Өмнө зүгт Тангад улс байгааг
Өглөө болгон надад сануулж бай.
Чингис хаан,
Нууц товчоо
Далайн түвшнээс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй
учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцална, уулчдын
ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө
дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн. Химлайн ар тал дахь ийм өндөрт төвд хүн, сарлаг
хоёр л амьдраад байдаг нь хачин. Өндөр уулсыг үүл давж чаддаггүй учир төвдийн өндөрлөг
нэн хуурай, ургамал маш тарчиг. Төвдөд 15 сая сарлаг байдаг бол харьцуулахад мянган
жилийн өмнө тэндээс авчирч нутагшуулсан Памир, Алтай, Соёон, Хангайн нуруун дахь
нийт толгой нь ганц сая ч хүрдэггүй.
Лхас хот 3500 метрийн өндөрт, тэндээс холгүй дэлхийн хамгийн өндөрт
орших Намцо нуур бараг таван мянган метрт, үүнээс ч дээш зургаан мянган метрт зарим
малчин сарлагаа хариулаад явж байдаг гэсэн. Энэ хэцүү нөхцөлд хэдэн мянган жил амьдарсан
төвд хүний тэсвэр хатуужлыг шүтмүй. Хүчилтөрөгч багатай орчинд хүн амьтны улаан
бөөмийн тоо огцом өсөх ба үүнээс болж цус хэт өтгөрөн судсаар урсах нь удааширна.
Бидний хэдэн нөхөд өндрийг шууд мэдрэн толгой эргэх учир дөнгөж л мярайж хөдөлж
байлаа. Огцом хөдөлгөөнөөс болж толгой эргэх төдийгүй шууд л хамраас цус гоожно.
Агаар дутмаг орчинд тамхи татна гэж саналтгүй. Зочид буудалд ч, аяллын машинд ч
хэвтрийн үхлүүт өвчтөн шиг хамар руугаа хүчилтөрөгчийн гуурс шургуулж явав. Тэнд
гурван жил ажилласан хятад хүнээс энэ орчинд хэрхэн дассан тухай нь асуухад “Эхний
гурван сар үхэхээ шахсан, бараг л хэвтэрт байлаа, харин сүүлдээ дассан, гэхдээ төвд
хүний хажууд дасаагүйтэй адил” гэж хуучлав. Үнэхээр ч төвдүүд гүйлдээд л, тамхи
баагиулаад л сунаж мөргөөд л ер тоож байгаа шинж алга.
Хятад улс 2000 оны эхээр олон тэрбумын өртөгтэй хурдны галт тэргийн
төмөр замыг Төвдийн өндөрлөг рүү татжээ. Аялал жуулчлал хөгжин бөглүү нутгийн төвдүүдийн
амьдрал богино хугацаанд эрс дээшлэв. Үүнтэй зэрэгцээд хагас нээлттэй болсон төвдүүдийн
нүд нээгдсэн бололтой, Хятадын эсрэг бослого самуун дэгдэх болж, лам нар ээлж дараалан
зулын гол болох боллоо. Иймээс Төвдийг дахин цоожилж, гадаадын хүмүүст хаалттай
бүс болгов. Аялал жуулчлалыг дотоодынхондоо нээжээ. Хятадад ажилладаг гадаадынхан
болон, гадаадын хүндэт зочдыг нарийн хяналтын дор Төвдөд очиж юм үзэхийг зөвшөөрнө.
Жуулчдад үзүүлдэг гол юм нь урьд Төвдийн удирдлага байрлаж асан Ботала
ордон, мөн Гандан, Сэра, Бэрээвэн гэсэн гурван том хийд, мөргөлийн газар болох Баруун
Зуу юм. Уулан дээр барьсан тул урд талаасаа хоёр давхар нөгөө тал нь 13 давхар Ботала
ордон XVII зуунд баригдсан ба эдүгээ дэлхийн гайхамшигт уран барилгын нэгэнд тооцогддог.
Хятадын Соёлын хувьсгалын үеэр улаан хамгаалагчид эл ордныг нураах гэж дайрч байсан
ч Жоу Эньлай цэргээр хамгаалуулж байж бүтэн үлдээсэн гэдэг.
