Цаг үе үймж, дайн дажин болоход хүн гэдэг амьд үлдэхийг л хүсдэг. Хэцүү хүндхэн дайн дажинтай улс орны хүмүүс хэдэн мянга, хэдэн саяараа дүрвэж гэнэ гэж бид зөндөө л сонсдог болсон. Сири улс дайны өмнөх тооллогоор 22 сая гаруй хүн амтай гэж тоологдож байсан бол одоо 17.8 сая гэсэн тоон дүн гарсан байна лээ. Сирийн дайн улс төрийн хоригдлыг суллах, шинэчлэл хэрэгтэй байна гэсэн дотоодын тэмцлээр эхэлж, сүүлдээ Башар Асадыг унагах улс төр болж, энэ дотоодоосоо хальж, гадаадаас тусламж хүсч даамжирсан. Дайнаас болж олон сая хүн дүрвэсэн бөгөөд зарим нь улс дотроо нүүж, зарим нь гадаад руу дүрвэлээ. Арай гэж дүрвэж чадсан нь ойрын улс болох Иордан, Ливан, Туркийн хил дээр элсэн цөлд дүрвэгсдийн хуаран гэх майханд өдөр хоногийг өнгөрөөж байна. Зарим нь цааш Европыг зорьсоор. Сирийн дүрвэгсдийн цуваа өнөө ч үргэлжилж байгаа. Амь дүйн амар тайван амьдралыг эрэн яваа дүрвэгсдийн урт зам дардан байдаггүй. Тэд дэндүү олон саад бэрхшээлийг туулна. Энэ замаа дуусгаж чадахгүй нь олон. Аз таарч хүссэн газартаа хүрсэн ч цагаачлалын виз гарахыг хүлээж мөн л чамгүй хугацааг үднэ. Европ тэр чигээрээ цагаачдыг хүлээж авахад нааштай хандсан юм биш. Зарим улс орон авахгүй гэж зарим нь авна гэж маргасан. Зарим улс эдийн засгийн хүнд ачаа гэж үзсэн. Мөн иргэд нь дургүйцэж жагсаал цуглаандаа хүрсэн. Герман улс дүрвэгсдэд нааштай хандаж хэт олноор нь хүлээж авснаар канцлер Меркель хэл аманд ороод байгаа шүү дээ.
Хүнд бэрх амьдрал, дайн дажин л хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэдгийг Сирийн жишээ бэлхнээ харуулж байгаа. Түүнээс биш өөрийн босгосон амьдрал эх орноо нэг л өдөр орхиж явмаар санагдаад л яваад өгчихдөг юм биш. Тэр тусмаа амь насаа эрсдэлд оруулан байж, эх орон элгэн саднаа орхиж хүний нутагт амьдрахаар явна гэж юу байхав. Арга ядахдаа л тэд ийм замыг сонгосон. Тэдний зам ямар адармаатай байсан тухай бид байсхийгээд л дэлхийн мэдээллийн сувгуудаас олж хардаг. Дөрөвхөн настай Сири хүүгийн далайн эрэгт амиа алдсан аймшигт дүр зураг сэтгэл өвтгөж, Унгар, Сербийн хилийн орчим цагдаа хилийн хамгаалалтыг сэтлэн ам өрсөн хилийн зурвас давахаар гүйж яваа дүрвэгсдийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйд гурван жилийн тэнсэн харгалзах ял саяхан оноосон байна лээ.
Хаа холын Сирийн дүрвэгсэд иймэрхүү бол Монголын жишээг авъя. 1930-аад онд цаг төр үймэхэд Монголоос Өмнөд Монгол руу 600 гаруй айл дүрвэн гарсан байдаг. Тэднээс 502 өрх айл эх орондоо буцаж иржээ. Яг тэр үеийн амьд гэрчүүд цөөхөн үлдэж. Тэдний нэг 86 настай Гэлэгжамц дүрвэж явсан үеийнхээ тухай хачин сонин түүхийг манай сэтгүүлч Л.Батцэнгэлд ярьсан нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн олон айл харгислалаас болж Хятадын Шинжан нутагт, мөн зүүн хилээр Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар тэргүүлүүлсэн Түшээ гүнийхэн мөн л Өмнөд Монголд цагаачлан амьдарч. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав дүрвэсэн халхуудтай уулзан ингэж тархай бутархай зовж явснаас гээд нэгтгэн бөөгнүүлж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Сүүлдээ Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдаж. Гэхдээ л тэд дүрвэснээрээ ямар ч байсан амьд үлдэж. Үр хойч нь амьд сэрүүн өдгөө байна. Гучаад мянган ламыг цаазалсан 1937 оны их хэлмэгдүүлэлтийг санахуйяа хэрэв тэд дээрх хүмүүс шиг хаа нэгтээ дүрвэн гарсан бол өдийд Америкт бүхэл бүтэн Монгол таун үүсчихсэн ч байх байсан юм бил үү. Монгол угсаатай баахан хүмүүс дэлхийн хаа нэгтээ амьдарч явах байж. Дүрвэгсэд гэдэг бол амьд явахын төлөө, амьдрахын төлөө амар тайван амьдрал эрж бэдэрсэн хүмүүс. Гэснээс энэ сонин түүхийг сонсох нь ээ дүрвэгсдийг битгий нутгаасаа яваач гэж ухуулан сэнхрүүлж явсан Түвдэнгийн Бор хэмээх түүхт эмэгтэйн тухай санаанд буув. Тэр олон хүнийг дүрвэхийг болиулаагүй бол… Тэр тэгж тэмцэж гүйгээгүй бол гэсэн бодол хөвөрнө. Хэдэн монгол хүн амьд байхсан бол. Тугийн цохион дээрээс баатарлагаар амиа алдсан гэх тэр хорь хүрээгүй залуу бүсгүйн тухай дуу хүртэл байдаг шүү дээ.
Тугийн цохион дээрээс
Тугийн зэв шиг эгцээрээ
Арван наймтай бүсгүй
Алтан нар луу үсэрсэн юм …..
Хувьсгалын залуу шувуу
Хурмаст тэнгэрт ниссэн юм
Хайртай эх орон нь түүндээ
Хатан жигүүр өгсөн юм гээд л нэгэн үеийнхэн дуулж, сонсч өссөн байна шүү дээ. Дүрвүүлэхгүй гэж тэмцсэн гэх түүнд баатар цол олгосон бол дүрвэгчдийг дэгээдэж унагасан эмэгтэй орчин үед ял сонсч байна.
Ямартай ч Түвдэнгийн Бор хэмээх нэгэн бүсгүй байж. Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 1913 онд төрж, мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газарт түр сургуульд орж, 17 насандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга болж, 1932 онд үймээн самуунаас дайжин дүрвэхээр зэхэж байсан ард иргэдийг ухуулан сэнхрүүлж явсан гэж түүний тухай бичсэнийг уншсан. Энэ бүсгүйг хувьсгалын эсэргүү нар Тугийн цохио гэх өндөр цавчим хадан цохион дээрээс буудаж хороосон гэж бичигдэн үлджээ. 1971 онд түүнийг Улсын баатар цолоор нэхэн шагнасан. Шинэ эргэлтийн бодлого гээчийг хэрэгжүүлж яваад Тугийн цохио хэмээх газар амь эрсэдсэн гэх Түвдэнгийн Бор хэмээх энэ бүсгүй маань одоо цагийн өндөрлөгөөс харахад буруутаж байгаа юм биш биз. Яг жинхэнэ баатар мөн үү, үзэл суртлын баатар уу. Социализмын үеийн залуус бол Т.Борын тухай дууг сонсч бахархаад л түүн шиг хүн болохсон гэж мөрөөдлөөр жигүүрлэж байсан тухайгаа хуучилдаг. Ардчиллын үеийнхэн харин хөрөнгөтэй хүмүүсийн эсрэг талд зогсч, дүрвэгсдийг явуулахгүй гэж байсныг юу гэж үзэхэв. Одоо учир мэдэх хүмүүсээс сонсч, үзэл сурталжаагүй гадны хэвлэл энэ тэрээс харах нь ээ, хэдэн учир мэдэхгүй 18, 19-тэй хүүхдүүдийг үсийг нь тайрч, хувцсыг нь солиод таван хошуутай малгай өмсгөөд тухайн үеийн хөрөнгөтэй улсуудыг “Нударган баян, лам нарыг шар хувалзууд. Эд бол ангийн дайсан” гэж ойлгуулаад л “сумлаад” явуулчихсан юм шиг байгаа юм. Нэг ёсондоо шинэ эргэлтийн бодлого гээч Сталины бодлогоор манай төр засгийн удирдлагууд үндэсний хөрөнгөтөн, оюун санааны удирдагчдыг бичиг үсэгт төдийлөн суралцаагүй жаахан залуусын тархийг угаагаад л эсрэг нь босгосон юм шиг байгаа юм. Хөвсгөлийн Бадам баатар ч үүнд хамаарах байх. Яг л Т.Бор шиг хувьсгалын эсэргүү нартай тэмцэж, үзэж тарсан гэдэг.
Бид одоо үзэл суртлын баатар, жинхэнэ баатраа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж. Бидэнд баатар гэж ойлгуулсан тэр хүмүүс үнэхээр баатар байсан уу, үзэл сурталжсан домгийн баатрууд уу. Барууны ном хэвлэлд манай түүхийн талаар бичихдээ Д.Сүхбаатарыг Данзангийн бие хамгаалагч, Чойбалсанг Бодоогийн дүү гэж л зурвас дурдсанаас биш гол баатрууд нь Данзан, Бодоо, Шагдаржав гэж бичсэн байх юм билээ. Гучаад оноос хойш харин энэ баатруудын нэрс эсрэгээрээ дурдагдах болсон шүү дээ, Монголын түүхэнд.
Тиймээс түүхээ үнэн болгомоор байна. Түвдэнгийн Бор маань зөвдсөн үү, буруутсан уу, үнэхээр баатарлаг үйлстэн мөн үү, эсвэл… Энэ бүхний үнэнийг нэг тийш нь болгоё.