байгаа. Манайх дэлхийн брэнд буйдангуудтай дүйцэхүйц буйдан үйлдвэрлэхийг зорьж байна. Монголчууд гэхээр яагаад Хятадын стильний түвэгтэй өнгөтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж. Манай компанийн хувьд хэрэглэгчийн хэрэглээнд дэвшил авчрах бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг.

-“Бест буйдан”-гийн загва­руудад ч гэсэн хувьсал гарах нь ээ.Ер нь танай компани буйдангуудынхаа загваруудыг яаж гаргадаг юм бэ?

-Ихэнхдээ загваруудаа бид өөрөө зохиодог. Эсвэл гадны томоохон сэтгүүлээссанаа авна. Одоо 40 гаруй төрлийн загвар үйлдвэрлэж байна. Тэрнээс 30 гаруй төрөл нь идэвхтэй хэрэглэгдэж байгаа. Орчин үед хүмүүс юу хүсч байна тэр бүгдийг л хийж байгаа. Монгол хүмүүсийн хэрэглээний онцлогт тохирсон шийдлүүдийг оруулж ирнэ. Цаашлаад бид өмнө арьс орлуулагчаар буйдангаа үйлдвэрлэдэг байсан бол одоо үйлдвэрийн буюу жинхэнэ арьсаар буйдангуудаа үйлдвэрлэнэ. Энэ нь хүмүүсийн хэрэглээнд очихоор үнэтэй байхгүй. Хэрэглэгчид очих үнэ нь хамгийн хямд байлгахыг хүсч байгаа. Монголчууд бол язгуурын хүмүүс. Яагаад арьсан буйдан дээр тухалж болохгүй гэж.

-“Бест буйдан”-гийн чанар дизайн дотооддоо аль хэдийнэ танигдсан. Тэгвэл гадаад зах зээлд гаргах тал дээр анхаарч байгаа юу?

-Орос руу экспортлох бодолтой байгаа. Чита, Улаан-Үүд, Казахстан, Якутаас манайд санал тавьж байсан. Мөн Солонгос руу гаргахаар судалж байгаа. Солонгос улс одоо Азийн орнуудаас бүтээгдэхүүнээ импортолж авч байгаа л даа.

-Эдийн засгийн хямрал танай салбарт хэрхэн нөлөөлж байна?

-Эдийн засгийн хямралыг боломж гэж харж байгаа.

-Яагаад?

-Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Хүмүүс хямраагүй байж, нэг нэгнийхээ амаар хямраад байх юм. Гадуур баяр ёслол нүсэр болж байна шүү дээ. Цагаан сарын баяр ямар өргөн дэлгэр болов. Шинэ кино, үзвэрийн нээлт болоход билет нь ч олдохгүй байна шүү дээ. Хямралыг боломж гэж харж байгаа гол шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

-Одоо “Бест буйдан” сардаа хэдий хэмжээний буйдан үйлдвэрлэж байна. Орон даяар өрнүүлдэг буйданжуулах аян хөдөө аймгийнхад маш их таашаагдсан. Энэ ажлаа өнөө жил үргэлжлүүлэх үү?

-Манайх сардаа 300 орчим буйдан үйлдвэрлэж байна. Баяр ёслолын үеэр 600-700 буйдан үйлдвэрлэдэг. Сая цагаан сараар захиалгад дарагдсан. Бидэнд үүнээс ч илүүг үйлдвэрлэх бололцоо, хүчин чадал байна. Улаанбаатар хотод хоёр салбар дэлгүүр ажиллаж байгаа. Өргөө кино театрын зүүн талд болон Эх нялхасын чанх ард байрлаж байна. Орон нутгийн гэрээт болон гэрээт бус борлуулагчидтай. Өнгөрсөн жил “Буйданжуулах аян” зохион байгуулж тодорхой хэмжээний дэвшил гарсан. Өнөө жилийн хувьдтөв газар гэлтгүй сум, суурин газруудад улам ойртъё гэж төлөвлөж байгаа. Тухайлбал, хөдөө гэрт амьдардаг хүмүүс, малчдадаа зориулсан буйдан хийнэ. Энэ нь монгол гэрийн дугуй хэлбэрийг хадгалсан буйдан байх юм. Гэрт буйдан тавихаар араар нь зай гараад, гэрийн зай эзлээд байдаг шүү дээ. Тэгвэл манай шинэ шийдлийн буйдан гэрийн тойрогт тохирсон байна.

Монголчуудыг анх буйдан хийнэ гэхэд чадахгүй гэсэн байдлаар ханддаг байсан үе бий. Гэхдээ өнөөдөр монголчууд юм хийж чаддаг гэдгийг манай хамт олон баталж чадсан гэж боддог, бахархдаг. Бидэнд цаашид хийхээр төлөвлөж, тэмүүлж байгаа маш олон мөрөөдөл, зорилго дүүрэн байна.

-Танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *