Ковид19-ийн улмаас Тяньжины худалдааны боомтод өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол Улсын импортын барааны 4000 чингэлэг 40-45 хоног сул зогсож байгаа талаар “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын үндсэн хоёр терминал чингэлэг хүлээн авах боломжгүй байдалтай болжээ. Түүнчлэн боомтод олон хоног ачаа бараа гацаж байгаагаас олон эрсдэл үүсэж байгаа талаар холбогдох байгууллага мэдээлсэн юм. Тодруулбал,
- Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох,
- Хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн хаягдах,
- Онцгой татварын шатлалын хязгаарлалттай, үйлдвэрлэсэн огноо бүхий хуучин автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос их болж буй учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,
- Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах зэрэг цөөнгүй эрсдэл бий болж байгаа аж.
Мөн БНХАУ-ын далайн тээвэрлэгч “Cosco Shipping Lines CO.,LTD” компани нөхцөл байдлаас үүдэн өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах зэргээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.