Ботала ордон бол бараг л тэр чигээрээ алт гэсэн үг. Далай лам нарыг
өөд болохоор нь алтан суварга босгодог уламжлалтай юм байна. VII Далай лам Галсанжамцын
суваргыг босгоход бараг дөрвөн тонн цэвэр алт оржээ. Хамгийн бага алт орсон суварга
нь XIII Далай ламынх ба түүнд ердөө найман зуухан кг алт орсон гэнэ. Тэнд алтан
бурхан ёстой үй түмээрээ. Бусад сүмд буй бурханы хэлбэрт орсон алтыг нэмэх юм бол
хэр баргийн улсын төв банкны нөөц үүнд хүрэхгүй байх. Төвд тусгаар тогтнох юм бол
энэ их алтныхаа нөөцөн дээр дороо хөл дээрээ босох байх аа. Ботала ордны өөдөөс
харсан асар том талбайг “Чөлөөлөлтийн” гэж нэрлэнэ. 1952 онд Хятадын Чөлөөлөх арми
Лхаст орж ирэн “чөлөөлсөнд” зориулсан юм байна. Энэ тухай илтгэсэн сүрлэг хөшөө
ч байна. Хятадын далбаа асар өндөрт мандан, хажууд нь буутай торгон цэрэг номхон
зогсоно. Ер нь Лхаст дүрэмт хувцастай, буутай, бодвол харуул биз цэргүүд элбэг үзэгдэх
юм билээ.
Энэ их алт мөнгө, эрдэнийн чулууг хаанаас цуглуулсан бэ гэж асуухад
“халхын буян” гэж төвдүүд хариулах юм билээ. Лхас дахь Баруун Зууд монголчууд гурван
зууны турш хамгийгаа ачин ирж мөргөдөг, даатгуулдаг байжээ. Монголоос Лхас орох
мөргөлийн хоёр зам байдгийн нэгнийх нь замд Утай, нөгөөгийнхөд нь Гүмбэн хэмээх
буяны өглөгийг нь дундалдаг хоёр хот бий. Эдгээр нь мөн л “халхын буянаар” боссон.
Чингис болон түүний удмынхан зууны турш бүхий л дэлхийгээс булаан авчирсан “дайны
олз” хэмээх асар их баялгийг үр удам нь гурван зууны турш эргэл мөргөл, “амь даатгал”-д
зориулан гадагш нь зөөчихсөн юм байна л даа. Ер нь монголчууд Лхас, Утай, Гүмбэн,
Бээжин, Дарамсала, Эрээн, Астрахан гээд олон газар хөрөнгө оруулан босгож ирсэн
ба одоо ч Улаан-Үд, Эрхүү хот болон Балбыг босгоход асар их хөрөнгө заран байдгийгаа
өгч байгаа. Харин өөртөө хөрөнгө оруулахыг тэвчдэггүй байсаар ирсэн, одоо ч гаднаас
хөрөнгө орж ирнэ гэвэл нэг нүдээр үздэггүй хэвээр.
Монголын хөрөнгө гадагшаа хий дэмий урсаад байгааг ажигласан То ван
XIX зууны дундуур одоогийн Дорнод аймагт томоохон эргэл мөргөлийн газар байгуулжээ.
Тэрээр сүсэгтнүүдийг хол явж мөргөл хийж байхаар эндээ ойр тэр зан үйлээ үйлдэж
бай хэмээн ихэд ятгажээ. Хэт олон ламтайг ч цөөлөх арга хэмжээ аван лам болохын
тулд шалгалт авдаг болсон байна. Харин үүнд нь дургүйцсэн шар хувалзнууд бослого
самуун гаргаж байсныг хожим МАХН-ын түүхэнд феодалын эсрэг тэмцсэн ядуу лам нарын
бослого гэж тайлбарласан байдаг. Британника тольд Чингисийн үеийнхнийг эс тооцвол
хожмын Монголоос хоёрхон хүний намтар орсон байдгийн нэг нь эдийн засагч, шинэчлэгч
хэмээн Тогтох ванг нэрлэсэн байдаг. Нөгөө нь математикч Мянгат л даа.
Төвдөд буддын шашин VII зууны
үед орж ирсэн гэж үздэг. Сажапа, нямапа, гармапа, гэлэгпа гээд олон урсгал дамжиж,
мөн өөрсдийнх нь уугуул бон хэмээх бөөгийн мөргөлтэй холилдсоор төвдийн буддизм
хэмээх ориг буддизмаас танигдахын аргагүй өөрчлөгдсөн цогц болон хөгжжээ. Урсгал
болгон биендээ дургүй, биенээ үгүйсгэдгээр барахгүй ихэд дайсагналцана. XV зууны эхээр шинээр төрсөн Зонховын шарын урсгал
түргэн зуур хүчирхэгжин тухайн цагт ноёлж асан улааны урсгалтай засгийн эрхийн төлөө
тэмцэлдэх болов.
III Далай лам Монголд айлчлан Алтан хантай уулзаж монголчуудыг шарын
шашинд орохыг ятгахын зэрэгцээ улааныхантай үзэлцэж буй тэмцэлдээ дэмжлэг хүссэн
байна. Ойрдуудтай зуун жил тэмцэлдсэн байнгын тулаан өрсөлдөөнд ядарсан, нас дээр
гарсан Алтан хан “Шарын шашныг авбал ойрдыг дарахад хэрэг болох байх” хэмээн уг
шашныг авахаар болж ирсэн айлчинд Далай лам хэмээх монгол цол олгожээ. Гэтэл тэр
дор нь Ойрдын Зая Бандид Намхайжамц шарын шашинд оржээ. Алтан хан бөөтэй торгууль
ярьж тэмцэж байсан бол Намхайжамц бөө нарыг бөөнөөр нь алж Ойрдод тэднийг үзэх мөргүй
болгов.
Нэгэнт шарынхан дайнч хүчирхэг монголчуудаас дэмжлэг аваад эхэлсэн
тул тэдэнтэй засаг булаацалдаж буй улааны шашныхан зүүн монголчуудыг уруу татаж
эхэллээ. Улааны шашин шарынхаас илүү хүчтэй хэмээн ухуулсаар Монголын сүүлчийн хаан
Лигдэн, Халхын хунтайж цоохор Цогт нарыг өөртөө элсүүлэв. Ийнхүү Төвдийн шашны хоёр
урсгалын тэмцэл нь монголчуудын хооронд томоохон дайн болон өргөжжээ. Ойрдууд болон
халхууд урагшаа мянган км явж Төвдийн өндөрлөгт очоод хоорондоо үхэх сэхэхээ үзэн
тулалдав. Өнгөн дээрээ шашны урсгалыг хамгаалан тэмцэж буй мэт харагдавч үнэндээ
төвдүүд Халх, Ойрдын зөрчлийг ашиглан хөөрөгдөж нэг урсгал нь нөгөөгөө дарж авсан
юм. Цогт ялагдсанаар нийт Монголд шарын шашин үнэмлэхүй ноёлсон билээ. Эндээс эхлэн
монголчууд байгаа болгоноо ачин Төвд рүү зөөх боллоо. Хэдий хэрийн их баялаг зөөж
буйг хожим Оросын эрдэмтэн Владимирцов тооцож үзэхэд толгой эргэм тоо гарсан байдаг.
Ойрдын Баатар хунтайж хүү Галдангаа Лхаст сургахаар явуулахдаа олон тэмээ алт мөнгө
эд бараа дагалдуулсан бол түүнтэй өрсөлдөгч Халхын Гомбодорж хүү Занабазараа мөн
сургахаар дутахгүй үнэт зүйл дагалдуулжээ. Ийнхүү Халх Ойрдын зөрчил Төвдийг баяжуулах
хэрэгсэл болов.
