Categories
мэдээ нийгэм

Твиттер хөтлөгчдийн анхааралд

Манай сонины “Хэлэх эрхийн индэр” гэж булан бий. Энэ булангаар дамжуулж иргэд өөрсдийн үзэл бодлоо ямар нэгэн цензургүйгээр чөлөөтэй илэрхийлдэг. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд төдийгүй яам, агентлагийн дарга нарт үгээ дайж болно. Заавал төрийн албаныхан гэлтгүй найз нөхөд, ах дүү гээд ер хэнд ч болов үгээ хэлсээр дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулан үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүний тоо мянга хол давжээ. Цаана нь дахиад олон зуун хүний хүсэлт бий. Сониныхон дундаас ингэж уншигчдадаа зай, талбай гаргаж өгдөг газар магадгүй манайх ганцаараа байх. Тиймээс уншигчид боломжоо алдалгүй ашигладаг юм. Бас “Хэлэх эрхийн индэр”-ээр дамжуулсан үг бүр эзэндээ хүрдэг. Яагаад гэвэл манай сонин Монгол орны өнцөг булан бүрт хүрч байгаа. Ерөнхийлөгч ажлынхаа өрөөнд “Өдрийн сонин”-ы шинэхэн дугаарыг гарчиглаж байхтай зэрэгцэн малчны хотонд манай сонины хуудсыг эргүүлж байдаг юм. Тиймээс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн мэргэдээс эхлээд жирийн иргэд ч гэсэн “Хэлэх эрхийн индэр”-т хандаж байна. Бид энэхүү буланд оролцох хүмүүсийг сониныхоо “Асуух эрхийн танхим”-д хүлээж авдаг. Хүн асуух танхимтай, хэлэх индэртэй байна гэдэг ардчилсан нийгмийн хамгийн том давуу тал. Бид хэнээс ч хараат бус байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байвал ардчилсан нийгэмд амьдарч буйн баталгаа болно. Харин манай сониноор дамжуулан үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн хариуцлагыг бид хүлээдэг. Хоёр долоо хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Э.Алтанзаяа “Халуун тогоог хятадууд бодлогоор үйлдвэрлэж Монголд оруулж худалдаалаад байдаг юм биш биз” гэж ярьжээ. Харин үүнийг твиттерийнхэн шүүрч аваад янз бүрээр л бичиж байна. Гэхдээ ихэнх нь сөргөөр хүлээж авчээ. “Өдрийн сониныхон минь ийм зүйл ч бичих гэж дээ. Архийг монголчууд бас бодлогоор худалддаг гэх гээ юү. Энэ хүүхэн ийм гажиг юм бичив үү, эсхүл сэтгүүлч бичив үү. Өөр бичих сэдэв олдоогүй юм байх даа” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлжээ. Цахим ертөнц, тэр дундаа эрхэм твиттерчдийн дургүйг хүргэсэн бол уучлаарай. Бид “Хэлэх эрхийн индэр”-т үгээ хэлэхээр ирсэн уншигчдадаа нээлттэй байдаг. Ганц шаардлага бий. Тэр нь хүн муулахгүй байх. Аливаа нэгэн баримт нотолгоогүйгээр хэн нэгэн рүү дайрч давшилсан, элдэв муухайгаар хараасан зүйл нийтлэхийг бодлогоор хориглодог. Бусад нь нээлттэй. Тиймээс хүний хэлэх эрхээ эдэлж буй эрхэд жаахан соёлтой зангаар болгоомжтой хандаж баймаар байна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *