Зохиолч Д.Наваансүрэн
Зохиолч Д.Наваансүрэн 1922 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Улаанбаатарт Намын дээд сургууль, Москвад Утга зохиолын дээд курс төгсжээ.
1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Нөхдийн ач”, “Ууланд болсон явдал” “Анхны хундага” зэрэг өгүүллэг, туужийн түүвэр “Минжийн хангай” роман бичжээ.
Мотор нь халсан машин аагчин мацсаар хадаг яндар, өнгийн даавууны өөдөс намирсан модтой чулуун овооны дэргэд ирж зогсов. Наранбулагийн даваан дээр гарч байгаа нь энэ. Өртөө гаран өгсүүлдэг энэ давааны адаг уужим цэлгэр бөгөөд тэнд зах нь үл үзэгдэх тариан тэнгис долгиолно. Ам өгсөх тутам нарийсч хяраа хүрэхэд машин зөрөх зайгүй болно. Давааны ар өвөр шигээ нүцгэн биш битүү ой модоор хучигджээ. Энд замын хажуугаас эхлэн хангай нутгийн мод бут, өвс ургамлын сорыг дээжлэн цуглуулсан мэт. Өндөр өтгөн, элбэг баян харагдана. Машин хөрөх чөлөөнд анх хөл тавьж байгаа энэ газар нутгийн гоо үзэсгэлэнг сонирхон нүд хужирлахаар буув. Мөнх ногоон нарс, гацуур, цагийн аясаар түмэн навчаа шаргалтуулан байгаа хус, улиас, үр жимс нь улайран навч мөчир нь хүрээ сор татан байгаа монос, нохойн хушуу, өрөл, долоолгоно, тэхийн шээг намрын тунгалаг өдрийн нарны хурц гэрэлд өнгө хослон атар нутгийн анхилам, цэнгэг агаар, өвс ногоо, жимсний үнэр гойд содон сэнгэнэнэ. Замаас гаран хэд алхтал анис жимс ширдэг шиг улайран арын шар төмсний хонх зайгүй үзэгдэнэ. Ой модоор хэрэг болгон бүтэн өдөр эрэхэд ганц нэгээс илүү олддоггүй шар төмс энд ингэж зайгүй ургасан байх гэж.. Энэ бүхнийг сонирхон гар сарвайхад л бэлэн жимснээс нэг хоёрыг түүж амтлан явтал хажуухан талд өвөө гэсэн эмэгтэй хүүхдийн цангинасан дуу гарав.
Мод бутны чөлөөгөөр тэр зүг харвал арваад насны охин сөхөрч суугаад нэг юм оролдож байгаа өвгөн дээр гүйж очоод миний зүг заан юм хэлж байна. Бодвол хүн явж байна гэж байгаа бололтой. Өвгөн мөн зүг өлийн харснаа ажлаа хийв. Жимс ид боловсорч байгаа цаг болохоор жимс түүж яваа улс байна гэж бодон тэдэн дээр явж очив. Шингэн цагаан сахалтай гав шавхийсэн өвгөн даавуун дээр дэлгэсэн буурцаг мэт атлаа зүрхэн хэлбэртэй жижиг хүрэн юмыг том жижгээр нь их л нямбай ялгаж сууна. Охин яг л тийм юм атга атгаар түүж ирээд ялгаагүй хэсэг дээр хийж байна. Амар мэндээ мэдэн хажууд нь суухад өвгөн хариу мэндэлсэн болоод юмаараа оролдоно. Тэр нэг л уцаар, бас зожиг юм шиг…
-За боль, боль гэж охиныг зандраад дэлгэж тавьсан юмаа хааш яайш боож ийш тийш нь шидэлж эхлэв. Өвгөн яагаад ингэж муухай аашилж байгааг хэрхэн мэдэх билээ.
Охин ч учрыг эс олон гайхан зогсоно. Бид хоёрын яриа нэг л эвт орж хөгжиж өгөхгүй нэлээд болов. Тэрээр нүдний булангаар намайг ажин бушуу далд ороосой гэх мэт байхад нь би бүр тухлан сууж хамт яваа нөхдөө дуудан машинаас савтай айраг, замын хүнсээ авчруулав. Өвгөн байж ядаж байна.
-Эр хүн эрээгүй нь дээр, айраг уу, юм ид өвгөн гуай гээд айраг аягалж өгөхөд өвгөн дурамжхан авч амсаад тавив.
-Яасан сайхан үзэсгэлэнт нутаг вэ. Энэ шар төмсний ургасныг хачин юм. Би хангайн хүн гэхдээ шар төмс ингэж нэг газар бөөнөөрөө ургасныг огт үзээгүй юм байна. Бас энэ аньс, нохойн хушуу, мойлыг хараа. Наран цэцэг шиг энэ чинь ямар гээч ургамал вэ? Ер урд үзээгүй ургамал байна. Зун цэцэглэхийг нь харах юмсан, ямар өнгийн сайхан цэцэг гардаг бол. Ёстой гайхаж баршгүй, үзэж ханашгүй сонин сайхан газар байна даа. Даруй дархалж хамгаалууштай газрын нэг байна гэхэд өвгөн энэ ер нь юу хэлэв гэх мэт нухацтай харснаа:
– Хэлдэг л үг гэж мушилзаад боож баглаж байсан юмаа хойш тавьснаар өвгөн бидний яриа хөгжиж эхлэв.
-Байгаль дэлхийг хар нүдний цөцгий шиг хайрлаж, түүний төлөө үг сонсвол сэтгэл нь сэргэж магнай нь тэнийдэг хүн ажээ. Өвгөний дүнсгэр царай бүрхэг тэнгэр цэлмэх мэт болж далан үрчлээст нүүрэнд нь мишээлт тодрон яриа нь нэмэгдэв. Өвгөнийг Түмэннаст гэнэ. Түмэннаст гуайнх энэ нутгийн унаган айл ажээ. Эднийх зунд давааны тулах эхэн дэх Наранбулаг хэмээх тунгалаг булгийн дэнжид зусаж амны дунд хэрд орших Хүүш хэмээх намхан уулын бэлд намаржин одоо тариан талбайн зах болсон Нөмрөг гэдэг жижиг толгойн өвөрт өвөлжсөөр өнөөг хүрчээ. Хүүш уулын бэлд чандмалсан гурван цагаан гэр байсан нь эднийхэн байжээ.
Түмэннаст гуай өнөө өглөө нарнаар ач охиноо дагуулан явган гарч хагас өртөө газар аялан энд ирж ажилдаа дөнгөж орж байсан юм байна.
-Та энэ сайхан газар нутаг, түүний гоо үзэсгэлэн, намтар домгоос ярьж өгнө үү гэхэд өвгөн юунаас эхлэх билээ гэсэн мэт хэсэг дуугүй байснаа ийн өгүүлрүүн:
-Энэ газрыг Наранбулаг гэдэг. Даваа, ар өвөр нь мөн тийм нэртэй. Урьд бол хойш урагш давах морин замтай байсан юм. Одоо ард нь атрын сангийн аж ахуй байгуулж их замын газар болжээ. Онцгой намтар домог гээд байх юм байхгүй, өнтэй өгөөжтэй сайхан нутаг. Та нарт өөрийн мэдэх нэг л зүйлийг цухас ярьж өгье. Би тэр үед энэ охин шиг л байсан байх. Манай өвөө наян тавныхаа найр хийсэн намар л юмсан. Аавыг нэг удаа анд явахад өдөр шөнөгүй харуулдан чих тавьж байгаад ирэхэд нь хүүхэд шиг гүйж очиж мориноос буугаагүй байхад нь чи өнөөхийг олж ирэв үү гэж яаран асуув. Аав гайхсанаа бүснийхээ үзүүрийг тайлан үрэл шиг хэдэн хүрэн юм гаргаж энэ мөн үү гэхэд өвөө тэр юмыг алган дээрээ тавин ажин харснаа мөн мөн, гялайлаа хүү минь. Зуу наслаарай гээд хадагт боож авсан юм. Тэгээд маргааш өглөө нь унтаагаар Түмэннаст аа, босоорой. Өвөөтэйгөө юманд явна гэв. Хаана хүрч юу хийхийг нь мэдсэнгүй дагаад л явлаа. Явсаар байгаад яг энэ ард ирлээ. Тэгснээ газар шинжиж яваа бололтой энд бол яах бол гэж үглэн явсаар тэр горхины цаад эрэгт арваад, дээхнэ талд наана нь арваад энэ дээд хонгорт хэд, давааны өврийн ширэнгэний захад бас хэдийг суулгаад буцлаа. Хавар цас ханзармагц нааш байн байн ирнэ. Нэг өдөр бид хоёр цуг ирж намар үр суулгасан газраа очвол судгийн баруун эргийнх соёолж байв. Өвөө, ургах нь ургаж байна. Хангай дэлхий минь гэж бөөн юм болов. Орой болтол өвөө маань түүнийг ажиглан явж өгөхгүй, арай гэж авч буцав.
Тэр зуны өврийнхөөс бусад газар тарьсан нь цөм ургасан. Нэг ирэхэд сайхан ягаан цэцэг гарсан байсан. Ингэж л манай энд цээнийн ягаан цэцэг анх ургасан юм даа. Өвөө бид хоёрыг үүр цүүрээр Наранбулагийн даваа өөд шогшиход айл саахалтынхан гайхаж зөнөг, тэнэг хоёр юу хийж гийгүүлэв гэж аав тоодоггүй байв. Ингээд анхны намраас өвөө надад цээнийн цэцгийн үрийг хэдийд авч яаж суулгадгийг зааж өгсөн. Дараа нь шар төмсний үр, ер нь ховор ургамлын үрийг түүж шинээр суулгаж ургуулах гэж намар нь хавар бид хоёр их л хөл болдогсон. Өвөөгөө дагаж явсаар байгаад байгаль дэлхийгээсээ холдож чадахаа байсан юм. Тэгээд өвөөгөө эсэн мэнд байхад, өөд болсноос нь хойш жил бүр намрын намарт зав гарсан хонуут өнжүүт энд ирж ховор өвс ургамлын үрийг түүж арилган, нэмэн суулгасаар нэг мэдэхэд Наранбулагийн ар маань цээнийн цэцэг, шар төмс, мойл энэ тэрээр элбэг газрын нэг болсон юм даа гээд Түмэннаст гуай айраг залгилав.
– Yр нь унаад өөрөө аяндаа бас ургана биз дээ Түмэннаст гуай?
-Ургах нь ч ургана. Гэхдээ удаан, арваас нэг л болов уу даа. Бас тэгээд оготно хулгана, жирх, хэрэм, шаазгай гээд энэ үрийг хөрсөн дор орохоос урьтаж гоочилдог амьтад мундахгүй гэв.
-Цээнийн цэцэг чинь ховор ургамлын нэг гэдэг байх аа. Эмчилгээнд хэрэглэдэг гэлцдэг гэхэд өвгөн тосон авч:
-Юу ч л гэсэн байгалийн дээд зэргийн чимэг дээ. Газар бүр ургах нь ургадаггүй байх аа. Гэлээ гээд баян хангайг ямар нэгжиж үзсэн биш. Манай энд л гэхэд тэр харагдаж байгаа хөх уул, эндээс сунгуу гурван өртөө гаруй зайтай уул даа. Олон уул, даваа, гол гаталж байж хүрдэг хир баргийн хүн очдоггүй аглаг уул. Тэр уулнаас өөр ууланд байхгүй. Тэр Хөшөөт уулнаас далаад жилийн тэртээ өвөөгийн минь захиасаар аавын авчирсан хэдэн үрнээс манай Наранбулагт ургасан юм.
-Эм танд ордог гэдэг нь гэдэг байх. Түүнийг нь ах нь сайн мэдэхгүй. Ер нь ний нуугүй хэлэхэд ярих баахан дургүй дээ. Дургүй ч юу байхав, сүйд хийчинэ гэж айхдаа амаа тас жимийсэн л байдаг юм. Манайхан чинь нэг л юм дуулбал дуу дуугаа авалцан шууран дайрдаг улс болж шүү дээ. Тийм хүмүүс хэцүү. Авдаг цаг хугацаа, хэрэглэх ёс журмыг мэдэж нарийн учрыг олохоосоо өмнө үр үндэсгүй болж устаж үгүй болохыг юмын чинээнд бодохгүй. Ганц тун хэрэгтэй бол ачааны машинаар ч авч байхаас сийхгүй хүн бий. Тэд үржүүлж төлжүүлэх, хайрлаж гамнахыг даанч юман чинээнд санадаггүй юм. Юмыг яаж мэдэх вэ, хамар дор хагархай юм заяасных гэж бурж байтал нэг мэдэх маань энэ хэдийг минь баллачих вий гэж зүрх шимшрэхдээ амаа тас жимийж явдаг юм. Манай эндхийнхэн бол өөрөө хэн ч дураараа ирж авахгүй шүү. Хэрэг болсон нэг нь над дээр ирж учир явдлаа хэлж би өөрөө авдаг өдөр нь ёс журмаар нь авч өгдөг юм. Та нарт хэрэг болбол ахдаа хэл өгүүлээрэй. Сэтгэл зовохгүй цаг гэж нэг ч алга. Энэ даваа мань их хөлийн газар болжээ. Улс хөгжиж эх орны өнцөг булан бүрт олон сайхан үйлдвэр, аж ахуй бий болоход баярлахгүй хүн хаана байх вэ. Гэлээ ч сэтгэл зовоож, уур хүргэх хүн гарах л юм. Энэ даваа ар өвөр аль аль талаасаа өртөө гаран өгсүүлдэг сүрхий өндөр болохоор машин заавал юм шиг халж орой дээр нь зогсоно. Тэгээд хэдэн хүн л сууж явна тэд цөм л хавар зун бол онцын хэрэггүй мөртөө цаанаа ховор живэр, үнэтэй цэнэтэйг эс анхааран дайралдсан цэцгийг багц багцаар таслан авч хаяна. Сайндаа гэр орондоо аваачиж усанд суулгаж үр жимс нь гарахгүй болж нэг мэдэхэд энэ газарт уг ургамал үгүй болно шүү дээ. Намар бол жимсийг авч байгаа нь энэ, дараа жилээ бодохгүй хамаа намаагүй мөчир гишүүг хугачина. Даанч хайран шүү. Та нарыг ирэхэд бас л тэгж сүйтгэдгийн өрөөсөн дугуй гэж уур хүрч байсан юм гээд өвгөн хангайн энэ ууланд жимс, цэцэг, мод бут тарьж төлжүүлэн байгаагаа бидэнд нэг нэгэнгүй зааж мод бут бүрийн дэргэд намтар түүхийг нь ярьж хагас өдөр болов. Хэсэг тэрэлжийн дэргэд зогсоод хавар намрын түрүүнд цэцэглэж энэ ойг чимж, агаар нь цэвэршүүлдэг бут даа. Энэ бут бас үгүй өөрийн түүхтэй эдээ. Тэрэлж гэдэг юм.
-Далийн цэцэгний …?
-Тийм ээ. Уг нь манай ард ургадаггүй байсан юм. Тээр жил дээ, Тэрэлжийн амралт анх нээгдэж байсан цаг юмсан. Би нэг намар тэнд хэд хоног амарсан юм. Тэгээд энэ бутны учир начирыг хүнээс дуулж баахан үр түүж ирээд суулгасан юм. Төлөөгүй ургасан хөөрхий. Хаврын хаварт таван сарын хорьдоос зургаан сарын эх хүртэл ид цэцэглэхэд ирж жаал суудаг юм. Манай нутгийнхан ч амралтаа хүртэл аваад л ирж суудаг болсон. Зарим сүржин нэг нь их даваадуулж өвчин бүрийг анагаадаг юм шиг ярьдаг юм байна билээ. Тэр нь ч юу юм бэ, ямар ч гэсэн зэгсэн амралт л болдог юм гээд цааш нарсан ой дундуур дагуулж явав. Энэ ой өндрөөсөө намсан намссаар тохой, сөөм болон шувтрав.
-Зориуд жил бүр үелэн тарьсан юм шиг ямар сонин ургасан нарс вэ? Та арай бас тарьдаг юм биш биз дээ гэхэд Түмэннаст гуай баярлан инээмсэглэж магнайныхаа хөлсийг алгаараа шувтраад…
-Тарьдаг юм. Хориод жилийн өмнөөс эхэлсэн юм. Анх тарьсан маань тэр одоо тав зургаа, зарим нь арван метр ч дөхөж байна. Жилд нэг эгнээ болгон зуун үр суулгадаг юм. Ноднингийнх энэ гэж сөөм төдий сөөсийж байгаа бяцхан нарсны дэргэд явган суугаад булбарай шилмүүсийг нь энхрийлэх мэт илэв.
– Энэ гацуурыг мөн тарьсан уу гэвэл:
-Гацуурыг тариагүй. Манай энд хаа очиж гацуур өөрөө сайн ургадаг юм. Хориод жилийн өмнө мөн жаахан монос тарьсан. Тэр байна гэж судаг даган ургасан моносыг заав. Ус, чийг, нар л байвал өөрөө төлөөгүй ургадаг юм. Харин вансэмбэрүүг л ургуулах гээд дийлэхгүй байна.
Нутаг газар л зохидоггүй юм байх. Хүр орхоодойг ч санаа байлаа. Даанч ховор юм. Тэр Хөшөөтийн нуруунд уг нь байдаг л гэдэг юм. Залуу тэнхээтэй байхдаа хоёр намар сар тэнээд хайрханыг олоогүй юм. Энэний маань хийх ажил болох байх гээд ач охиныхоо хонгор үсийг илж инээмсэглэв.
Өвөөгийнхөө захиа даалгаврыг хойч үедээ үлдээхээр ач охиндоо зааж, зурж, хэлж үзүүлж яваа минь энэ ухаантай юм. Миний ач овоо, одоо мэдэхгүй ургамал, түүний үр жимс, хэдийд гүйцдэг, хэдийд яаж авч хаана яаж тарьдаг, ер нь юм юмны нь гадарлах болсон байна. Миний хүү бас ч үгүй ургамал нэг бүрийг нарийн бүртгэлтэй болгож байгаа хүн. Энэ бид хоёр ер нь хавар зун, намар ихэнх цагаа энд л бардаг юм. Хэн хэнд маань зэгсэн амралт ч болдог.
Түмэннаст гуай нь ная гараад гэлдэрч байна. Эмгэг өвчин гэх юм байхгүй. Энэ ой мод, цэцэг, жимс, агаар улирал л өвөөг нь ингэж наслуулж, жаргуулж байгаа юм даа. Энэ газар нутаг бидний ач үрс үеийн үед аж төрөх өлгий болохоор хайрлах ч юмны нэг дээ. Цэцэг навч, өвс ургамал, мод бутыг ганц гэлгүй хайрлаж хямгадаж, үржүүлж төлжүүлж байхыг хичээ хүүхэд минь. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү. Эзэн хичээ гэдэг чинь хий, бүтээ, торд хямгад, сэтгэл зүрхээрээ хандаж, бие хайргүй зүтгэ л гэсэн үг шүү. Хүүхэд минь байгаль дэлхий ид сэргэн цэцэглэх зун цагт нэг ирээрэй. Сэтгэл сэргэнэ шүү гэж Түмэннаст гуай өгүүлэв.
Эх орны аглаг нэг хэсгийг зүрх сэтгэлээрээ хайрлан ариун цагаан хөдөлмөрөө тэнд шингээж үржүүлэн тордож цэцэглүүлэн байгаа буянт буурлаас салмааргүй, түүний дусал хөлсөө шингээсэн бут ургамал, мод бүрийг нь үзэж бахдаж сургамжит яриа, дуурайлалт ажлаас нь нэгээхнийг ч гэсэн сурч мэдэж авахсан гэж бодогдон аяны замыг хөөхдөө Түмэннаст гуай түүнийг залгамжлан авч байгаа ач охин Байгалмаа хоёрт сайн сайхныг хүсэн дахин баяртай уулзахын ерөөл дэвшүүлэв.