Манж нар 1644 онд Бээжинг эзэлснээр Хятад орныг эзэгнэн хүчирхэг
төр байгуулах нь тэр. Манж нарын дараагийн зорилго Халх, Ойрд болон мөн Төвдийг
өөртөө нэгтгэх явдал байлаа. Чухам энэ үед төвдүүд өөрт тусах аюулаас зайлахын тулд
Халх, Ойрдын зөрчлийг чадмаг ашиглаж эхлэх нь тэр. Тэд эхний ээлжинд Галданд бошгот
цол олгож хурцаллаа. Халх-Ойрдын Дөчин дөрөвний гэрээ буюу эвлэрлийн тохиролцоог
нураах гэж зүсэн зүйлийн явуулга хийх болжээ. Засагт хан Норов үхсэний дараа оронд
нь хэнийг суурь суулгах маргаан өрнөснийг түүхчид Галдангийн эсвэл Түшээт хан Чихундоржийн
буруу гэж мэтгэлцдэг. Үнэндээ энэ гал дээр тос асгасан нь төвдүүд болой. V Далай
лам нас барснаас хойш 18 жилийн турш үүнийг нууж нэрээр нь зарлиг, захидал гарган
Канси хаанд болон халх ойрдуудад илгээж байв. Тэд Канси хаан руу маш олон худал
хов илгээж манжийн жадны ирийг Монгол руу хандуулж байв. Ялангуяа Азид Манж Чин
гүрэнтэй дүйцэхүйц хүчирхэг Зүүнгарын хаант улс нь Хятадад байнга дарамт үзүүлдэг,
газар нутгаас нь булаацалддаг учир тэднийг Бээжинд янз бүрээр муучлан ховлохын зэрэгцээ
ойрдуудыг өөрсдийг нь магтан сайшаах, хөхиүлэн шагнах явуулга байнга хийж өгч байлаа.
Өсөрхүү Галдан нь Занабазар, Чихундорж нарыг манж нараас нэхэн “Би халх нарыг туулай
хөөсөн нохой шиг элдээд танай хэрмэнд очуулан оруулчихлаа. Зонховын шашныг хиртээсэн
хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай
ламын сэтгэл амар болох буйза” хэмээн Кансид захидал бичээд барахгүй болохоор нь
Далай ламаас манж нарыг ятгаж өгөхийг гуйхад төвдүүд “Гагцхүү хүсэх нь Түшээт хан
ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай” гэсэн захидал
Бээжинд илгээсэн байдаг.
Гэвч эцсийн бөлөгт Халх ч, Төвд ч, Ойрд ч Манж Чин гүрний эрхшээлд
ээлж дараалан орсон юм. Нарийн дээрээ яривал Халх, Ойрд буюу Гадаад Монгол нь Манж
Чин гүрний хятадуудаас тусгаарласан онцгой вассал район болж хамгаалалтад орсон
бол Төвд нь Хятадын ердийн автономит муж болжээ.
Хойд төвдүүдийг тангад гэдэг. Тангадууд Тан улсын дараахан одоогийн
Дорнод Хятадад Си Сяо буюу Тангадын хаант улс байгуулан хүчирхэгжиж байв. Чингис
хаан Алтан улсыг эрхшээсний дараа Тангад руу довтлон нийслэл Няншаг нь Хатан голын
усаар авахуулан буулгаж байсан. Тангадыг татвар төлдөг вассал улс болгоод орхисон
юм. Нэг үгэндээ эзлээд өөрийн болгоогүй гэсэн үг. Дараа нь Чингис хаан Хорезмтой
хэдэн жилийн хүнд тулаанд орсон. Тангадуудыг туслах цэрэг явуулахыг шаардахад цаадуул
нь “Тийм сүрхий жанжин юм бол биднээс цэрэг нэхээд байхдаа яахав дээ” хэмээн тавласан
төдийгүй татвар ч өгөхөө зогсоосон байна. “Өмнө зүгт Тангад улс байгааг
Өглөө болгон надад сануулж бай” хэмээн Чингис хэлжээ. Тэрээр
хамгийн сүүлчийн дайнаа Тангадтай хийн ялаад удалгүй тэр нутагт насан хутаг болов.
Хожим нь тангадууд Гүрбалжингоо хэмээх эмийг Чингисийн өвөрт хийж өгөөд хордуулж
алсан гэсэн худал домог зохион бүх Хятадаар нэг тараасан нь өдгөө ч түүхийн олон
бүтээлд үнэн баримт мэтээр бичигдсээр авай.
2015.8.17