Categories
мэдээ спорт

Ө.Бат-орших, Э.Даш хоёр наадамд барилдана

Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарын бөхчүүд өнгөрсөн жил сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, заал болон наадмын барилдаанд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ.

Харин тэд энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх тэдний гомдлыг хэлэлцэж, улсын цолтой бөхчүүд ялалт байгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээхээр болсон талаар тэдний өмгөөлөгч Я.Батханд ярьжээ.

Тэрбээр “Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарын зүгээс барилдах эрхээ үндэслэлгүйгээр хоёр жилээр хасуулсан тул 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан. Шүүхэд хандсанаас хойш хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд Монгол Улсын шүүх хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, бөхчүүдийн /Ө.Бат-Орших, Э.Даш/ барилдах эрхийг үндэслэлгүйгээр хассан болохыг тогтоосон. Хоёрдугаарт, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Монгол Улсын начин Эрдэнэбатын Даш нарыг улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдуулахыг МҮБХ-нд даалгаж, цаашид уг бөхчүүдийн барилдах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан үйлдэл гаргахгүй байхыг даалгасан.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд нөгөө талд давж заалдах эрх бий. Харин хууль бус шийдвэр гаргасан МҮБХ-ны тэргүүлэгчид давж заалдаагүй учраас 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Одоо гарьд, начин хоёр маань барилдахад ямар ч асуудалгүй болсон” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *